БНСУ дахь монгол иргэд “ХУРДАН” цэгээс төрийн үйлчилгээ авч эхэллээ

2023 оны 03 сарын 20

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.03.20/ нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин суугаа монгол иргэдэд нэн тулгамдсан арван асуудлыг шийдвэрлэхээхэлсэн. Эдгээр асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээ байсан. Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж байна. Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана” гэж Элчин сайд Э.Сарантогос ярилаа.   


ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаан дээр өгсөн үүрэг, даалгавар хэрэгжиж БНСУ-д “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг “ХУРДАН” цэгээр хүргэхээр ажиллаж байна гэлээ.

Тэрбээр мөн Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаас иргэдэд танилцууллаа. Иргэлийн санал, хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гээд “ХУРДАН” цэгийг мөн Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэст нээнэ гэлээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top