18 сум цагаан зудтай байна

2023 оны 03 сарын 07

2023 орны гуравдугаар сарын 03-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд буюу Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн өмнөд, Баян-Өлгийн баруун, Ховд, Булган, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 1.0-29.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр 29.0 см, Увсын Малчин, Давстад 23.0 см, Завханы Тэсд 22.0 см, Увсын Тэс, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэсд 20.0 см, Увсын Зүүнговьд 16.0 см,  бусад нутгаар 1.0-15.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Нийт нутгийн цасны тогтоц өмнөх 7 хоногоос 20 хувиар буурч Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Бөхмөрөн, Зүүнхангай, Ховдын Алтай, Үенч, Зэрэг, Булган, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Үүрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай (5 аймгийн 18 суманд) бол Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Завханы Баянхайрхан, Улиастай, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Галуут, Баянтэс,  Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Улаанбаатар Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Халзан, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (9 аймгийн 17 сум) болж зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурлаа.

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр малын тарга хүчний байдал 2 дугаар сарын сүүлчээр нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сард нийт нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байхаар байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим орохоор байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаарч, дундуур бага зэрэг сэрүүснэ. Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сүүлийн хагаст тунадас ахиу байх буюу үе үе ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top