Шадар сайд С.Амарсайхан Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

2023 оны 01 сарын 25

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Лондон хотноо хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус хотын Хөрөнгийн биржид зочилж, биржийн хувьцаа, тогтмол орлоготой санхүүгийн хэрэгсэл, анхдагч зах зээлийн асуудал хариуцсан захирал Чарли Волкер, олон улсын  бизнес хөгжлийн газрын захирал Том Атенборо нарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Лондоны хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулагдах шинэ хотын бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцов.

Талууд хөрөнгийн биржүүдийн хооронд тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, давхар бүртгэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төрийн өмчит компаниудын хувьчлалыг хийх, банк, санхүүгийн байгууллагууд, бусад төслүүдэд хөрөнгө татах нөхцлийг бүрдүүлж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Лондоны хөрөнгийн биржээс 2023 оны 6 дугаар сард зохион байгуулах арга хэмжээнд Монгол Улсын холбогдох байгууллагуудыг оролцуулж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах боломжоор хангах, тус биржийн нэвтрүүлсэн хүлэмжийн хийн арилжааны тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top