Т.Аюурсайхан сайд ТЭТГЭВРИЙГ ЖИЛ БҮР НЭМЖ БАЙХ хууль өргөн барьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

УИХ-ын дэд даргын суудлаасаа бууж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр /2023.01.09/ УИХ-ын дарга Г.Занданшатарт гурван ч хуулийн төсөл өргөн барьжээ. Үүнд, түүний өргөн барьсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн mухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийт, ялангуяа ахмадуудын анхаарлыг татаж байгаа юм.


Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг төрсөн оноос нь хамааруулан тогтоох, тэтгэврийн  наснаас эрт тэтгэвэр тогтоолгох иргэдийн хувьд шимтгэл төлсөн байвал зохих хугацааг үе шаттайгаар өсгөх зэрэг тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг улам нэмэгдүүлж цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүрээд байгааг хууль санаачлагчид тодотгожээ. 

Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулсан. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 7, цаашид 2050 оноос 9 тэтгэвэр авагч болохоор байна.

Мөн хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байгаа аж. 

Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Дэлхийн банкны зөвлөхөөр хийлгэсэн бөгөөд дараах зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгсөн байна.

Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоондоо параметрийн шинэчлэл хийхээ хойшлуулах тусам төсвийн зардал нэмэгдэж, илүү тогтвортой, шударга байдлыг хангасан параметр бүхий тогтолцоонд шилжихэд улам л хүндрэлтэй болно. Суурь тооцооллоос харахад тэтгэврийн даатгалын санд шаардагдах улсын төсвийн татаас  хурдацтай өсч, төсвийн даацаас хэтрэх түвшинд очихоор байна. Улсын төсвийн татаас 2021 онд ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бол 2030 онд 6.8 хувь, 2050 онд 11.3 хувь хүртэл өсөх төлөвтэй байна. Мөн шимтгэлийн хувь хэмжээг ирээдүйд олгохоор амлаж буй тэтгэврийн хэмжээтэй сайтар уялдуулалгүйгээр доогуур тогтоосон, тэтгэвэрт гарах нас эрт байгаа нь улсын төсвийн татаасыг нэмэгдүүлэхэд гол нөлөөлөл үзүүлж байна. Тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн ахмад настны тоо нэмэгдсээр байгаа нь цаашид зардлыг улам өсгөнө.

Тэтгэврийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн татаасын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцоог илүү шударга, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг илүү тодорхой болгох зорилгоор дараах шинэчлэлийг санал болгосон байна. Үүнд:

•Тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлдэг болох: Тэтгэврийн хэмжээг автоматаар нэмэгдүүлж байх, тухайлбал хэрэглээний үнийн индексээр өсгөж нэмэгдүүлдэг бодлого баримтлах

•Түүнчлэн, тэтгэвэр бодох хувь хэмжээг шимтгэл төлсөн жил бүрт жигд тооцох: Өнөөдрийн байдлаар тэтгэвэр бодох хувь хэмжээг даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааны эхний жилүүдэд өндөр, харин сүүлийн жилүүдэд арай доогуур хувиар тооцож байна. Тэтгэвэр бодох хувь хэмжээг шимтгэл төлсөн жил тутамд ижил түвшингээр, тухайлбал жил тутамд 2 хувиар тооцдог болбол даатгуулагч илүү олон жил ажиллаж, шимтгэл төлөх хөшүүргийг бий болгоно.

•Ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ хамрах хугацааны цалин, хөлстэй харьцуулахад буурах төлөвтэй тул ажил олгогч болон ажилтнууд сайн дурын, хувийн, нэмэлт тэтгэврийн системд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарах: Бүрэн хуримтлалын зарчимд суурилж, шинээр хөгжүүлэх боломжтой ийм нэмэлт тэтгэврийн системийг холбогдох хуулиар зохицуулж, хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянах шаардлагатай гэж тус тус зөвлөсөн.

Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн хүрээнд шимтгэл төлж ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоох насны талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас бусад салбарын хуульд тусгасан нь хууль хооронд зөрчил, хийдэл үүсгэж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан иргэний өндөр насны тэтгэврийг цалингийн 60 хувиар бодох, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр 25 жил ажилласан, эсхүл 55 нас хүрсэн шүүгч, мөн Прокурорын тухай хуульд 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласнаар тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж, хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байсан. Мөн богино хугацааны буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох харилцааг даатгуулагчийн урт хугацааны тэтгэврийн харилцаатай нэгтгэн зохицуулсныг салгаж тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай байна. 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн иргэнд тэтгэвэр тогтоох, олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн зохицуулалттай нэгтгэн нэг хуулиар зохицуулах шаардлагатай. Түүнчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог тодорхойлох нь зүйтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд Дэлхийн банк, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага болон гадаадын зөвлөхүүдийн хийсэн үнэлгээ, тайлан, санал, дүгнэлтийг харгалзан үзсэн. Тэтгэврийн сангийн өнөөгийн байдал, улсын төсвийн санхүүжилт, хүн ам зүйн ачаалал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын өөрчлөлт, олон улсын тэтгэврийн тогтолцооны чиг хандлага, урт хугацааны тооцоолол зэргээс харахад Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн хүрээг шинэчлэх бодит үндэслэл, хэрэгцээ, шаардлага байна гэж үзжээ. 

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр 3 сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан талаар Т.Аюурсайхан сайд онцолж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.120) 2023 оны 01 сарын 10

тэтгэврийг 2023 оны 1-р сарын 1 - нээс эхлэн 20% нэм........................

0  |  0
Зангараа(192.82.71.111) 2023 оны 01 сарын 10

Жил бүр нэмнэ гэсэн хоосон амаар тэжээх гэсний хэрэггүй. Нэг удаа дорвитойхон нэмж тэтгэвэрийн доод хэмжээг 1 сая 500 мянга болгох хэрэгтэй. Ахмадууд Монгол орноо өнөөдрийг хүртэл нуруундаа үүрч авч ирсэн. 3,3 сая иргэнээ чинээлэг амьдруулах асар их баялаг монголд байгаа. Харин түүнийг хулгайлж үнэгүйдүүлэх биш харин баяжуулж үнэд оруулах ёстой.

2  |  0
Иргэн(192.82.76.30) 2023 оны 01 сарын 10

Худлаа л яриад тэгээд хэлэлцэхгүй удаж байснаа буцаачихна даа. Наад Зандан бол бүүр сурамгай шүү дээ

0  |  0
Иргэн(66.181.187.25) 2023 оны 01 сарын 10

Зандангийн гар салаглаад тэтгэвэр нэмж чадахгүй гээд нүд нь хэлээд бна

0  |  0
Top