Хөгжлийн банкны сонсголд Н.Алтанхуяг гишүүн ГЭРЧЭЭР ОРОЛЦОЖ байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/  гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-тай холбоотой зээлийн асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалж эхэллээ. 

Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөлд зориулж "Эрдэнэс Монгол" ХХК нь Хөгжлийн банкнаас 170.6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд авчээ. Ингэхдээ зээлийг нэг жилийн хугацаатай байхаар тооцсон байна. Өнөөдрийн байдлаар 42.87 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хэвийн ангилалд байгаа гэх мэдээллийг шинжээчдээс өглөө. 

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2016 онд Б.Бямбасайхан, 2016-2018 онд Ц.Түмэнцогт, 2018-2020 онд П.Ганхүү нар ажиллаж байв.  

Уг компанийн авсан зээлтэй холбоотой сонсголд гэрчээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хүмүүс оролцож байна. 

Н.АЛТАНХУЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭД АВ ГЭДЭГ ӨГҮҮЛБЭР БАЙХГҮЙ 

Тэрбээр "Одоо ч манайхан мартсан байх. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн байдаг. Тэр дунд нь миний нэр орсон нь Засгийн газрын 299 тоот тогтоолоор буруутгасан юм. Тэр үед 2013 оны наймдугаар сард нүүрсний үнэ уначихсан, гэрээнд 30-аас доошоо орчихсон, хувийн хэвшил гэлтгүйгээр нүүрсний уналтын үнийг яаж зогсоох вэ гэсэн арга хэмжээг л ярьж байсан. Энэ тогтоол дээр хоёр арга хэмжээ ярьсан байдаг юм. Нарийн цариг оруулж ирэх асуудал байгаа, гэхдээ 2017 онд хүчингүй болгочихсон юм билээ. Хоёрт, тэр үед ганцхан хар зам байдаг байсан. Нүүрсний үнэ 27 ам.доллар хүртэл уначихсан үед тээврийн зардлыг хямдруулж байж Монгол Улсад орлого оруулмаар гэдэг нэг алхам. Гэхдээ эндээс хэдэн ам.доллар хэмнэснийг би мэддэгүй. Энэ бол хүнд хэцүү цаг үед Монгол Улсад ашигтай гэдэг агуулгаар гарсан тогтоол. Энд Хөгжлийн банкнаас зээл авч хийнэ гэсэн тогтоол гараагүй. Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас зээл ав гэдэг өгүүлбэр байхгүй. Намайг яллагдагчаар татахад нь би бүгдийг нь хэлсэн" гэх тайлбарыг Хянан шалгах түр хорооны гишүүдэд өгөв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top