Н.Алтанхуяг: Миний өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр дуудах хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө  үргэлжилж байна. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би гурав дахь удаагаа гэрчээр оролцож байна. Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж, нотлох баримтыг нягталж байгаа нь бол том алхам. Энд Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гавьяа ч их байгаа байх. Гэхдээ юманд жаахан улстөржихгүйгээр хандмаар байна. Түүнээс Х.Баттулга тэгсэн байж магадгүй гэдэг үндэслэлээр яримааргүй байна. Төмөр замыг 2010 оноос эхэлж ярих ёстой. Т.Доржханд гишүүн ч нэг зүйлйиг буруу ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар өөрөө бодлого гаргаад хийдэг юм биш. УИХ-аас гаргасан баримт, тогтоол, хуулийн хүрээнд явагддаг. Монгол Улс 2010 онд тогтоол гаргасан, Ерөнхий сайд нь Сү.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсан, нам ярьж байгаа бол шүү. Энэ төмөр зам бол хөгжлийн асуудал мөн, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх нь зөв юм гэж үзсэн. Ийм л агуулгаар Засгийн газрын тогтоол гаргаж байсан. Яагаад миний өмнө Ерөнхий сайд байсан хүмүүс энд орж ирж суухгүй байгаа юм, гэрчээр дуудах хэрэгтэй. Яагаад өмнөх он цагийг нь та нар улстөржөөд тасдаад хаячихаад байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Түүнийг "Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулан гэрчээр дуудсан юм. Тэрбээр тухайн үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top