БНСУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын тэргүүн нарын яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд 2021 онд хөгжүүлэхээр тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог болохыг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газар, ард түмэн Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлжээ.
Мөн БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотолсон байна.
Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд БНСУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегид Монгол Улсыг тэргүүлэгч харилцаатай орнуудын эгнээнд хамруулж, цаашид Монгол Улстай харилцан ашигтай, бие биеэ нөхсөн Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Монголын тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйг дурдаад энэхүү томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урив.
Солонгосын тал дагуул хот байгуулах монголын талын бодлогыг дэмжих зорилгоор БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлэв. Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг тавьж, Солонгосын тал нааштай судалж, хамтран ажиллахаар боллоо.
Талууд Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгийн нөөцөөр тэргүүлэх дэлхийн 10 орны нэгт тооцогддог бөгөөд Монгол Улсын байгалийн баялгийг БНСУ-ын ноу-хау, дэвшилтэт технологитой хослуулах замаар газрын ховор металлын салбарт тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг нотлов.
Энэ хүрээнд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж, “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов. “Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглэлээ. Түүнчлэн хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлж, төслийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болов. Айлчлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар тогтлоо.
Мөн айлчлалын хүрээнд “Монгол, Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулснаар бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг нээх, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, түүний дотор Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахад чухал түлхэц болсон гэж үзэж буйг тэмдэглэлээ. Энэ үеэр Ерөнхий сайд хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, эрүүл мэндийн шугамаар зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарахыг хүссэн байна. Талууд иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тогтож, олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлэхээр болсныг онцолж, эмчилгээний зэрэг хүмүүнлэгийн зорилгоор зорчих монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болов.
Мөн иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхээр тогтсон байна. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа тэмдэглэж, Солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаар болсон бөгөөд Солонгосын тал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )