Нүүрсний хэрэгт холбогдсон улстөрчид ТОС, УСААРАА ЯЛГАРЧ эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Хэрэв уншигчид санаж байгаа бол анх АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 улстөрчийн нэрийг зарласан. Тэдний дунд өнөөгийн парламентад суугаа УИХ-ын долоон гишүүн багтсан.

Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нарын нэрсийг зарласан бол АН-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарыг нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бус утгаараа холбогдсон байдаг. 

Тэгвэл олон нийтийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгайн хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын хамтарсан Ажлын хэсгээс дээрх хэрэгт холбогдолтой хүмүүсийг нь яллагдагчаар татан хилийн хориг тавьж, холбогдолгүй хүмүүсийнх нь хэргийг эхнээс нь хэрэгсэхгүй болгож эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй болохыг нь тогтоосон байна. Улмаар түүнд нээсэн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн баталлаа.

Тэрбээр "Манай намын гишүүд бүгд л шалгуулж байна. Зарим нь шалгуулаад гэм буруугүй гэдэг бичгээ хүртэл авч эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нүүрсний тавын нэг гэж нэрлэгдээд л явж байсан, бүгд л мэдэж байгаа. Гэтэл Б.Баттөмөр гишүүн надад эрүүгийн хэрэгт таныг шалгасан ч ямар ч гэм буруугүй болох нь тогтоогдсон гэсэн бичгээ албан ёсоор үзүүлсэн" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Улмаар УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд хилийн хориг тавьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.

Энэ мэтээр нүүрсний хулгай гэх хэрэгт холбоотой хэмээн нэр нь зарлагдсан улстөрч, албан тушаалтнууд тос, усаараа ялгарч хэрэгт холбоотой нь яллагдагчаар татагдаж, холбоогүй  хүмүүсийн хэрэг эхнээсээ хаагдаж байна.

Товчхондоо, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцэл нь үр дүнгээ өгч эхэлж байна гэсэн үг.  

ВИДЕО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2023 оны 02 сарын 16

Өмнө-говь аймагийн ИХ-н гишүүн Эрдэнэ-очир их хэрэгийн үзүүр шүү Өмнө-говь аймагтай холбоотой нүүрс , болон тэндерийг бүгдийг мэдэж бгаа сайн шалгуулж чадвал их юм гарна даа хуулийнхан даан ч чадахгүй биздээ

0  |  0
Top