Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны яриа хэлэлцээрийг хийж, дөрвөн сайд албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж, баталгаажуулсан.
Нэг ёсондоо өнгөрсөн 20 гаруй жилд хоёр улсын хооронд хэлэлцэгдэж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан үр дүнтэй айлчлал байсан.
Энэ хүрээнд хоёр улсын Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь хоёр улсын хооронд экспорт, импортын харьцааг тэнцвэржүүлэх, гадаад худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг дээр голчлон ач холбогдолтой байдаг учраас улс орнууд олон жилийн турш ярилцаж, судалж, тохиролцсоны үндсэн дээр сүх салбар, бүх төрөл зүйлийг оролцуулсан байдлаар хийдгээрээ онцлог байдаг.
Монгол Улсын тухайд хамгийн сүүлд Япон улстай Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийсэн байдаг.
Хоёрдугаарт БНСУ-тай Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг харилцан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд, хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлд Солонгосын талд тавигдаж байна. Тус улсын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэл дээр энэхүү гэрээгээр хамтарч ажиллах нь тодорхой болж байгаа.
Монгол Улсын тухайд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг тодорхой болгох чиглэл дээр бол ихээр анхаарч байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн нөхцөл байдал дэлхий нийтээр амаргүй, хүнд цаг үеийг даван туулж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 4.8 хувьтай гарснаараа Азидаа тэргүүлж байгаа үзүүлэлт гарсан.
Гурав дахь нь Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төвийг байгуулах шийдвэр санамж бичгийн түвшинд гарын үсэг зурагдлаа" гэв.
Сэтгэгдэл ( 0 )