Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэн гаргасан Зөвлөмжийн талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Галбадрахаас тодрууллаа.
-“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, дууслаа. Таны хувьд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласан. Энэ уулзалтыг хэр дүнтэй болсон гэж бодож байна вэ?
-Эхний шатны санал асуулгад оролцсон 1570 хүн бол олон улсын жишгээр боломжит хувилбар гэж ҮСХ тайлбарласан. Эхний шатанд оролцогчид ямар ч мэдээлэл аваагүй, тухайн үедээ өөрт байгаа баримжаа, мэдээллээр санал өгсөн бол хоёр дахь шатанд оролцогчдыг хоёр өдөр мэдээллээр хангаад санал авсан. Үүнийг МҮОНТ-ээр шууд дамжуулсныг та бүхэн мэдэж байгаа. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, улс төрийн намууд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан. Энэ 22 асуулт тус бүр дээр дөрвөн ангиллаар оролцогчид 15, 15-аар бүлэг болж хуваагдан хоорондоо ярилцаж, үзэл бодлоо хуваалцсаны дараа хоёр дахь шатны санал асуулгыг явуулсан. Ингэхэд нэгдүгээр шатанд авсан зарим саналын хувь буусан, зарим нь өссөн байна. Яг эндээс л бид ямар асуудлыг эрэмбэлж гаргах вэ гэдгийг харлаа. Миний хувьд 22 асуултыг төгс төгөлдөр байсан гэж хэлж чадахгүй. Боловсруулах явцад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн дунд маргаан байсан ч олонхоороо шийдье гэдэг нэг л зарчим барьж ажилласан. Миний эхний дүгнэлт бол санал асуулга амжилттай боллоо. Олон нийтийн санаа бодлыг ядаж 50 хувь илэрхийлж чадсан байх гэж харж байна. Жишээлбэл би Монголын улс төр, нийгмийг гаднаас нь шүүмжилдэг хүмүүсийн нэг. Жагсагчид олон шүүмж хэлж, шаардлага тавьдаг. Тэгэхээр энд нэг асуудал байна. УИХ-д хууль боловсруулж, баталдаг хүмүүсийн өмнөөс бид зөвхөн сэтгэл хөөрлөөр тэгж болохгүй, ингэж болохгүй гэж асуудал тавьж болохгүй. Яагаад гэвэл бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой учраас олон шаардлага, шүүмжлэл ихэнх тохиолдолд биелэгддэггүй. Би Зөвлөлдөх зөвлөлд ажиллаад юуг ойлгосон бэ гэвэл, иргэд бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой юм байна. Бид жагсаад, нэгдээд тодорхой асуудал тавих гэж байгаа бол судлах хэрэгтэй юм байна. Хуулийн хүрээнд ямар заалт байна вэ, энэ яагаад амьдрал дээр болохгүй байна вэ гэдгийг мэдээлэлтэй байж, нухацтай судлан хандах ёстой юм байна. Гарц шийдлийг хуулийн хүрээнд гаргах ёстой. Түүнээс биш нь та нар болохгүй байна, та нар огцор гэж мянга хашгираад үр дүнд хүрэхгүй юм байна. Сая Зөвлөлдөх зөвлөл гэдэг бүтцээр дамжуулаад УИХ болоод ард түмний дундын жийргэвч маягтай ажиллаж үзлээ. Эндээс надад төрсөн бодол бол бид дандаа төрийг буруутгаад байхаас илүүтэй үүргээ биелүүлээд, хариуцлагатай эв нэгдэлтэй байж, асуудлыг хуулийн хүрээнд гаргаж тавьсан тохиолдолд ойлголцолд хүрэх юм байна гэж ойлголо. Эс тэгвэл жагсаал цуглаан дээр хүртэл асуудал зөвөөр хөндөгдөж байгаа ч үр дүнд хүрэхгүй. Хуульчид, судлаачид шиг тоо баримт, хууль зүйн үндэслэлтэй нь ярьж, гаргалгаа гаргаад явж яагаад болохгүй байгаа юм. Зүгээр л хэдэн хүнийг урдаа гаргачхаад ард алга ташаад зогсоод байж болохгүй шүү дээ. Үнэхээр л энэ нийгмийг өөрчилье гэж бодож л байгаа юм бол хүний бүрийн оролцоо, хариуцлага байх ёстой юм байна.
-Зөвлөлдөх зөвлөлийн УИХ-д хүргүүлсэн зөвлөмжид ямар асуудлууд тусгагдсан бэ?
-Зөвлөлдөх зөвлөлийн нэг, хоёрдугаар шатанд оролцогчдоос маш их мэдээллийн дата цугларсан. Бид асуулт бүрээр хариултаа багцлахаар энэ асуултад төдөн хүн санал өгсөн байна гэсэн статистик тооны ард ерөнхий мэдээлэл өгөх болчхоод байгаа юм. Гэтэл үүний цаана байгаа үй олон датаг яах вэ гэдэг асуулт үлдэж байна. Тийм учраас УИХ-ын даргатай уулзах үеэр дата мэдээллүүдээ дахиад гүнзгийрүүлээд судлаад үзье. Хүмүүсийг өгсөн санал, дэвшүүлсэн асуудлыг гаргасан судалгаан дээр тулгуурлаад шинжлэх ухааны үндэслэлтэй, статистик дээр тулгуурласан хуулийн дагуу гаргалгааг гаргаж тавих ёстой гэж харж байна.
-Зөвлөлдөх зөвлөл зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ. Таны хувьд ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Зөвлөлдөх санал асуулгын нэг, хоёрдугаар шатанд иргэдийн өгсөн саналыг дахиад нарийвчлан судлах шаардлагатай. Хэрхэн, ямар байдлаар хууль, тогтоомжид тусгах вэ, эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг нь УИХ-ын ажил. Зөвлөлдөх зөвлөл үүргээ гүйцэтгээд, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ. Хэрвээ энэ эрэмбэлсэн асуудлуудыг УИХ хэлэлцэхгүй, үл ойшоовол Зөвлөлдөх зөвлөл олон нийттэй хамтраад шаардах ёстой.
Сэтгэгдэл ( 2 )
Нүүрсний хулгайчид хятадуудтай үгсэн хуйвалдаж тэдний гар хөл болж баялнийг үнэгүйдүүлж эх орноосоо урвасан Хятадын тагнуулууд. Тэднийг яллан хуулийн зүйл, заалтаар шоронд явуулах ёстой. Харин Мөнхбаяр, Хулан 2 ыг хэлмэгдүүлж болохгүйг анхааруулъя.
hujaa