АН хэрүүл өрнүүлж, МАН ажил ярив

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

МАН: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД АУДИТ ОРУУЛНА

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр (2023.01.09) болж гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, МАН-ын бүлгийн дэд даргыг томилох талаар хэлэлцэж, Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилсон байна. Хоёрдугаарт, Хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-ын дэд дарга болсонтой холбоотойгоор байнгын хорооны даргад нэр дэвшигчийг хэлэлцсэн. Гуравдугаарт, нууцад хамаарсан гэрээгээр баригдсан төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцсэн байна.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Урьд өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар сонгогдож, Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд болсон. Ийнхүү бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюун­чимэг, Ж.Батжаргал нарыг сонгосон. Мөн Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Энх­баярыг нэр дэвшүүлэх тухай асуудлыг бүлгээр хэлэлцэж, дэмжсэн.

Гуравдугаарт, нууцад хамаарах гэрээний санхүүжилт, үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Зүүнбаянгийн төмөр зам, Гашуунсухайт, Богдхан төмөр зам гээд төмөр замууд баригдаж байгаа. Эдгээрийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлыг харгалзаж гурван үндсэн чиглэлийг өгсөн. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд олон улсын аудит оруулах. Мөн төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах чиглэл өгсөн. Үүнээс гадна Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоож үнийг бууруулах чиглэлийн арга хэмжээ авахыг Засгийн газар болон Зам тээврийн сайдад чиглэл болгож байна” гэлээ. Яг энэ мөчид нүүрсний хулгай болон төмөр замын луйвар ярьж байна. Тэгэхээр төмөр замаа давхар шалгаад явах нь зөв гэж үзсэн бололтой. 

 

АН: МАН-ЫНХАН МАНАЙ НАМААС ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, дараах шийдвэрийг танилцуулсан. Ингэхдээ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ ямар асуудлуудыг шийдэх ёстой байсан бэ. Намрын чуулганаар гол хуулиуд, бодлогыг эрх баригчид боловсруулж чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах шийдэл гарсангүй. Нийгмийн даатгалыг багц хууль, тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж чадсангүй. Үндсэндээ энэ бүхний буруутан нь Үндсэн хууль юм шиг болж байна. Манай бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй. Бид намын эв нэгдэлтэй холбоотойгоор 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр Ардчилсан намын Үндсэний бодлогын хорооны хурлыг зарлаж байна. Бүх асуудлыг нээлттэй ярилцах боломжтой. Эв нэгдлийн асуудлаа шийднэ. Манайхан эв зүйгээ ололцож чадсангүй. Ардчилсан намын бүлгээс зохион байгуулах гэж байгаа хурлыг ирэх Баасан гаригт өргөн хүрээтэй, хууль шүүхийн маргаангүй зохион байгуулна. Үндсэний бодлогын хорооны хуралд 300 орчим гишүүн оролцоно. Х.Баттулгыг дэмжигч гишүүд ч ирж, оролцохыг урьж байна.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Намын бүлгээс Их эвлэрэлийн ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар намайг томилсон. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маргалдагч талуудтай уулзаж, ярилцсан. Ажлын хэсгийн 39 гишүүний 70 хувийн оролцоотой дөрвөн удаагийн хурал хийсэн. С.Эрдэнийг дагаж буй 100 орчим гишүүд бий. Тэр бүх хүмүүс хуралд биеэр ирж оролцоно уу. Энэ хуралд намын маргалдагч талуудын ихэнх нь ирнэ. Намын дарга байхгүй байгаа. Нэг л намын нэгдлээр удирдах бүрэлдэхүүн 300 орчим гишүүн хуралдахаа илэрхийлээд байна.  Бид хамтдаа намын даргад нэр дэвшигчдийн журмаа хэлэлцэж, их хурлаараа сонгон батламжилна” гэлээ. 

Харин Б.Пүрэвдорж гишүүн “Х.Баттулга манай намын гурван гишүүнийг өөр санал өгүүлж, авч үлдсэн. Ингэснээр Ардчилсан намыг сонгуулийн ялагдалд хүргэсэн” гэсэн юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.71.111) 2023 оны 01 сарын 10

МАН ын ярьдаг ажил гэж юу байхав, хоосон амлалт, худлаа жүжиг 30 гаран жил үзлээ. АН ын хэрүүл маргаан, хуваагдалаас залхаж байна. Энэ 2 эрүүгийн бүлэглэлийг арчих цаг ирж монголчууд минь.

0  |  1
Top