Д.Өнөрбат: Агаарын чанарын 18 харуул тасралтгүй ажилладаг

2023 оны 01 сарын 11

ЦУОШГ-ын Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Өнөрбаттай ярилцлаа.


-Нийслэлийн иргэд толгой өвдөж, амьсгал боогдож ханиалгах боллоо. Шахмал түлш, хүхэрлэг хийн сөрөг нөлөө байх шиг байна гэсэн санал, шүүмж хэлж байна. Тиймээс шинэ он гарсаар агаарын чанар ямар үзүүлэлттэй байгааг тодруулъя?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын шинжилгээг байнга хийж, долоо хоног тутам, сарын болон жилийн тойм мэдээ хэлбэрээр гаргадаг. Мөн "tsag-agaar.mn" болон "Agaar.mn" цахим сайтуудаар тогтмол мэдээлдэг. Хамгийн сүүлийн байдлаар гэвэл, Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн буюу 2023 оны нэгдүгээр сарын 2-8-ны байдлаар агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 10 болон PM 2.5 тоосонцор, СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/, озон гэсэн зургаан бодисоор өмнөх оны мөн үетэй харьцуулж агаарын чанарын үзүүлэлтийг гаргасан.

Жишээлбэл, хүхэрлэг хийн хувьд 2022 онд долоо хоногийн дундаж агууламж 171 мкг байсан бол 2023 онд 174 мкг буюу ойролцоо түвшинд гарсан байна. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2023 онд 572 мкг буюу агаарын чанарын стандартаас Зурагт орчимд 11.4 дахин өссөн байна. Азотын давхар исэлийн хувьд долоо хоногийн дундаж агууламж  2023 онд өмнөх оны мөн үетэй ижил түвшинд буюу 72 мкг гарсан байна. 24 цагийн дундаж, хамгийн их агууламж өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй, 193 мкг буюу нийслэлийн I хороолол орчим агаарын чанарын стандартаас 3.8 дахин их байсан байна. РМ 10 тоосонцорын хувьд долоо хоногийн дундаж агууламж өнгөрсөн оны мөн үеийнхээс бага зэрэг багассан үзүүлэлттэй. Хамгийн их агууламж буюу 24 цагийн дундаж нь 2022 онд 363 мкг байсан бол 2023 онд 607 мкг буюу Баянхошуу орчим агаарын чанарын стандартаас зургаа дахин их байсан. Нэлээн өссөн үзүүлэлттэй гарсан. РМ 2.5 тоосонцорын долоо хоногийн дундаж агууламж 2022 онд 132 мкг, 2023 онд 115 мкг болж багассан үзүүлэлттэй. 24 цагийн дундаж агууламж 2023 онд 260 мкг буюу мөн багассан үзүүлэлттэй байна. Харин агаарын чанарын стандартаас Хайлааст орчим 5.2 дахин их байсан байна.

-Нүүрстөрөгчийн дутуу ислийн хувь хэмжээ ямар байв?

-Нүүрстөрөгчийн дутуу ислийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо түвшинд гарсан. Хамгийн их агууламж нь Толгойт орчимд 1.6 дахин их гарсан.  Харин озоны агууламж агаарын чанарын стандартаас давсан тохиолдол байхгүй байна.

-Агаарын чанарын хими шинжилгээний мэдээн дээр цаг уурын үзүүлэлт, агаарын дундаж температур, салхины хурд, хур тундасны хэмжээ гаргадаг. Энэ үзүүлэлтийг харьцуулбал?

-Цаг уурын үзүүлэлт, агаарын дундаж температур, салхины хурд, хур тундасны хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2022 оны нэгдүгээр сарын 2-8 өдрийн байдлаар агаарын температур -17.4 грдаус байсан бол 2023 оны нэгдүгээр сарын 2-8-ны өдрийн байдлаар -20.2 градус буюу -2.8 градусаар хүйтэн байсан байна. Харин салхины хурд өнгөрсөн оны мөн үед 0.1 м/секунд, 2023 онд 1.5 м/секунд байгаа нь 0.6 м/секундээр ихэссэн, хур тундасны хэмжээ байхгүй.

-Агаарын чанарын мэдээг иргэд хаанаас шуурхай авч болох вэ?

-Агаарын чанарын нийт 18 станц 24 цагийн турш Улаанбаатар хотын хэмжээнд тасралтгүй ажиллаж, agaar.mn сайт болон гар утасны апликешн, О2 апликешнаар агаарын чанарын мэдээ, мэдээллийг хүргэдэг.

-Өнгөрсөн долоо хоногт хийслэлийн аль бүсэд агаарын бохирдол их байсан бэ?

-Агаарын чанарын үзүүлэлтээс харахад өнгөрсөн долоо хоногт I хороолол, Таван буудал, Налайх, Толгойт орчимд бохирдлын түвшин их байсан. Хайлааст орчим мөн агаарын бохирдол их, Баянхошуу орчим хамгийн их бохирдолтой гарсан. Харин 100 айл, Толгойт, Нисэх, XIII хороолол, Баруун дөрвөн зам, Амгалан цахилгаан станц, Мишээд экспо, Ургах наран хороолол орчим бохирдлын түвшин бага гарсан байна.

-Хамгийн бохир долтой цэгүүд Сонгинохайрхан дүүрэг, Толгойт, Хайлааст орчим олон жил байсаар ирлээ. Энэ байдал давтагдсаар байна гэж үзэх үү?

-Агаарын чанарын 18 автомат харуулын хувьд гэр хороолол орчим, орон сууцны хороолол орчим, авто зам, үйлдвэрийн бүс гэсэн хэсгүүдэд байршдаг. Жишээлбэл, гэр хороолол орчим байгаа харуулууд гэхэд I хороолол, 100 айл, Толгойт, Нисэх, Зурагт, Баянхошуу, Хайлааст, Таван буудал, Шар хад, Налайх орчим ерөнхийдөө агаарын бохирдол ихтэй байдаг. Үүнээс шалтгаалж, агаарын чанарын индекс маш их бохирдолтой гардаг. Харин орон сууцны хороолол, авто зам орчим буюу Баруун дөрвөн зам, Амгалан цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран орчим агаарын хохирдол бага байдаг.

-Иргэд бол “хүхэрлэг хийн агууламж их байна” гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ юунаас болдог вэ?

-УЦОШГ бол сая хэлсэн агаарт байх бохирдуулагч тоосонцоруудыг зургаан төрлийн бодисоор байнга хэмжиж, шинжлэн гаргаж байна. Тойм мэдээллээс хэлэхэд 2022 оны арванхоёрдугаар сарын байдлыг сая нэгдүгээр сарын эхээр гаргасан байгаа.

Жишээлбэл, РМ 2.5 тоосонцор нь 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 112 мкг байсан бол 2022 оны мөн үед 103 мкг болж багассан үзүүлэлттэй. РМ 10 тоосонцорын хувьд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 164 мкг байсан бол 2022 оны мөн үед 132 мкг болж мөн багассан үзүүлэлттэй гарсан. Азотын давхар ислийн хувьд 2021 оны арванхоёрдугаар сард 71 мкг, 2022 онд 68 мкг болж багасссан үзүүлэлттэй. Харин хүхэрлэг хийн хувьд 2021 оны арванхоёрдугаар сард 142 мкг, 2022 онд 146 мкг гэсэн үзүүлэлттэй гарсан.

Ер нь шахмал түлшний хувьд 2019 оны есдүгээр сараас эхлэн Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсийг хориглох үеэс хэрэглэж эхэлсэн. Энэ үеэс эхлэн агаарын чанарын хяналт шинжилгээний жилийн тойм мэдээгээр ерөнхийдөө РМ 10 болон РМ 2.5 тоосонцор ерөнхийдөө буурсан үзүүлэлтэй гарч ирсэн. Харин хүхэрлэг хийн хувьд өссөн үзүүлэлтэй гардаг.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top