ОЛОН ӨНГӨ: Урин цаг ирлээ, утаагаа мартуузай

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Урины үзүүрт үл мэдэгхэн нар амтагдаж, жавар зөөлөрсөн энэ өдрүүдэд утааны асуудлаа бараг мартах шахав. Нөгөө талаар Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр хоёр жил өнжсөний эцэст тохиож байна. Ирж яваа цагийн өнгөн дээр утааны асуудал өдрөөс өдөрт алсарч, хэтдээ мартагддаг жишиг цухалзаж ирэв. Утааны хувьд энэ өвөл улаанбаатарчууд хүндхэн өвөлжсөн. Агаарын бохирдол, утааны чиглэлд ахиц дэвшил гарсан ч алдаа гараад байгааг энэ өвөл харуулсан учраас урин цагт анхаарч ажиллах зүйл байгааг сануулсан хэрэг.

Техник технологийн алдаа байсан уу, түүхий эдийн нөхцөл байдал нөлөөлөв үү. Ихээхэн хортой байж болох утаа энэ өвөл нийслэлийг бүрхэж өнгөрсөн гэдгийг иргэд ярьж байна. Ямар сайндаа салбарынх нь сайд гэр хорооллын дээгүүр дрон нисгэж, айлын гал голомт онгичож үзлэг хийсэн асуудлаар огцорч байхав дээ.

Зөвхөн айсуй гуравдугаар сард Эх орончдын өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу эмэгтэйчүүдийн баяр, Зэвсэгт хүчний өдөр буюу эрчүүдийн баяр, Эр цэргийн баяр, Дэлхийн яруу найрагчдын өдөр, Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр, Наурызын баярын өдөр, Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр, Усны өдөр, Олон улсын театрын өдөр, Дэлхийн эмч нарын өдөр тус тус тохионо. Шил шилээ харсан энэ олон баярын хаана ч утаа ярих билээ. Тэмдэглэлт баярыг уухайлсаар өнгөрч таарна. 

Ийм л цагт өвөл цаг ирнэ, ахиад л утааны асуудал байгааг өглөө бүр санах хэрэгтэй болж байна. Ийнхүү гуравдугаар сар дуусаж, дөрөвдүгээр сар эхлэхэд утаа үзэгдэхээ бараг болино. Монголчууд эрт дээр үеэсээ урин цагт сэтгэл талбиж, муу бүхнээ мартан амьдарч ирсэн хүмүүс. Дөрөвдүгээр сарын салхи садагтай өдрүүд урсан өнгөрч, нэг л мэдэхэд тавдугаар сар эхэлж, утааны асуудал бүрэн мартагдана. Аажмаар амралт цэнгээн, наадам, ой гээд замхарч өгнө. Ёстой л “Зуны сарыг зургаа юм шиг зугаалж, намрын сарыг найм шиг найрлана” даа.  Тиймээс урин цагт ядахад л шахмал түлшээ савлах уут шуудайгаа бэлдэх хэрэг гарна. Өнгөрөгч өвөл чухам ямар учраас гэнэтхэн утаа ихсэв гэдгээ тодорхойлж, алдаагаа засах ажлыг урин цагт л хийх учиртай. Шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхүүдэд тараах нь агаарын бохирдол арилгах шийдэл бол биш, түр зуурын л арга гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өнөөдөр Монгол Улсад байгаа боломж энэ учраас байгаа бодит боломжидоо тулгуурлан авч байгаа арга хэмжээ. Тэгэхээр энэ нөхцөл байдалдаа тохируулан ажиллах шаардлага байгааг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top