Туулай жилд ихэс дээдэс төрийг тэтгэнэ, ард иргэд амгалантай

2023 оны 01 сарын 18

Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр болох хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож байна. 17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Усан бар жил улирч, Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жил гарах гэж байна. Тэгвэл айлчлан ирж буй жилийн өнгийг Монгол зурхайд хэрхэн шинжсэнийг Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодрууллаа.


“ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” ХЭМЭЭХ УСАН ТУУЛАЙ ЖИЛ ИДЭЭ УНД ЭЛБЭГ, ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, БИЕ, СЭТГЭЛ АМГАЛАН БАЙНА

Тэрээр "Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг.

Энэ жилийн хувьд “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчлон тэтгэнэ, ард иргэд амгалантай, найр наадам элбэг болох жил гарч байна.

Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар ҮХЭР НЬ: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.  Энэхүү шинжээр: Улирлын эхээр хур болон салхи шуурга ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур бага, жилийн дундуур өвс, ногоо, тариа будаа ургац сайтай байна.

ҮХЭР ХАРИУЛААЧ НЬ: Өвгөн хүмүүн царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олс бургасан иштэй хөх шилбүүр барьсан, хөх гутал өмсөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна.

ЭНЭХҮҮ ШИНЖЭЭР: Настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж, ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай, элдэв өвчин ялангуяа халуун өвчнөөс болгоомжил" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(202.55.188.44) 2023 оны 01 сарын 19

дээрээ самуун ихтэй доодост мөнгө бага төрд алба хашигч нарт олз омог ихтэй жил

0  |  0
зочин(103.26.195.117) 2023 оны 01 сарын 18

Төр шалгалтаа улам их явуулах нээ

0  |  0
Иргэн(59.153.114.103) 2023 оны 01 сарын 18

Үнэнүү, нэг лам их муу байх талаар үзмэрчилсэн байсан .

0  |  0
зочин(66.181.177.26) 2023 оны 01 сарын 18

шал дэмий мунхруулгаа боль.

2  |  1
Паа(97.120.49.130) 2023 оны 01 сарын 18

Шааж өгөх юмаа энэнд итгэдэг хүмүүс байна гэхээр аргагүй л үхэрнүүд юмдаа

1  |  2
Top