Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав.
Хатагтай Ким Ён Жү Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Цаашид “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн солилцоог дэмжих зэргээр БНСУ-ын талтай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Хоёр улс НҮБ болон олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хамтран ажиллаж байгааг хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү илэрхийллээ.
Энэ хүрээнд Солонгосын “Ногоон эмнэлэг”-тэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хоол тэжээлийн дутагдал, амьсгалын замын өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөснөө танилцуулав.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.
Сэтгэгдэл ( 0 )