Гурван улсын үлгэр | 100 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  100 ДУГААР БҮЛЭГ

 

ХАНЬ УЛСЫН ЦЭРЭГ ДАРАХААР ОЧООД ЦАОЖЭНИЙГ ЭВДЭЛСЭН

ҮХОУ ЖАГСААЛ ЖАГСААН ТЭМЦЭЖ ЖҮНДАГ ИЧЭЭСЭН

 

Өгүүлэх нь: Олон жанжин Кунмингийн Вэй улсын цэргийг нэхэхгүйг сонсоод цөм цацарт ирж өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг бороонд гашуудан сууж чадахгүй тул эгэв. Чухам мөн тухайд нэхвээс зохих атал чансан юунд нэхүүлэхгүй буй”. Кунмин өгүүлрүүн: “Сыма И цэрэг хэрэглэхэд асар уран тул энэ эгэхдээ эрхгүй бүгсэн цэрэг буй. Бид хэрвээ нэхвээс чухам түүний арганд унамуй. Харин түүний хол тавин явуулаад бид цэрэг хувааж Сегү заваар гараад Ци Шань уулыг авч Вэй улсын хүнийг бэлтгэн завдахгүй болгохыг хүрэхгүй” хэмээсэнд олон жанжин нар асууруун: “Чан анийг авахаар одоход өөр зам буй атал чансан гагц Ци Шань уулыг авах нь ямар учир болой?”. Кунмин өгүүлрүүн: “Ци Шань уул хэмээгч Чан аньгийн тэргүүн болой. Лунси газрын олон хотоос цэрэг ирэх бөгөөс эрхгүй энэ замаар явмуй. Нэнд өмнө Вэйшүй голыг хөвөөлөны хойно Сегү завыг сахиж би зүүнээс гарч баруунаар орж цэрэг бүгвээс болмуй. Харин цэрэг хэрэглэх газар болой. Тийнхүү би урьд тэр газрыг авбаас газрын ашгийг олох нь болой” хэмээсэнд олон жанжин цөм биширчээ. Кунмин: “Вэй Янь, Жан1 И, Ү Цюн, Чэньшиг Зигүгээр гарагтун! Мадай, Ванпин, Жан2 И, Мажунг Сегү заваар гараад цөм Ци Шань ууланд хурсугай!” хэмээн салгаж тогтоосны хойно Кунмин өөрийн бие Гуаньсин, Ляохуаг гавшгай болгоны хойноос мордов. Тэндээс Цаожэнь, Сыма И энэ хоёул хойнод цэрэг морийг захиран явахад нэгэн анги цэргийг Чөнцангийн хуучин замд оруулан цагдуулсанд хойш ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг ирсэнгүй” хэмээмүй. Бас арваад өдөр яваад хойнох бүгсэн цэрэг цөм эгэж ирээд хэлрүүн: “Шу улсын цэрэг огт чимээгүй” хэмээмүй. Цаожэнь өгүүлрүүн: “Бороо нөрөн ороод өртөөн зам эвдэрсэн тул Шу улсын цэрэг хэрхэн бидний эгэхийг мэдэх аж?”. Сыма И өгүүлрүүн: “Шу улсын цэрэг хойноос гарч ирмүй”. Цаожэнь өгүүлрүүн: “Яахан мэдэв?”. Сыма И өгүүлрүүн: “Тэнгэр арилсан атал Шу улсын цэрэг нэхсэнгүй нь бидний цэрэг бүгснийг мэдээд тийнхүү хол тавин явуулаад манийг гарч дууссаны хойно тэр сая Ци Шань уулыг авахаар ирмүй”. Цаожэнь итгэхгүйд Сыма И өгүүлрүүн: “Зыдань яахан итгэхгүй буй? Би бодоход Кунмин лав хоёр замаар ирмүй. Би Зыдань лугаа тус тусдаа нэжгээд завын амыг сахиж суусугай! Арван өдрөөр хугацаа болгож хэрвээ Шу улсын цэрэг ирэхгүй болохул би нүүрэндээ оо түрхээд эхнэрийн хувцас өмсөж чиний хүрээнд ял хүлээхээр ирсүгэй!”. Цаожэнь өгүүлрүүн: “Хэрвээ Шу улсын цэрэг ирэхүл би хааны хүртээсэн хасын бүс нэг, морь нэгийг чамд өгсүгэй!” хэмээгээд цэргийг хоёр замаар хувааж Цаожэнь Ци Шань уулын баруун Сегү завын амыг сахиад Сыма И Ци Шань уулын зүүн Зигү завын аманд суусугай!” хэмээн тус тус хүрээ буусны хойно Сыма И нэгэн багийн цэргийг авч уулын зав дотор бүгээд үлдсэн цэргийг газар газрын чухал замд хүрээ буулгав. Сыма И хувцсыг халаад олон цэргийн дотор хутгалдан орж олон хүрээг тойрон үзсээр нэгэн хүрээнд хүрвээс нэгэн бага жанжин дээш хандан гасалж өгүүлрүүн: “Өчнөөн өдөр их бороо орсон бөгөөтөл бас эгэх дургүй. Харин энд хүрээ байгуулан мэлзийцэж цэргийг зовоомуй!” хэмээснийг Сыма И сонсоод даруй хүрээнд эгж олон жанжныг цөм цацарт цуглуулан тэр жанжныг байцаан гаргаад зандан өгүүлрүүн: “Хаан цэргийг мянган өдөр тэжээгээд хэрэглэх нь нэгэн цагт болой. Чи ямар аймшиггүй гаслах үг гарган цэргийн сэтгэлийг осолдуулмуй?”. Тэр хүн хүлээн авахгүй тул Сыма И түүний хамт байсан нөхдийг дуудан гаргаж гэрчлүүлсэнд тэр хүн биеэс зайлуулан чадахгүй болжээ. Сыма И өгүүлрүүн: “Би мэлзийцэх нь бус. Шу улсын цэргийг дараад танай хүн бүрийг цөм гавьяатай болгон эгсүгэй хэмээсэн болой. Чи харин дэмий гаслах үг гаргаж өөрөө ял эрмүй” хэмээгээд цэргийн ардыг дуудан: “Гаргаж алагтун!” хэмээсний хойно удалгүй тэргүүнийг цацрын өмнө өргөсөнд олон цөм цочив. Сыма И өгүүлрүүн: “Танай олон жанжин Шу улсын цэргийг санаа тавьж сэргийл! Тэмдэгт буун дууг сонсмогц дөрвөн этгээдээс хамт байлдахаар ор!” гэхэд олон цөм хүлээн авч эгэв.

Түүнээс Вэй Янь, Жан И, Чэньши, Дүцюн дөрвөн жанжин хоёр түмэн цэрэг авч Зигү заваар орж яван атал гэнэт Цаньзюнь түшмэл Дөнжы хүрч ирэв. Дөрвүүл учрыг асууваас Дөнжы өгүүлрүүн: “Чансангаас захиа буй. Хэрвээ Зигү завыг гарваас Вэй улсын бүгсэн цэргийг сэргийл! Хөнгөнөөр орж болохгүй хэмээв”. Чөньши өгүүлрүүн: “Чансан цэрэг хэрэглэхэд юунд ийм сэжиглэмүй? Би санахад Вэй улсын цэрэг өдөр залгаа бороо орсонд хувцас, хуяг цөм нэвтрээд эрхгүй яаран эгэх тул хэрхэн хэмээн бүгсэн цэрэг байх ёс буй. Эдүгээ манай цэрэг газар эвхэж урагшилбаас ихэд дийлэх атал юу хэмээн бас цэрэг зогсоосугай хэмээмүй?”. Дөнжы өгүүлрүүн: “Чансангийн арга эс оносон нь үгүй. Бодлого бүтсэнгүйгээр үгүй. Чи ямар айшиггүй цаазаас зөрчмүй?”. Чөньши инээн өгүүлрүүн: “Чансанд хэрвээ олон бодлого аваас Зетинг алдахад хүрүүлэхгүй болой” хэмээв. Вэй Янь бас урьд өдөр Кунмин түүний аргыг хэрэглэсэнгүй хэргийг бодож олоод бас инээж өгүүлрүүн: “Чансан хэрвээ миний үгийг авч шууд Зы Үгө заваар гарсан болохул энэ үес Чан анийг хэлэх ч байтугай Луо Яныг ч цөм авсан бөлгшөө. Өнөө мушгин Ци Шань уулаар гармуй, ямар тус байх буй? Нэгэнт “Цэрэг орсугай!” хэмээн зарласан бөгөөд эдүгээ бас “Битгий ор!” хэмээмүй. Яахан ийм цааз тодорхойгүй аж?”. Чөньши өгүүлрүүн: “Би таван мянган цэрэг авч Зигү заваар гарч урьд Ци Шань ууланд хүрч хүрээ буусугай! Чансан ичгүүрэх үү? Үгүй үү? Би үзсүгэй”. Дөнжы дахин давтан хоригловч Чөньши огт сонсохгүй таван мянган цэргийг авч Зигү заваас гарч явав. Дөнжы нисэх мэт эгэж Кунминд мэдүүлэхээр очив.

Тэндээс Чөньши цэрэг авч гараад хэдэн газар явсангүй гэнэт буун дуу гарч дөрвөн этгээдээс бүгсэн цэрэг гарч ирэхэд Чөньши яаран эгтэл Вэй улсын цэрэг заван амыг бөглөөд дүгрэглэн хаасан нь төмөр суулга мэт. Чөньши хөндлөн гулд дайран байлдавч гарч чадахгүйд гэнэт хашхирах дуу ихэд түрхрэн нэгэн багийн цэрэг хүрч ирэв. Харин Вэй Янь байлдан орж Чөньшиг гаргаж завын дотор хүрээд үзвээс таван мянган цэргээс гагц дөрөв таван зуун шархтай нь үлджээ. Арын хойноос Вэй улсын цэрэг ирснийг харин Жан И, Дүцюн ирж тусалсанд Вэй улсын цэрэг сая эгэв. Үүнд Чөньши, Вэй Янь хоёул Кунмингийн урьд мэдсэн нь сахиулсан мэтийг сая мэдээд гэмшивч завдахгүй болжээ.

Тэндээс Дөнжы эгж Кунминд золгоод Вэй Янь, Чөньшигийн энэ мэт ёс бусыг хэлсний хойно Кунмин инээж өгүүлрүүн: “Би язгуураас Вэй Яньгийн урвах санаатайг мэдмүй. Гагц түүний баатрыг хайрлаж хэрэглэсэн бөлгөө. Хожмын өдөр эрхгүй зовлон үүсгэмүй” хэмээн хэлж атал гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Чөньши дөрвөн мянга илүү цэргийг автаад гагц шарх олсон цэрэг дөрөв таван зуу үлдэж завын дотор буй”. Кунмин даруй Дөнжыг дахин Зигү завд зарж Чөншиг тохинуулан түүний хувьсахыг сэргийлүүлэн нэгэнтээгүүр Мадай, Ванпинийг дуудаж сурган өгүүлрүүн: “Сегү завд Вэй улсын цэрэг сахиж аваас та хоёул харьяат цэргээ авч уулыг давж гараад шөнө явж өдөр хэвтээд түргэнээ Ци Шань уулын зүүн этгээдэд хүрч тэмдэг гал өргө!”. Бас Мажун, Жан Иг дуудаж өгүүлрүүн: “Та уулын бага замаар гарч өдөртөө хэвтэж шөнөдөө явж шууд Ци Шань уулын баруунаар гарч тэмдэг гал тавиад Мадай, Ванпин лугаа нийлж хамтаар Цаожэньгийн хүрээг булаагтун! Би биеэр завын дотроос гурван замаар байлдсанд Вэй улсын цэргийг эвдэж болмуй” хэмээсэнд дөрвүүл захиаг хүлээн зам хувааж одов. Кунмин бас Гуаньсин, Ляохуаг дуудаж “Ийм! Тийм!” хэмээн нууц арга сургаж илгээв. Кунмин өөрийн биеэр шилсэн цэргийг дагуулан зам эвхэж явахын хооронд бас Ү Бань, Ү Иг дуудан нууц арга сургаж урьд явуулав.

Тэндээс Цаожэнь Шу улсын цэрэг ирэхийг итгэхгүй сул осол болж цэргийн хүнийг дураар тавьж амруулан гагц арван өдөр дээр хэрэггүй болбоос Сыма Иг ичээсүгэй хэмээн санаж бүхийд санасангүй долоодугаар өдөр дээр харуулын хүн ирж хэлрүүн: “Завын дотор өдий төдий Шу улсын цэрэг үзэгдмүй”. Цаожэнь мөрний жанжин Циньлянд таван мянган цэрэг өгч цагдахаар илгээн “Шу улсын цэргийг захын ойр хүргүүлж болохгүй!” хэмээжээ. Циньлян сая завын амыг ормогц Шу улсын цэрэг эгж явсныг үзээд яаран цэрэг авч нэхээд тавь жаран газар явтал Шу улсын цэрэг үзэгдэхгүй болжээ. Дотор сэжиглэн цэргийн ардыг мориноос буулгаж амруулан бүхийд харуулын хүн ирж хэлрүүн: “Өмнө Шу улсын бүгсэн цэрэг үзэгдмүй” хэмээв. Циньлян морь унаж үзвээс уулын дотор тоос ихэд дэгдмүй. Циньлян яаран цэргийн хүнээр сэргийлүүлтэл дөрвөн этгээдээс хашхирах дуу ихэд гарч өмнө биеэс Ү Бань, ү И, арын хойноос Гуаньсин, Ляохуа цэрэг авч байлдахаар ирэв. Зүүн баруунд цөм уул тул гарах замгүй. Уулын дээрээс Шу улсын цэрэг их дуугаар бархиран өгүүлрүүн: “Мориноос бууж дагасан хүнийг үхэхээс хэлтрүүлсүгэй!” хэмээн дуудахад Вэй улсын цэргийн их хагас цөм дагав. Циньлян байлдсаар Ляохуад алагдав. Кунмин дагасан цэргийг хойд ангид хориод Вэй улсын цэргийн хувцсыг Шу улсын таван мянган цэрэгт өмсөөд Вэй улсын цэрэг болгож Гуаньсин, Ляохуа, Ү Бань, Ү Игийн дөрвөн жанжингаар дагуулан шууд Цаожэньгийн хүрээний зүг ирэхийн урьд хүнээр хүрээнд илгээн “Шу улсын цэрэг өдий төдий байсныг цөм үлдэж гаргав” хэмээн хэлэлцсэнд Цаожэнь сонсоод ихэд баярлав. Гэнэт хүн ирж: “Сыма И Дүдү сэтгэл зүрхний хүнийг зарж илгээв” хэмээмүй. Цаожэнь дуудан оруулж асууваас тэр хүн өчрүүн: “Эдүгээ Шу улс цэрэг бүгүүлэх аргыг хэрэглэж Вэй улсын цэргийг дөрвөн мянга илүү алав. Сыма Дүдү жанжинд мэдүүлж битгий мэлзийцсэн хэргийг санаандаа агуулагтун! Эрхбиш сэтгэл тавин сэргийлэн сахьтугай” хэмээв. Цаожэнь өгүүлрүүн: “Миний энд Шу улсын цэрэг нэг ч үгүй” хэмээн өгүүлж тэр хүнийг хойш илгээсний хойно гэнэт бас: “Циньлянгийн цэрэг эгж ирэв” хэмээн хэлэхээр ирэв. Цаожэнь биеэр угтан гаргаад хүрээнд хүрэхийн урьд хүн хэлрүүн: “Хүрээний ард хоёр газарт гал мандав”. Цаожэнь яаран хүрээний ард очиж үзвээс Гуаньсин, Ляохуа, Ү Бань, Ү И дөрвөн жанжин Шу улсын цэргийг дохиж хүрээний өмнөөс байлдахаар ирэв. Мадай, Ванпин хойд талаас байлдахаар иртэл Мажун, Жан И бас хүрч ирсэн тул Вэй улсын цэрэг гар хөдөлж завдсангүй тус тусдаа амь гарахаар оргомуй. Олон жанжин Цаожэнийг хамгаалж зүүн зүг буруулан одсоныг Шу улсын цэрэг хойноос нэхэж ирэв. Цаожэнь хараахан яван бүхийд гэнэт хашхирах дуу гарч нэгэн багийн цэрэг байлдахаар ирэв. Цаожэньгийн цөс хэмхрэн бие чичирч үзвээс Сыма И ажгуу. Сыма И нэгэн зэрэг ихэд байлдсанд Шу улсын цэрэг сая эгэв. Тийнхүү Цаожэнь олж гараад маш ичгүүрэв. Сыма И өгүүлрүүн: “Жугө Лян, Ци Шань уулыг булаан авсан тул бид энд удаан сууж болохгүй. Вэйшүй голын дэргэд одож хүрээ байгуулж өөр сайн аргыг эрсүгэй!” хэмээв. Цаожэнь өгүүлрүүн: “Жүнда чи яахан миний энэ мэт ихэд дарагдахыг мэдсэн буй?”. Сыма И өгүүлрүүн: “Зарсан хүн хойш ирж Зыдань “Шу улсын цэрэг нэг ч үгүй хэмээн хэлэв” хэмээх тул би Кунмин хүрээ булаахаар ирэхийг мэдээд туслахаар иртэл үнэхээр аргад унажээ. Мэлзийцсэн үйлийг битгий санагтун! Нэгэн сэтгэлээр улсад хариулахыг бодсугай!” хэмээсэнд Цаожэнь ихэд ичгүүрэн уурласаар өвчин олоод ширээнд хэвтэж босохгүй болов. Цэрэг Вэйшүй голд буудалласны хойно Сыма И цэргийн сэтгэл самуурахаас эмээн Цаожэньгээр цэрэг дагуулсангүй бөлгөө.

Тэндээс Кунмин цэрэг морийг хөөж дахин Ци Шань уулыг гараад цэргийн зүдсэнийг тохинуулсны хойно Вэй Янь, Чөньши, Дүцюн, Жан И нар ирээд цацрын доор сөгдөж ял хүлээсэнд Кунмин өгүүлрүүн: “Хэн хүн цэргийг хохируулсан нь болой?”. Вэй Янь өгүүлрүүн: “Чөньши цаазыг сонсохгүй хулгаж завын аманд орсон учир ихэд дарагдав”. Чөньши өгүүлрүүн: “Энэ нь Вэй Янь намайг од хэмээсэн бөлгөө”. Кунмин өгүүлрүүн: “Тэр чамайг тэнхрүүлсэн атал чи харин бас түүнийг буруушаамуй уу? Цаазыг нэгэнт зөрчсөн тул дэмий орлож хэлэх зүйл үгүй” хэмээгээд “Даруй түлхэн гаргаж Чөньшиг алагтун!” хэмээсэнд удсангүй тэргүүнийг цацрын өмнө өлгөж олон жанжин нарт үзүүлэв. Энэ үес Кунмин, Вэй Янийг алахгүй үлдээж “Хожим хэрэглэсүгэй!” хэмээсэн бөлгөө. Кунмин, Чөньшиг алсны хойно “Цэрэг орсугай!” хэмээн зөвдөн бүхийд гэнэт харуулын хүн мэдүүлрүүн: “Цаожэнь өвдөөд босож чадахгүй өнөө хүрээнд сувилж амуй” хэмээмүй. Кунмин ихэд баярлаж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Хэрвээ Цаожэньгийн өвчин хөнгөн болбоос эрхгүй Чань аньд эгэх бөлгөө. Эдүгээ Вэй улсын цэрэг эгэхгүй нь өвчин хүнд тул түр хүрээний дотор үлдээж цэргийн сэтгэлийг амар болгохын шалтаг болой. Эдүгээ би нэгэн бичиг хийж Циньлянгийн дагасан цэргийн хүнд бариулан Цаожэньд хүргүүлсүгэй! Цаожэнь үзвээс эрхгүй үхмүй” хэмээгээд даруй дагасан цэргийг цацрын доор дуудаж авчраад өгүүлрүүн: “Та цөм Вэй улсын цэрэг. Эцэг, эх, эм, хөвгүүний олон нь Жун Юань газарт буй тул Шу улсад удаан байваас болохгүй. Эдүгээ таныг хойш тавьж илгээвээс ямар буй?” гэх тэр үгэнд олон цэргийн хүн цөм нулимс унгааж тал өгч мөргөв. Кунмин өгүүлрүүн: “Цао Зыдань над лугаа болзсон хэрэг буй, Энэ бичгийг та нар биед авч эгээд Цао Зыданьд хүргэвээс лав шан олмуй” хэмээсэнд Вэй улсын цэрэг бичгийг авч уул хүрээндээ эгээд Кунмингийн бичгийг Цаожэньд өгсөнд Цаожэнь хатуужин босож нээн үзвээс бичгийн үг нь: “Хань улсын Чансан Үсян хоу Жугө Лян, Да Сыма Цао Зыданьд бичиг илгээхийн учир: Би санаваас жанжин бологчид нь гээж хамаарч чадах, зөөлөн хатуу болж чадах, орж эгэж чадах, буурай хүчирхэг болж чадах хэрэгтэй. Уул хадын мэт хөдөлгөвөөс болохгүй, арга билгийн адил ухаж эс болох, тэнгэр газар мэт цаглашгүй, их сангийн адил дүүрэн, дөрвөн далай мэт агуу их, гурван гэрлийн адил гэгээн, тэнгэрийн байдал, ган, үерийг урьдаас мэдэж, газрын зүй энх амрыг угтаж төсөөлөөд жагсаалын байдлыг хянаж тухайд нийлүүлэн дайсны урт охрыг бодож чадах бөлгөө. Аяа сургаал үгүй өчүүхэн хүүхэд чи тэнгэрийн санаанаас сөрж урвасан хулгайд туслаад Луо Янд хааны цол өргөв. Сегү завд цэрэг дарагдаж буруулан Чэньцангийн газарт их бороонд дарагдаад ус хуурайд хамт зовж хүн морь цөхөж самууран, хуяг дуулгыг талд гээж, илд жадыг зам дүүрэн орхиод Дүдүгийн зүрх хагаран, цөс хэмхэрч жанжин цэрэг хулгана чоно мэт буруулсан бөгөөд одоо ямар нүүрээр боомтын доторх хөгшин залууд золгож ямар сэтгэлээр чансангийн яаманд ормуй. Судрын түшмэл бийр өргөж тэмдэглэн бичээд зуун овгийн иргэн харилцан хэлэлцэж алдаршуулмуй. Жүнда жагсаал байгуулсныг сонсоод чичрэн дагжиж Зыдань салхины аяар санд мэнд буруулав. Манай цэрэг эрэлхэг, морь тарган, их жанжин луу барсын мэт баатар хүчээр Циньчуаньгийн газрыг шүүрдэн төвшитгөж Вэй улсыг гишгэлэн тамтаг тав болгомуй” хэмээжээ. Цаожэнь үзээд цээжинд хий дүүрч тэр шөнө хүрээнд үхэв. Сыма И хүүрийг тэргэнд тээж хүнээр Луо Янд хүргүүлж тавив. Вэй улсын эзэн Цаожэньгийн үхсэнийг сонсоод даруй Сыма Иг “Гарч байлд!” хэмээн зарлиг буулгасны хойно Сыма И их цэргийг авч Кунмин лугаа байлдахаар ирээд дараа өдөр урьд байлдах бичиг хүргүүлэв.

Тэндээс Кунмин олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Цаожэнь лав үхэв” хэмээгээд “Маргааш өдөр байлдъя!” хэмээн цохолж элчид тушаан хойш илгээв. Тэр шөнө Кунмин Зянвэйг дуудаж “Ийм! Тийм!” хэмээн сэмээр арга сургаж өгүүлрүүн: Бас Гуаньсинийг дуудан “Ийм! Тийм!” хэмээн сурган явуулав. Жич өдөр Кунмин, Ци Шань уулын зүг их цэргийг дуусган авч Вэйшүй голын дэргэд ирвээс энэ газар нэгэн этгээдэд гол, нэгэн этгээдэд уул, дундад уудам тал тул нэгэн сайн байлдааны талбар болой. Хоёр цэрэг эсэргүүлэн жагсаагаад гурван зэрэг хэнгэрэг дэлдсэний хойно Вэй улсын жагсаалаас Сыма И олон жанжныг авч гараад үзвээс Кунмин өдөн дэвүүр барьж дөрвөн хүрдэт тэргэнд суужээ. Сыма И өгүүлрүүн: “Манай эзэн эртний Яо хаанд тавин өгсөн ёсыг дууриан Жун Юаньгийн газрыг эзлэн сууж уламжилсаар хоёр хаан болжээ. Танай Ү, Шу хоёр улсыг сөнөөхгүй агуулсан нь манай хааны нигүүлсэхүй энэрлийн сэтгэл байж иргэнийг зовуувуузай хэмээсэн бөлгөө. Чи угтаа Нань Яньгийн нэгэн тариалангийн хүн, тэнгэрийн тоог ухахгүй, мушгиж халдахаар ирсэн нь чамайг чухам сөнөөвөөс зохимуй. Хэрвээ хянаж санаад хуучин эндсэнийг халбаас хурдан цэрэг эгээд өөр өөрийн зах хязгаарыг сахиж хүлисийн хөл мэт байдлыг бүтээн иргэнийг шороо үнсний зовлонгоос хэлтрүүлсэнд та бас ч бүрэн олж амьдрах болой”. Кунмин инээн өгүүлрүүн: “Би урьд хааны гэрээсэлсэн зарлигийг хүлээн аваад хэрхэн хэмээн сэтгэлийг хүчитгэн хүчээ дуустал урвасан хулгайг хядан арилгахгүй аж? Танай Цао овогт удалгүй Хань улсад сөнөөгдмүй. Чиний өвөг эцэг цөм Хань хааны сайд бөгөөд үе улиран Хань улсын пүнлүүг идсэн атал Хань хаанд ач хариулахыг санахгүй харин урвасан хулгайд туслах нь юунд ийм ичгүүрэлгүй ажгуу” хэмээсэнд Сыма И ихэд царай улайж өгүүлрүүн: “Бид нэгэн зэрэг эрэгчин эмэгчнийг таслан байлдсугай! Хэрвээ чи дийлбээс би ам алдаж их жанжин болохгүй. Чи дийлэгдвээс нутагтаа эгэгтүн! Би чамайг хорлохгүй” хэмээв. Түүнээс Кунмин өгүүлрүүн: “Чи жанжингаар тэмцсүгэй хэмээмүй үү? Цэргээр тэмцсүгэй хэмээмүй үү? Жагсаалаар тэмцсүгэй хэмээмүй үү?”. Сыма И өгүүлрүүн: “Урьд жагсаалаар тэмцсүгэй!”. Кунмин өгүүлрүүн: “Чи урьд жагсааж ороод үзүүл!” хэмээсэнд Сыма И цэргийн дотор ороод гарт шар туг барьж зүүн баруун цэргийг даллан нэгэн жагсаал жагсаагаад гарч асууруун: “Чи энэ жагсаалыг мэдмүй үү?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Үүнийг миний цэргийн адгийн жанжин нар цөм жагсааж чадмуй. Энэ тэнгэрийн битүү жагсаал болой”. Сыма И өгүүлрүүн: “Чи жагсаал жагсааж надад үзүүл” хэмээсэнд Кунмин цэргийн дотор ороод барьсан дэвүүрээр нэгэнтээ далласан даруйгаар цэргийг жагсаагаад гарч асууруун: “Чи энэ жагсаалыг мэдмүй үү?”. Сыма И өгүүлрүүн: “Энэ найман хөллийн жагсаал юунд мэдэхгүй ёс буй?”. Кунмин өгүүлрүүн: “Чи таних нь танив. Чи миний жагсаалыг цохиж чадмуй уу?”. Сыма И өгүүлрүүн: “Нэгэнт таниад юунд эвдлэн чадахгүй аж?” Кунмин өгүүлрүүн: “Тийм болбоос байлдахаар ирэгтүн!”. Сыма И цэргийн дотор ороод Дайлин, Жанхө, Юэчэнь гурван жанжинг дуудаж сурган өгүүлрүүн: “Кунмингийн жагсаасан жагсаалд “Амгалан, амьдрах, хохирох, хаагдах, ариун, үхэх, айх, нээх”-ийн ёсоор найман хаалга буй. Та гурвуул зүүн этгээдийн амьдрах хаалгаар орж баруун өмнөх амгалан хаалгаар алж гараад дахин чиг хойд нээх хаалгаар алан орвоос энэ жагсаалыг эвдэж болмуй. Та нар санаа тавьж хичээн байлд!” хэмээн сургаж илгээсэнд Дайлин дунд, Жанхө өмнө, Юэчэнь хойд болж тус бүр гучаад морьтонг авч амьдрах хаалгаар байлдахаар ороход хоёр этгээдийн цэрэг тус тус хашхиралцан туслалцав. Гурвуул Шу улсын жагсаалд алан орвоос жагсаал нь залгалдан хот мэт тул шувтлан гарч чадахгүй болоод гурвуул сандран цэргээ дагуулан жагсаалын өнцгийг тойрон баруун өмнө зүг очиход Шу улсын цэрэг харвах тул гарч эс чадав. Жагсаалын дотор давхар давхар цөм хаалга болсон тул хэрхэн дөрвөн зүгийг ялган олох аж. Гурвуул харилцан харгалзан чадахгүй энд тэнд мөргөлхийлэн явж атал гэнэт гаслант үүл дэгдэн үнэрт будан тунарч хашхирах дуу бас үүсэв. Вэй улсын цэргийг нэг нэгээр цөм бариад дундад хүрээнд авчирсны хойно Кунмин цацарт сууж үзвээс зүүн баруун этгээдийн хүн Жанхө, Дайлин, Юэчэнь гурвыг жич жаран цэрэгтэй цөм хүлж цацрын доор зогсож амуй. Кунмин өгүүлрүүн: “Таныг бариваас юун гайхалтай явдал буй? Би таныг цөм тавьж илгээсүгэй! Хойш эгэж Сыма Иг дахиж цэргийн бичиг уншиж байлдах аргыг боловсроод тэр үес сая эрэгчин эмэгчинг таслан байлдахаар ир хэмээгтүн! Таны амийг хэдий гаргавч унасан морь, цэргийн зэвсгийг үлдээх хэрэгтэй!” хэмээгээд хуяг, хувцсыг цөм тайлан аваад нүүрэнд бэх түрхэж явганаар жагсаалаас үлдэн явуулав.Үүнийг Сыма И үзээд ихэд уурлан хойш хандаж олон жанжны зүг өгүүлрүүн: “Энэ мэт дийлэгдээд одоо ямар нүүрээр Жун Юаньгийн сайдуудтай уулзмуй?” хэмээгээд даруй их цэргийг дохиж үхэхээр жагсаалыг булаахад Сыма И өөрөө илд барьж зуу илүү баатар жанжинг дагуулан ирээд хоёр этгээд чив эсэргүүцтэл гэнэт жагсаалын хойноос хэнгэргийн дуу гарч нэгэн багийн цэрэг баруун өмнөөс байлдахаар ирэв. Тэр Гуаньсин ажгуу. Сыма И нэгэн салааны цэргээр тосуулаад дахин цэргийг шавдуулж урагшлахад гэнэт Вэй улсын цэрэг ихэд самуурав. Үзвээс Зянвэй нэгэн анги цэрэг авч ирсэн болой. Шу улсын цэрэг гурван замаар хавчин байлдсанд Сыма И ихэд гэлмэж яаран цэрэг эгтэл Шу улсын цэрэг дөрвөн зүгээс хааж ирсэнд Сыма И олон цэргийг авч өмнө зүг үхэхээр байлдаж гартал Вэй улсын цэрэг арван хувиас зургаа долоон хувь хохирчээ. Сыма И Вэйшүй голын өмнө хөвөөнд буруулан очиж хүрээ буугаад бэхлэн сахиж гарч ирэхгүй болов.

Түүнээс Кунмин дийлсэн цэргийг авч Ци Шань ууланд хүрвээс Юн аньчэн хотын Ли Янь Дү Юй түшмэл Гоу Анийг зарж цэргийн амуу хүргэхээр ирэв. Тэр Гоу Ань ер архинд дуртай тул замд саатаж хугацаанаас арван өдөр өнгөрчээ. Кунмин ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Манай цэрэгт гагц амууг их чухал хэрэг болмуй. Гурван өдөр саатваас даруй алах бөгөөтөл чи арван өдөр өнгөрсөн тул юу хэлэх ёс буй. Үтэр гаргаж ал!” хэмээхэд Чанши түшмэл Ян И хориглож өгүүлрүүн: “Гоу Ань болбоос Ли Яньгийн хэрэглэсэн хүн. Бас цалин амуугийн олон нь цөм Сычуаньгаас гарах тул хэрэв энэ хүнийг албаас хожим амуу хүргэж ирэх хүнгүй болмуй” хэмээсэнд Кунмин цэргийн ардыг зандарч хүлээсийг тайлаад наян мод занчиж тавив. Гоу Ань занчигдаад дотроо ихэд хорсож тэр шөнө тав зургаан морьтонг авч шууд Вэй улсын хүрээнд дагахаар ирэв. Сыма И хүрээнд дуудан оруулбаас Гоу Ань сөгдөж урьдын үйлийг хэлсэнд Сыма И өгүүлрүүн: “Хэдий тийм боловч Кунминд арга ихэд тул чиний үгийг итгэхүйеэ бэрх. Чи надад нэгэн их гавьяаг бүтээн өгсөнд би тэнгэрийн хөвгүүнд айлтгаж чамайг дээд жанжин болгосугай!” хэмээсэнд Гоу Ань өгүүлрүүн: “Ямар хэрэг байх буй? Хүч гаргаж явсугай!”. Сыма И өгүүлрүүн: “Чи эдүгээ Чөндүд одож цуу үг задруулан хэлэгтүн! “Кунминийг хаан эзэнд гаслах санаа буй. Эрт орой хаан болсугай хэмээж баймуй” хэмээгээд танай эзнээр Кунминийг хойш дуудан авчруулбаас мөн чиний гавьяа болой”. Гоу Ань хүлээн авч Чөндүд эгээд тайганчуудтай золгож гүтгэн хэлрүүн: “Кунмин гавьяанд эрдэж өглөө үдэш эрхгүй урваж хаан суурийг булаамуй”. Тэр үгийг тайган сонсоод ихэд цочиж хаанд нарийвчлан айлтгасанд Хоужу гэлмэж өгүүлрүүн: “Тийм болбоос одоо яамуй?”. Тайган өгүүлрүүн: “Зарлиг бичиг буулган Чөндүд дуудан ирж цэргийн эрхийг байлгасанд сөргүү урвах зовлонгүй болмуй”. Хоужу үгийг дагаж Кунминийг “Цэрэг эгэж ир!” хэмээн зарлиг бичиг буулгахад Зянвань гарч өгүүлрүүн: “Цэрэг гарснаас нааш дахин давтан их гавьяа байгуулсан атал ямар учирт хойш дуудан авчирмуй?”. Хоужу өгүүлрүүн: “Надад нарийн хэрэг буй. Нүүр золгож хэлэхгүй болохгүй” хэмээгээд элчид зарлиг бичиг бариулан “Шөнө дөлөөр буцаж ирэгтүн!” хэмээн илгээв. Элчийг Ци Шань уулын их хүрээнд хүрсний хойно Кунмин угтаж өгүүлрүүн: “Дээд эзэн нас бага тул хажууд эрхгүй зальт сайд буй. Эдүгээ би хараахан гавьяа байгуулсугай хэмээн ахуг юун учир “Эгэгтүн!” хэмээмүй? Би эс эгвээс эзнийг дарласан нь болой. Хэрвээ зарлигийг дагаж эгвээс хожмын өдөр одоо энэ тухайг олохуйяа бэрх болмуй”. Зянвэй өгүүлрүүн: “Бидний цэрэг эгж одохуйд Сыма И мөн тухай хойдыг сундлан ирвээс одоо яамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ бид цэрэг эгэхэд таван замаар хувааж эгвээс болмуй. Энэ өдөр урьд энэ хүрээг эгүүлсүгэй! Үлгэрлэвээс хүрээнд нэг мянган цэрэг аваас хоёр мянган зуух өрүүлмүй. Энэ өдөр гурван мянган зуухыг өрвөөс маргааш дөрвөн мянган зуух өрүүлж өдөр бүр цэрэг эгэхэд зуух нэмж явсугай!”. Жан И өгүүлрүүн: “Эрт Сүньбинь, Пан Зюанийг барихад цэрэг нэмж зуух хорогдуулах аргыг хэрэглэжээ. Эдүгээ Чансан цэрэг эгэхэд юунд зуух нэммүй?”. Кунмин өгүүлрүүн: “Сыма И цэрэг хэрэглэхд сайн. Бидний цэрэг эгэхийг мэдвээс лав нэхэхээр ирмүй. Дотор манийг цэрэг бүгүүлсэн буюу хэмээн сэжиглээд эрхгүй хуучин хүрээний зуухыг тоолмуй. Өдөр бүр зуух нэмснийг үзвээс цэрэг эгснээ үгүйг мэдэж олохгүй тул сэжиглэж аймшиггүй нэхэхгүй зогсмуй. Тийм болбоос бидний цэрэг алгуураар эгж огт цэрэг хорогдох зовлонгүй болмуй” хэмээгээд даруй “Цэрэг эгсүгэй!” хэмээн зарлав.

Тэндээс Сыма И, Гоу Анийг явуулсан арга бүтээд Шу улсын цэрэг эгэх болбоос нэгэн цугаар нэхэж “Байлдсугай!” хэмээн бэлтгэн бүхийд гэнэт харуулын хүн хэлрүүн: “Шу улсын цэргийн хүрээ хоосон болж хүн морь цөм одов” хэмээмүй. Сыма И, Кунмингийн арга олноос эмээн хөнгөнөөр нэхсэнгүй. Өөрөө зугуухан цэргийг авч Шу улсын хүрээнд ороод цэргээр зуухыг тоолуулж хэвээр хүрээнд эгэв. Жич өдөр бас цэргийг нөгөө хүрээнд илгээн зуухыг байцаалгасанд хойш ирж хэлрүүн: “Хүрээний доторх зуух урьдаас бас нэгэн хувь нэмжээ” хэмээмүй. Сыма И олон жанждад хэлрүүн: “Би Кунмингийн бодлого үлэмж хэмээн санасан билээ. Эдүгээ үнэхээр цэрэг нэмж зуух авчруулав. Би хэрвээ нэхсэн болохул эрхгүй түүний аргад ормуй. Түр эгэж өөр арга бодоход хүрэхгүй” хэмээн цэрэг эгэж эс нэхжээ. Кунмин нэг хүн ч хохируулсангүйгээр Чөндүд эгэв. Хойно Чуанькоу амын хүн ирж Сыма Ид хэлрүүн: “Кунмин цэрэг эгэх үес цэрэг нэмэх нь үзэгдсэнгүй, гагц зуух нэмэхийг үзэв” хэмээсэнд Сыма И тэнгэрийн зүг хандаж өгүүлрүүн: “Кунмин Юйсюйгийн124 аргыг дуурайж намайг мэхлэн өнгөрөөв. Түүний бодлогод би хүрэхгүй” хэмээн их цэргийг авч Луо Янд эгэв.

Энэ чухамхүү:

“Шатар тавихад сацуу гард уулзваас харилцан ялгуухуйяа бэрх

Жанжин бологсод чадал сайтайд учирваас оморхоглож чадахгүй”

Эгнэгт Кунмин Чөндүд эгээд яахыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

 

124 Зүүн Хань улсын үеийн хүн болой. Цян аймагтай Чөнчанд байлдаж тэр “зуух нэмэр” аргыг хэрэглэж Цян аймгийг дийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top