Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ болон шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар энэ долоо хоногт мэдээлсэн.
Энэ үеэр Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Мэдээлэл технологийн газрын дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар оролцож олон нийтэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч 2022 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ШЕЗ-д ирүүлснийг хуралдаанаар хэлэлцэн тухайн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.
Сүүлийн үед шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан олон нийтийн цахим сүлжээгээр ажил хэргийн нэр хүндэд нь халдах, илт худал мэдээлэл түгээж үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох заналхийлэх, мөн шүүх хуралдааны явцад хуралдааны дэг зөрчих, хуралдаан даргалагчийг доромжлох, өөрт таалагдаагүй шийдвэр гаргасан тохиолдолд гомдол гаргах, хэргийн талаар олон нийтэд мэдээлнэ гэх мэтээр дарамтлах зэргээр шүүгчид нөлөөлж, хараат бус байдалд нь халдах оролдлого давамгайлж байгааг ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа дурдлаа.
Э.ГАНЦЭЦЭГ: ЭРҮҮГИЙН ХЭРЭГ 9.8 ХУВИАР ӨССӨН
Өнгөрөгч 2022 онд 106 мянга 932 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ.Тэр дундаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 9.8 хувиар, иргэний хэрэг 20.5 хувиар, захиргааны хэрэг 8.8 хувиар, зөрчлийн хэрэг 35.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин Давж заалдах шатны шүүх 2022 онд эрүүгийн 2312 хэрэг, иргэний 3048 хэрэг, захиргааны 636 хэрэг, зөрчлийн 636 хэрэг нийт 5996 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 9.8 хувиар, иргэний хэрэг 20.5 хувиар, захиргааны хэрэг 8.8 хувиар, зөрчлийн хэрэг 35.9 хувиар өссөнийг ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг онцолсон юм. Цаашлаад хяналтын шатны шүүх 2022 онд эрүүгийн 188 хэрэг, иргэний 1291 хэрэг, захиргааны 84 хэрэг, нийт 1563 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 41.6 хувь, иргэний хэрэг 19.1 хувиар, захиргааны хэрэг 42.1 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байгаа юм. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэрэг 21.8 хувиар, хулгайлах гэм хэрэг 27.5 хувиар, залилах гэмт хэрэг 10.7 хувиар өссөн байна.
ШҮҮХ ТОРГОХ ЯЛЫГ ТҮЛХҮҮ ОНООЖЭЭ
Монгол Улсын хэмжээнд 2022 онд шүүхээс торгох ялаар нийт 8165 хүн, 10 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1552 хүн, хорих ялаар 2919 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1761 хүн тус тус ял шийтгүүлсэн байна. Өнгөрсөн оноос торгох ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 47.2 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 2.2 хувиар, зорчих эрхийг хязгаарлах ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 67.9 хувиар, хорих ял шийтгүүлсэн хүний тоо 15.9 хувиар тус тус өссөн байна. Шүүхээс 8165 хүн, 10 хуулийн этгээдийг нийт 11 тэрбум 369 сая 847 мянга 200 төгрөгийн торгууль оногдуулжээ.
Цагдан хорих зөвшөөрлийн тоо 10.2 хувиар өссөн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн 3158 хүний 2592 буюу 82.1 хувийг нь цагдан хорьж, 202 хүн буюу 6.4 хувьд нь шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 67 буюу 2.1 хувийг шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 297 буюу 9.4 хувийг шүүгч цагдан хорихоос татгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2022 онд харьяаллын дагуу зөрчлийн 24116 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 3756 шийдвэрийг хянасан байна. Үүний 43 хуулийн этгээд, 4194 хүнийг торгож, 20164 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 707 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 636 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 331 хэрэг буюу 52.0 хувьд нь хэвээр үлдээж, 67 хэрэг буюу 10.5 хувьд нь шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 69 хэрэг буюу 10.8 хувьд нь шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаажээ.
Мөн 169 буюу 26.6 хувьд нь албадлагын арга хэмжээг хөнгөрүүлж эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан аж. Харин тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн байна. Тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 2681 буюу 89.2 хувиар өссөн гэдгийг албаныхан хэллээ. Хүний амь насыг хохироох хэрэг 9.1 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2.0 хувиар, хүн худалдаалах гэмт хэрэг 50.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )