Украины Бровари хотод өчигдөр /2023.01.18/ тус улсын Дотоод хэргийн яамны удирдлагуудын сууж явсан нисдэг тэрэг сүйрсэн байна.
Нисдэг тэрэг хүүхдийн цэцэрлэг дээр унаж, 14 хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байжээ. Ослын үеэр 25 хүн шархадсаны 11 нь хүүхэд аж. Ослоор Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский, түүний нэгдүгээр орлогч Евгений Енин, Украины дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Юрий Лубкович зэрэг дотоод хэргийн яамныхан, нислэгийн багийн гишүүд болон таван энгийн иргэн амиа алджээ.
Киевийн захын хотод болсон дээрх ослоор нисдэг тэргэнд байсан хүмүүс болон хүүхдийн цэцэрлэгийн орчимд байсан хэд хэдэн хүн амиа алдсан талаар Украины Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименко мэдэгдсэн байна.
Нисдэг тэрэг агаарт шатаж, хүүхдийн цэцэрлэгийн дэргэд унан, хүчтэй түймэр гарчээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Нисдэг тэрэгний сүйрлийн дараа Киевт тэр даруй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй таарамжгүй байгаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйд холбогдох хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн таамаг гарч иржээ. Гэхдээ энэ хэрэгт Дотоод хэргийн сайд асан Аваковын ул мөр бас гарч ирсэн байна.
Тэрбээр хүчнийхэнд ашиглалтаас гарсан машин, нисдэг тэрэг зэргийг худалдаж авсан хүн аж.
Украины Дотоод хэргийн сайд байлдаан болж буй халуун цэгүүдийн нэгэн рүү нь явж байжээ. Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко “Осол хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэх болон техникийн эвдрэл, нисгэгчид аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс болсон эсэхийг мөрдөн шалгалтаар тогтооно” гэж мэдэгдсэн байна.
Украины Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтнуудын сууж явсан нисдэг тэрэг сүйрсэн нь дайснуудын хорлон сүйтгэх ажиллагаа байж магадгүй гэсэн бас нэгэн хувилбар байгаа учраас аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах ёстой гэж шинжээч Владимир Фисенко ярьжээ.
Уг таамгаар Владимир Зеленский улс төрийн өрсөлдөгч нараасаа салж байж магадгүй аж.
Мөн Дотоод хэргийн сайд Денис Монастырскийгоос өмнөх сайд Арсен Аваков өшөө авсан гэх таамаг яригдаж эхэлжээ. Учир нь тэрбээр уг нисдэг тэргийг Францаас худалдаж авсан аж.
Европын орнуудын татгалзсан уг нисдэг тэрэгнээс Франц улс 55-ыг Украинд зарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )