С.Бямбацогт: Монгол Улсаас 105 чиглэлд гадагшаа нисэх боломж бүрдлээ

2023 оны 03 сарын 01

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаар зарим улстай агаарын хэлэлцээ байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас Засгийн мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, “Чингис хаан” нисэх буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг.

Мөн Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгох зарласан. Энэ бол үндсэндээ аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн үг.

Уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулах, олон тулгууртай болгоход аялал жуулчлалыг хөгжүүлэх нь мэдээж чухал. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газар, ЗТХЯ-аас томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.

Өнгөрсөн онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд 50 орчим улстай агаарын тээврийн хэлэлцээ байгуулах бодлогын зорилт дэвшүүлж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 105 чиглэлд гадагшаа нисэх боломжийг бий болголоо.

Өөрөөр хэлбэл, Монголын болон гадаадын авиа компаниуд Улаанбаатараас 105 чиглэлд нисэх боломжтой болсон.

Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилсан. Айлчлалын үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Тус улс руу нислэгийн тоо болон багтаамжийг нэмэгдүүлсэн. Долоо хоногт 44 нислэг хийдэг байсан бол одоо 80 орчим нислэг хийх боломжтой боллоо. Энэ нь өдөрт хоёр улсын хооронд 11 нислэг үйлдэх бололцоотой болж байна гэсэн үг. Мөн ганцхан Сөүл чиглэлд нислэг хийдэг байсан бол Пусан, Тэгү, Янгү руу нисэх боломжийг бий болгосон.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээ байгуулж, гарын үсэг зурахаар болсон. Ойрх дорнодын орнууд, Баруун Азийн орнууд руур шууд нислэгээр бараа таваар тээвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна" гэв.

Ирэх зургаадугаар сард АНУ-тай “Open Sky” хэлэлцээнд гарын үсэг зурна. Ингэснээр АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болно. Хүссэн хот руугаа шууд нисэх боломжийг бий болгох бололцоо бүрдсэн.

Мөн энэ онд Австрали улстай "Open Sky" хэлэлцээ хийх бодлого дэвшүүлж ажиллаж байна. Түүнчлэн энэ ондоо Грек, Унгар, Их Британи руу шууд нислэг үйлдэх агаарын тээврийн хэлэлцээг 2023 оны эхний хагаст багтаан байгуулах зорилтыг тавьж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top