Ж.Гончигсүрэн: Хүмүүний хамгийн том засал бол сэтгэлээ номхотгох юм

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Зурхайн ухааныг шинжлэх ухаанчаар хөгжүүлж яваа цөөхөн хүний нэг бол монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн, хамба лам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн  Ж.Гончигсүрэн юм. Түүнийг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай  жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бэ. Хүмүүс шинийн 15-ны дотор заслаа заавал хийлгэх ёстой юу?

-Сайн, муу жил болох нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг юм шүү дээ. Бие, хэл, сэтгэлээрээ хийсэн бүхнээ хянаж, учир шалтгаан шүтэн барилдлагыг олбол сайхан үр дэлгэрнэ. Эсрэгээр нь муу юм ярих тусам буян барагдана. Өнөө цагт мууг их ярьж хэлээр үйлдэх гэм их болжээ. Нэг хүний ярьсныг нэг  хэсэг нь цааш  түгээн  дам нүгэл үйлдэх нь ч олширч байна. Нийтээрээ сайныг ярьж, сайхныг үлгэрлэж байвал нийгэм маань сайхан болно. Үүнийг хаа хаанаа анхаарууштай. Үүнд ялангуяа хэвлэл, мэдээллийн салбарынхан, сэтгүүлч та бүхэн сайн сайхныг түгээхэд, нийгмээ соён гэгээрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Сүүлийн үед хүмүүс гар утсаа бариад элдэв мэдээлэлд умбаж, түүнээс хар мууг нь түлхүү хэлэлцэж, түгээх болжээ. Энэ чинь нөгөө бие, хэл, сэтгэлээрээ мууг үйлдэж буй хэрэг шүү дээ.

“Энэ хулгайч, тэр хулгайч” гээд яриад, бичээд байдаг. “Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо” гэж үг бий. Үүнийг хэдхэн хоног тэвчиж яагаад болохгүй гэж. Энэ дэлхий дээр бид хэдүүлээ билээ, гурван сая гаруйхан хүн л байна шүү дээ. Сүүлдээ бүр хүндэлдэг хүнгүй болчихлоо. Жишээ нь, өрхийн тэргүүн, эсвэл эхнэрээ муулаад байвал тэр айл сайжрахгүй шүү дээ. Түүнтэй  адил юм даа. Албан газар байлаа гэхэд даргыгаа муулаад байвал тэр байгууллага бас сайн явахгүй. Үүнийг сайн бодох ёстой. Хүн ер нь өөрийгөө хичээх хэрэгтэй юм. Бусдаас бурууг хайхгүйгээр өөрөөсөө бурууг хайж, өөрийгөө засах нь чухал юм. Би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу. Зөв үг хэлж байна уу, буруу зүйл хэлж байна уу. Намайг дагаад бусад хүн нүгэл хураачих вий гэж бодож, өөрийгөө цэгнэж байвал сайн сан.

Миний хувьд жил болгон гаргадаг цаг улирлын бичигтээ  зурхайн зурлага, жилийн ерөнхий байдал, мөр зүг гаргах болон заслын тухайд оруулахаас  гадна хүмүний бие, хэл, сэтгэлийн  гэмийг арилгах тухай, судар тарнийн далайгаас  нэлээд зүйлийг  нэмж баяжуулан хэвлүүлж ирлээ. Энэ жилийн тухайд шороон үхрийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл “үхэр нь” толгой, эвэр, чих, сүүл болон омруу хөх, дөрвөн шийр нь улаан, ногоон биетэй, цагаан ходоодтой, амаа хумхисан, сэмбэрүү дөртэй шар буртантагтай, сүүлээ баруун тийш шарвасан байдалтай байна.

“Үхэр хариулаач нь” улаан бие, царайтай, хөх дээл  дээр шар бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихнийхээ араар, зүүн чихнийхээ урдуур тавьсан, хоёр гутлаа өмссөн, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна. Үүнээс жилийн ерөнхий байцыг дүгнэвэл хүмүнд сайн, адгуус малд ширүүн, ихэс ноёд түшмэдэд уршиг ихтэй. Хүмүн амьтны үр төл арвин биш, хур бороо арвин, зон олон эв найртай. Тариа будаа, цэцэг жимс, мод ургамлын зүйл арвидан дэлгэрнэ. Хаан, түшмэдэд дундын доод. Дунд түшмэдийн байшин гэр оронд галын аюултай. Өвгөдөд ээлтэй амгалан, залууст ширүүн, нялхаст маш ширүүн. Хүн болон үхэрт бага сага өвчин гарна гэж зурхайд буусан. Заслын тухайд заавал шинийн 15 гэх бус тухайн хүний цаг зав хэзээ хэдийд байна вэ, боломж бололцоогоороо  болох хэрэг. Ер нь бол хүмүний хамгийн том засал нь өөрийн сэтгэлийг номхотгох, шунал тачаал, уур хилэнгээ дарах, гол нь зөв байх юм шүү дээ.

-Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэхэд шамдахын учир  юу юм бол. Нэг учир байж л таана?

-Хаврын тэргүүн сарын шинийн 1  Бурхны шашинтнуудын хувьд чухал өдөр. Бурхан багш шинийн 1-15-нд рид хувилгаан дүрийг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрт хальж, гэгээрсэн гэж үздэг. Иймд бид шинийн 1-15 хүртэлх өдөр нэг маань уншвал дүнчүүр болон өсдөг, энэ өдрүүдэд үйлдсэн буян хэд дахин арвиждаг гэж үздэг. Үүний нэгэн адил бас анхаарах зүйл ч байна. Үүний нэгэн адил, мөн түрүүнд хэлсэнчлэн нүгэл үйлдсэн ч хэдэн арав дахин  арвижин үрждэг. Тиймээс энэ өдрүүдэд хүн бие, хэл, сэтгэлээ хянах хэрэгтэй юм. Харин хийдүүдэд ерөөл, Ганжуур, Бурхны магтаалыг тасралтгүй уншдаг.

-Та түрүүнд хүмүүсийг бие, хэл, сэтгэлээ хяна гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

-Сэтгэлээ хяна гэдэг нь хамаг амьтны тусын тулд гэж бодох, аливаа муу бүхнийг санаж сэдэхгүй байхыг хэлнэ. Хэлээ хяна гэдэг нь хэрүүл тэмцэл хийхгүй байх. Биеэ хянах нь үйл хөдлөлөө нягтал гэсэн утгатай. Түүнээс хийд оронд ирсэн л бол юу ч хийж болно гэсэн үг биш шүү дээ. Бид буян, нүглийг гаднаас хайх хэрэггүй. Товчхондоо хүн өөрийгөө шинж, буруугаа зас, зөв бай гэсэн үг юм л даа. Тиймээс би түрүүн цухас хэлсэн дээ, хүмүний хамгийн том засал нь өөрийн сэтгэлийг номхотгох, энэ нь шунал тачаал, аливаа мууг тэвч гэж ойлгож болно.

-Ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?

-Бага харшийн засалтай, 1936, 1960, 1984, 2008 оны эрэгтэй, эмэгтэйчүүд, 1928, 1952, 1976 хувь 2002 оны дуу жилтнүүд  нашдүрсмийн засалтай. 1924, 1960, 1996 оны хулгана жилтнүүд мэнгэ голлосон суудлын харшийн засалд Нанжиддашзэгвэ, Зүгдорнамжил, Ногоон дарь Эх, Доржнамжил уншуулах, 1924, 1972, 1996, 2020 оныхон огторгуй суудлын засалтай. 1924, 1948, 1972, 1996, 2020 оны эмэгтэйчүүд шороо суудлын засалтай. 1924, 1948, 1972, 1996, 2020 оны эрчүүд огторгуй суудалтай. Огторгуй /уут барьсан муу тул/ Намхайнямбуу, Шиирэвнямбуу, Банзрагч, Санжид Молом уншуулж мандал өргүүл. Цагаан морь, нохой авахгүй, тарваганы мах идэхгүй, шинэ гэр барихгүй. Зэс, төмөр зүйл, хуримын эд авахгүй. Өндөр газар авирахгүй. Далайн гүүрээр гарахад болгоомжилно. Хонь сарын шинийн 8-нд нар жаргах зүгт явахгүй. 1925, 1961, 1997 оныхон гүмэгийн засалтай. 1937, 1961, 1985, 2009 оныхон суудлын засалтай. 1926, 1950, 1994, 1998, 2022 оны эмэгтэйчүүд газрын үүдний засалтай. 1951, 2023 оны туулай жилтэн мэнгэ голлосон тул засалтай байгаа.

-“Үзэсгэлэн болгогч” гэдэг нэршил  ямар утгатай бол?

-Зурхайн тоолол жарнаар хэмжигддэг. Нэг жаранд 12 жил таван удаа давтагддаг. Харин жилийн өнгө болон онжид /ёгт/  нэр  60 байдаг  юм. Тэгэхээр “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жил 60 жилийн дараа дахин тохионо гэсэн үг. Энэ бол жилийн  ялгасан нэршил гэж ойлгоход болно. Өөр онцгой утга үгүй.

-Туулай жилд хүмүүсийг юунд илүүтэй анхаараасай гэж та хүсэж байна вэ?

-Бурхан багшийн айлдсан Дармападагаас эшлэл авснаа  зориуд онцолж хэлье.

“...Сэтгэлийн гэмүүдээ шүүдэн хаяад

Аралт гэгээрлээр ариутган сүлэгч

Энэ насандаа гэгээрлээр замнана

Айлтгүй, ирэх төрөлдөө ч  ялагдашгүй дээшилнэ

Занах, уурлах чиний хилэн

Замын дайсныг цогцлоож босгоно

Заналгүй уучилж, өшилгүй мартвал

Зам цэвэршиж, дайсан арилна

Хорслыг хорслоор ялдаггүй нь

Хорвоо ертөнцийн үнэн

Өшийг өршөөлөөр дардаг нь

Өнө мөнхийн зам

Элээх биеийг олж төрөгсөд

Ээлжээ дуусгаад буцах гийчид

Эргүүлж дуудах үхлээ санагч л

Элдэв хэрүүлтэй хөөцөлдөж зовохгүй

Амьдрах биеэ хэврэгийг санаж

Ассан тачаалаа атган татаж

Атгаг хүслээ хазаарлан чангааж

Авралд итгэж шамдвал

Хар салхи аргадаад халирах

Хаадан уул шиг буян батжих

Хатуу, гашуунаар хорлогч шулам

Хаанаас ч элтэлж барахгүй болно” гэсэн мөрүүдийг хүн бүр уншиж, санаж явбал өөртөө болоод  нийгэмдээ тун тустай юм шүү. Дээр нь хүн бүр эв эеийг хичээж яваасай. Энэ сайхан эх оронд дутуу юмгүй төрж өсчихөөд буянаа хураахгүй юм  бол ганц олдох энэ насанд тун харамсалтай. Энэ нас дахиад олдохгүй шүү дээ. Тэгэхээр энэхэн насандаа байгаадаа сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Илүүд шунаад яах юм. Тэрийг хүн аваад үхэх биш. Ийм сэтгэгдэл хүн болгонд төрж байваас сайн байна. Түүнээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр, цахим орчинд бүгд л зурхай ярьж байна шүү дээ. Хувь хүн аливаа зүйлдээ хянамгай, анхааралтай байх ёстой. Бие, хэл, сэтгэлээрээ хийсэн бүхнээ хянаж, учир шалтгаан шүтэн барилдлагыг олбол сайхан үр дэлгэрдэг. Эсрэгээр нь муу юм ярих тусам буян барагдана. Үүнийг хүн бүр  бодууштай.

Үзэсгэлэн болгогч усан туулай  жил  монгол түмэнд маань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ өлзий дэмбэрэлтэй цаг мөчид Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхээр туулсан Бурхан багшийн  дараах сургаалыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, өрөөлийг өршөөн хайрлаж, өөрөө жаргахыг сүсэгтэн олноосоо хичээнгүйлэн хүсэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.72) 2023 оны 02 сарын 28

Lam,boo,darga daamal ,er,emfui gesn bury humusl huni tavilan,buyan hulgaildag shtei,gadnih bol Ali alini huni tavilangaa yavdag,mngold deer doirgui hulgaich,energy ,end bayalga ,bur yah igeedl huni sanig avdagshtei,hulgai hiivel ....gesn zuir ugiig medej BH heregtei shtei,hun energy aldsnna yanjlulah geher dahiad hulgaildag zavaan yumnud .hund tusaldag bol sum,BA”s busad hamgaalalt hiihguilde,nertei tortei hun darani asudald oroidl humusd zovlongoo yaridadl bi sain hun gedeg unende,zorood ongrsn huni energy,orlogo....hulgailsni toloosoo tolj bgaga meddgui gomdoldogshtei,zz

0  |  0
ЗоЧин(66.181.161.130) 2023 оны 02 сарын 28

Зайлж үз өөрийн шунал дэвээ дар хувалз аа

0  |  0
ЗоЧин(66.181.161.130) 2023 оны 02 сарын 28

Зайлж үз өөрийн шунал дэвээ дар хувалз аа

0  |  0
ЗоЧин(66.181.161.130) 2023 оны 02 сарын 28

Зайлж үз өөрийн шунал дэвээ дар хувалз аа

0  |  0
ЗоЧин(66.181.161.130) 2023 оны 02 сарын 28

Хуцаад байлдаа өөрсдиынхөө шунал тачаалын сэтгэлээ дарчхаад дараа нь хуц.Номхон хүлцэнгүй мухар сүсэгтэй брлгож Манжийн боол болгосон нь багадажээ.Улныхан брлгож сорох гэж бгаа шдээ муусайн хувалзнууд та нарыг ариутгалын бодисоор цэвэрлэнээ Монгол түмэн

0  |  0
Зочин(202.131.230.162) 2023 оны 02 сарын 28

Удам дамжсан номтой хүн. Завхан аймаг угаасаа том лам номтой хүмүүсээрээ алдартай. Дарханы Политехникумыг улаан дипломтой төгсөөд Ханхөхийн нуруунд геологийн зураглалын ажил хийсэн. Адуу шигл явдаг залуу байсан. үеийн нөхөд нь Политехникийн дээд сургуульд элсэж, инженер геологийн мэргэжжил эзэмшсэн. Харин Гончигсүрэн шашны дээд сургуулийг төгсөж дараа нь Энэтхэгт шашны сургуулиараа сурсан. Зурхайг ухааныг сайн эзэмшсэн бас Зурхайн хийд байгуулсан хүн дээ. Сахайн сэтгэлтэй, ажилдаа шургуу хүн дээ.

2  |  0
Top