-ИНТЕРПОЛООР ЭРЭН ХАЙЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЧ ИРЖ ЧАДАХ УУ-
“Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно. Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл” хэмээн одоогоос таван жилийн өмнө БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нь мэдээлж байв.
Авлигатай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дуурайлыг БНХАУ үнэн утгаар нь үзүүлсээр байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталсаар байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм. Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээг одоо дурдъя.
АВЛИГАЧДЫН ХЭРЭГ ДЭЭР АХИЦТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ
Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинхуныг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Скай нэт” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн болж байсныг санаж буй биз ээ. Хэргийг сануулбал, Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг интерполоор хайж эхэлсэн билээ.
Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юанийн авлига авсан ажээ. Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ руу оргон зайлсан байдаг. Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдсан.
Учир нь “Скай нэт” ажиллагааныхан нэгэнт дурандаа онилсон болохоор тэр. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой дээрх ажиллагааны хүрээнд 100 хүний нэрсийг ил болгож байсан удаатай. Ийнхүү манай урд хөршид төрийн бодлогын хэмжээнд авлигатай тэмцсээр. Үр дүнд ч хүрч байна. Тухайлбал, хамгийн алдартай авлигатай тэмцсэн ажиллагаануудаас дурдъя. БНХАУ-ын дэлхийд хамгийн их алдаршсан авлигын эсрэг аян нь амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томьёололтой ажиллагаанууд юм.
Тодруулбал, “Бар”, “Үнэг”, “Ялаа”-ны авыг хэлж болно. “Бар” гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнууд, “үнэг” гэдэг нь мөнгөө гадаадад нуусан зальтнууд, харин “ялаа” нь багахан хэмжээний хээл хахууль авагчид юм.
Ши Жиньпиний хэрэгжүүлж буй авлигын эсрэг тэмцэл Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг 2012 оноос хойш 180 гаруй хүн “ачигдаад” байгаагаас бараг 30 хувь нь өндөр дээд албан тушаалтнууд байв. Хамгийн сүүлийн том баривчилгаа нь Хятадын тэрбумтан Лю Ханийг авлигын хэрэгт буруутган дөрвөн хамсаатных нь хамт цаазаар авсныг санаж буй бизээ. Урд хөршийн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг явуулж байгаа дээрх ажиллагаанаас Монгол Улс үлгэр жишээ авч байгаа нь сайн хэрэг.
Тодруулбал, Засгийн газраас ТАВАН “Ш” ажиллагааг явуулж, авлигатай эрс тэмцэхээ зарлан тунхаглаад буй. Үүний хүрээнд өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гадаад руу оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарласан билээ. Тэр дунд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдэлтнүүд цөөнгүй байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Үржинбадам, шүүгч Сандагдоржийн Төмөрбат нэрсийг дурдаж болно. Нэр дурдагдсан дээрх хүмүүсээс харахад Монголоос оргон зайлаад цөөнгүй жил болсон байх.
Жишээ нь, шүүгч С.Төмөрбат л гэхэд, одоогоос таван жилийн өмнө харьд зугтсан байдаг. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 онд зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургаадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ руу зугтан гарсан.
Түүнийг “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, АНУ-аас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байсан. Ч.Сайханбилэгийг бас хар. Сураг сонсох нь ээ, АНУ-ын иргэншилтэй болсон гэх. Тийм ч амар баригдахгүй болтой. Н.Удаанжаргал ч ялгаагүй. БНСУ-д эмчлүүлж байгаа гэх сураг гардаг ч, тэндээ байгаа нь эргэлзээтэй. Биднийг энд ярьсаар суух оронд харьд зугтагсад башир аргаар баттай хамгаалалтад орчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Энэ удаагийн “Шувуу” ажиллагааны хүрээнд хэр үр дүнтэй, хэрхэн дэвшилттэй ажиллахыг харж л сууя. Магадгүй улс төрийн ээлжит шоу, тунхагийн төдий зүйл байхыг үгүйсгэхгүй юм.
БАР, ЯЛААГ ҮЛ ЯЛГАН БАРИВЧЛАХ УРД ХӨРШИЙН “ҮНЭГНИЙ АВ”-ААС СУРАЛЦЪЯ
Авлигын гэмт хэрэгт том жижгийн ялгаа үгүй. Яг л бар, ялааг үл хамааран барих урд хөршийн “Үнэгний ав” шиг ажилламаар байна. Ян Жинхуныг яаж баривчилсан яг л түүн шиг гаднын оронд орогнож байгаа оффшорчдоо барьж авчирвал яасан юм. Авлигатай тэмцэж байгаа ажлаа бодит болгохын тулд болж өгвөл улс төрийн ашиг хонжоогоор бус хууль дүрмийн шударга зарчмаар ажиллах хэрэгтэй санагдана. Манай улсад авлигачидтай хэрхэн тэмцэж байна вэ. Тэр тусмаа авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хэрхэн шийтгэж байна вэ.
Ар, араасаа ундран гарах дээрх асуултын хариулт даанч ичмээр. Доогуур түвшний авлигачдад нь ял оноодог ч Өршөөлийн хууль, шүүхийн шат дамжлагаар явсаар байгаад цагаадаж орхидог. Харин авлигад холбогдсон томоохон албан тушаалтнууд нь хил даваад алга болоод өгдөг. Тэдний ардаас сураг тавьдаг эсэх нь тодорхойгүй. Ёс гүйцээх мэтээр интерполд бүртгүүлж, эрэн хайж байгаа гэхээс өөр ажиллагааг АТГ-аас явуулдаггүй гээд хэлчихвэл буруудахгүй байх. Төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа авлига, хээл хахууль, хууль бус бүхэнд холбогдсон этгээдүүд оргон зайлсныг олоод ирлээ гэсэн нь хэд билээ. Одоо харин яах бол.
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Ж.МӨНХБАТ хаана байна лаларуудаа\n
Энэ ч дээ их сул дорой зориг муутай ажилладаг чадна гэхэд итгэлгүй бна замхруулаад хаяна