ПАРИС-2024 | Орос үлдэх үү, ирэх үү?!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Оросууд Украины газар нутагт халдаад жилийн ойтойгоо золгох гэж байна. Дайны фронтод тулаан өрнөж байхтай зэрэгцэн цусгүй тулаан спортын салбарт дэгдээд эхэллээ.

Бүр тодруулбал, олимпын наадамд Оросуудыг оролцуулах, эс оролцуулах тухай асуудал. Хүн төрөлхтний их баяр цэнгэл олимпын наадамд дайн дэгдээсэн Оросуудыг оролцуулах нь зохистой юу гэдгийг Украин асуусаар ирсэн. Аль 2014 онд Крымын хойгийг булаан эзлэхэд энэ асуултыг асуугаад эхэлсэн. Гэтэл 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр халдан довтолгоог шинээр эхлүүлсэн нь өнөөг болтол дуусаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын олимпын хорооны ээлжит хуралдаанаар эцсийн шийдвэрт хүрээгүй ч гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны дараа ОХУ болон Беларусийн тамирчдыг ОУОХ-ны далбаан дор оролцуулж болно гэж албан ёсны твиттер хуудаснаа жиргэжээ.

Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан Украинчуудад таалагдаагүй. Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленський Оросуудыг, тэднийг дэмжигч Беларусийг олимдын наадмаас хасах ёстой гэсэн хатуу мэдэгдэл гаргалаа. Барууны хэд, хэдэн улс орон ч тэднийг дэмжсэн. Олимпизм гэдэг нь өөрөө энх тайвны бэлгэдэл байсаар ирсэн. Эртний олимпын үеэр дайны утаа намждаг байсныг ч түүхийн хуудсанд тэмдэглэн үлдээжээ. Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болохоос бүр өмнө Их Британи, АНУ зэрэг улс орнууд хэрэв оросуудыг Парисын олимпод оролцуулбал бойкотлоно гэдгээ  ч зарлаж байв. Гэхдээ энэ нь тухайн улсын олимпын хорооны албан ёсны шийдвэр биш ч тодорхой албан тушаал хашдаг эрхмүүд твиттер хуудсандаа жиргэсэн нь жирийн үг биш болохыг харуулна. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны дараа ОХУ-ын Олимпын хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков “гүйцэтгэх зөвлөл бодит байдлыг харгалзан үзсэн байна” гэж сайшаасан. Гэвч эцсийн шийд гараагүй байгаа тул ОХУ-ын олимпын хороо ОУОХ-той хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ зарласан юм. ОХУ болон Беларусь улсыг “Парис-2024” зуны олимпод оролцох эсэхийг ирэх хоёрдугаар сарын 03-ны өдөр эцэслэн шийдвэрлэнэ.  Украины олимпын хороо хоёрдугаар сарын 03-нд гарах эцсийн шийдвэрийг хүлээж байна. Хэрэв ОУОХ-ны нэгдсэн далбаан дор оролцуулах шийд гаргавал Украины зүгээс ирэх оны олимпыг бойкотлоно гэдгээ аман байдлаар зарлалаа. Үүнийг холбоотон хэд, хэдэн улс дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Хэрэв тэгвэл 1980 оны Москвагийн олимпыг өнжиж байсан гашуун түүх давтагдана.

Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл болсон олимпын наадам түүхэндээ хэд, хэдэн удаа бойкотлох үйл явц өрнөж байжээ. Хамгийн эхний нь 1956 Мельбурнын олимп байсан. Тухайн үед Суэцийн сувгийн хямралтай холбоотойгоор Египет, Ирак, Кампуч, Ливан улсууд, Зөвлөлтүүд Унгарыг эзэлсэнтэй холбогдуулан Нидерланд, Испани, Швейцарь, БНХАУ бойкотт зарлаж байжээ. Үүнээс хойш олимпын наадам зургаан удаа бойкотод өртөж байв. Та бүхэнд дэлгэрэнгүй хүргэе.

“Мельбурн-1956” наадмын бойкот

Дээр өгүүлсэнчлэн Египет, Ирак, Ливан, Кампуч улсууд Суецийн сувгийн хямрал буюу Египетийн газар нутагт Израйль, Франц, Их Британи улсууд халдсаныг эсэргүүцэн бойкот зарлажээ. Харин ЗХУ Унгарын газар нутагт халдан довтолсны хариу болгож, Нидерланд, Франц, Швейцарь улсууд бойкот зарласан байна. Харин БНХАУ-ын засаг захиргаа Бүгд найрамдах Хятад улсын статус кво, төлөөлөх эрхийн асуудлаас үүдэн тамирчдаа илгээгээгүй юм. 
 


 

“Токио-1964” наадмын бойкот

Энэ удаагийн наадмыг оролцохгүй өнжсөн гурван улсыг бойкотолсон гэхээс илүүтэй Олон улсын олимпын хорооны үзэмжээр хассан гэж үзэж болох талтай. Токиогийн олимп эхлэхээс ердөө нэг жилийн өмнө Индонезийн Жакарта хотод болсон Шинэ сэргэгч хүчний анхдугаар наадам зохиогдоход БНХАУ, ЗХУ, Арабын нэгдсэн бүгд найрамдах улс, Индонез, Умард Солонгос, Аргентин, Япон зэрэг улсууд оролцов.

Гэвч Олон улсын олимпын хороо үүнд дургүйцэж тухайн улсын тамирчдыг оролцуулахгүй байхаар болж Япон улс зохион байгуулагч орон тул аргагүйн эрхэнд оролцуулахаар болж, Аргентин, Арабын нэгдсэн бүгд найрамдах улс, ЗХУ-ын олимпын хороо албан ёсны захидал ирүүлсэн гэх шалтгаанаар оролцуулжээ. Харин Умард Солонгос, Индонези, БНХАУ-ын олимпын хороо ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас тамирчид нь энэ удаагийн наадамд оролцоогүй юм.
 


“Монреал-1976” наадмын бойкот

Арьс өнгөний үзлийн эсрэг африкын улс орнууд нэгдсэн гэдгээрээ энэ олимп түүхэнд үлджээ. Апартейд буюу хар арьстнуудыг үзэн ядах үзлийн улмаас Шинэ Зеландыг энэ удаагийн олимпын наадмыг оролцуулахгүй байхыг африкын хэд, хэдэн улс уриалсан. Гэвч ОУОХ Шинэ Зеландыг оролцуулахгүй байх үндэслэлгүй гэж үзсэн юм.

Конго улсын засаг захиргаа африкын хэд, хэдэн улсыг тэргүүлэн энэ наадмыг өнжихийг уриалсан акци өрнүүлсэн юм. Улмаар африкын 29 улс бойкотолжээ. Сенегал, Кот Дивуар улсууд эхний хэдэн өдөр тэмцээнд оролцож байгаад дундаас бойкотолсон юм. Харин Афганистан, Эль Сальвадор, Албани, Шри Ланка, Сири зэрэг улсууд эдийн засгийн шалтгаанаар энэ наадмыг өнжжээ.
 


“Моксва-1980” наадмын бойкотт

Энэ удаагийн олимпын наадмыг түүхэнд байгаагүй олон орон бойкотолсон юм. Тиймдээ ч 1956 оноос хойш хамгийн цөөн улс орон оролцсон наадам болон түүхэнд үлджээ. Тухайн үед ЗХУ-ын арми Афганистанын газар нутагт цэрэг оруулсан нь АНУ тэргүүтэй ардчилсан чиг баримжаатай улс орнуудын дургүйцлийг төрүүлсэн. Уг наадмыг АНУ, Канад, Япон зэрэг 66 улс оролцолгүй бойкот зарлажээ. Тухайн үеийн Олимпын хороонд нэн шинэ асуудал болсон энэ удаагийн наадам ОУОХ-ны далбаан дор тэмцээнд оролцох шинэ аргачлал бий болгож хэд, хэдэн улс өөрийн улс орны далбаан дор биш ОУОХ-ны далбаан дор энэ удаагийн наадамд оролцсон юм.

ЗХУ-ын удирдлагууд үүнийг капиталист орнуудын өдөөн турхиралт гэж үзэн зэмлэн буруушаасан хэд, хэдэн мэдэгдэл гаргаж байсан билээ.
 


“Лос Анжелес-1984” наадмын бойкот

Уншигч та бараг таасан байх. Өмнөх олимпыг нь барууны улс орнууд бойкотолсон учраас социалист лагерийн улс орнууд энэ удаагийн наадмыг бойкотлох шийдвэр гаргасан. Ядаж байхад энэ удаагийн наадам АНУ-ын Лос Анжелес хотод болсон учраас социалист улс орнууд дуу нэгтэй оролцохгүй байхаар шийдвэрлэжээ. ЗХУ-ын засаг захиргааны шийдвэрийг социалист лагерийн 14 улс хүлээн зөвшөөрч тамирчдаа илгээгээгүй юм. Хэдийгээр социалист системд багтдаггүй ч улс төрийн шалтгааны улмаас Албани, Иран, Ливан улсууд мөн адил тамирчдаа илгээгээгүй юм. Хэдийгээр ОУОХ-ны зүгээс өөрийн улс орны далбаан дор бус олимпын таван цагараг бүхийн далбаан дор оролцох санал тавьсан ч социалист лагерийн улс орнууд татгалзаж “Энх тайван найрамдлын наадам” гэгчийг тусдаа зохион эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
 


“Сөүл-1988” наадмын бойкот

Энэ удаагийн наадмыг албан ёсоор Умард Солонгос, Куба улсууд бойкотолсон. Умард Солонгос бол улс төрийн шалтгаанаар оролцохгүй гэдгээ зарласан байсан. Сөүл хотыг олимп зохион байгуулах хотоор зарласныг ч эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байлаа. Куба улс мөн адил социалист лагерийн хамгийн том холбоотныхоо шийдвэрийг дагасан. Наадам эхлэхээс өмнө социалист лагерийн улс орнууд тамирчдаа илгээх эс илгээх асуудлаар хэлэлцсэний эцэст тамирчдаа илгээхээр болж байсан юм. Харин Эфиоп, Албани, Сейшелийн арлууд улс урилгад хариу өгөлгүй оролцохоос татгалзжээ. Никарагуа болон Мадагаскар улс санхүүгийн асуудлаас болж тамирчдаа илгээгээгүй байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (64.119.25.17) 2023 оны 01 сарын 31

Ядуу хүн улстөрждөг юм. Олимпын хороо ядуу юм байна.

0  |  0
Зоч(64.119.24.33) 2023 оны 01 сарын 31

Эргүүтээд байгаарай,орос орохгүй байхаар яадаг юм,дэлхийн 200д орон оролцох Олимп 1 орноор дутахгүй.Үүнийг замын ноход хуцаж л байг,Жингийн цуваа\nявдгаараа явна гэдэг юм

2  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 31

orosgyi olimp gej yu bsixav dee

0  |  1
Top