Архивын олон талын баримтыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном уншигчдын гар дээр очлоо. Тус номд МАХН-ын Төв Хорооны 1956 оны IV хурлын тэмдэглэлийг оруулсан нь олон асуудлын учгийг цааш задлан судлах аваас судалгааны нэгэн шинэ эхлэл болж байна. Номын талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөртэй ярилцлаа.
-Тухайн үеийн ЗХУ /одоогийн ОХУ/-д 1950-аад онд нэг хүнийг тахин шүтэх үзлийг, тодруулбал И.В.Сталиныг шүүмжилснээр цагаатгах ажлын эхлэл тавигдаж, тэр нь монголчуудын нүдийг нээж байж. 1956 оны IV хурлын тэмдэглэлийг ингэж ойлгож болох уу?
-Тэгэхээр 1921-1990 он хүртэлх түүхэн цаг хугацаа бол Монгол Улс капитализмыг алгасч социализмд хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл бүхий нийгмийн үе. Капитализм социализм буюу ЗХУ /одоогийн ОХУ/, АНУ гэсэн хоёр том орны тэргүүлж байсан хоёр үндсэн том лагерийн хоорондох өрсөлдөөнд туршилтын талбар болсон нь Монгол Улс. Нэг талаас газарзүйн байршил, геополитикийн бодлогоос шалтгаалж Монголд явагдсан хэлмэгдүүлэлт. Нөгөө талаас 1940-1960 оны хооронд явагдсан их бүтээн байгуулалт. Социалист лагерийн үеийн хэлмэгдүүлэлт гэхээр монголчуудын мэддэг нь эрдэмтдийн хэлдгээр 1937 онд айхтар юм болжээ гэж ойлгоцгоодог. 1937-1939 оны хооронд монголчууд хэн байсан юм бэ. Яагаад гаднын бодлогоор 20 гаруй мянган хүнээ хоёр жил хүрэхгүй хугацаанд барьж шоронд хийж, түүнийхээ 75 хувьд нь цаазаар авах ял оноосон бэ. Ийм л асуудал. Нөгөө “Эрхэмлэж яваарай хэмээн машид эрхэмлэн тусгаар тогтнолыг та бүхэнд үлдээв” гэж хэн хэлсэн юм бэ, Х.Чойбалсан хэлсэн.
Монгол Улсын өрлөг жанжин тэр хүн байсан. Гэтэл тэр хүний тушаалаар, Онцгой комисс гэдэг гуравхан хүний нэг болох Х.Чойбалсангийн гарын үсгээр хэдэн хүнийг буудан хороов. Хэлмэгдүүлэлт бол 1921 оноос эхэлсэн. 1956 онд яагаад чухам Х.Чойбалсанг шүүмжлэх болсон бэ гэхээр түүнээс 2-3-хан сарын өмнө ЗХУ-д Н.С.Хрущев И.В.Сталиныг шүүмжилсэн. Тийм учраас Оросоос хараат байсан бид Х.Чойбалсангаа шүүмжлэх эрхтэй болсон байгаа юм. 1956 оны энэ асуудал хэдийгээр улс төрийн хилс хэргийг цагаатгах ажиллагааг эхлүүлсэн ч 1990 он хүртэл нэг ч ламыг цагаатгаагүй байдаг. Яагаад гэвэл шашин бол коммунизмын эсрэг үзэл суртал гээд. Тэр үед 14 хүнийг цагаатгасан гэдэг нь нам, төрийн ажил хийж байсан арай чих зөөлөнтэй хүмүүсээ л цагаатгасан байдаг.
-Хэдийгээр бусдын нөлөөнд ч гэлээ нэг хүнийг тахин шүтэхийг шүүмжилж, хилсэдсэн хүмүүсээ цагаатгаж эхэлсэн ч эргээд “Сэхээтний төөрөгдөл” нэрээр хэлмэгдүүлээд эхэлсэн байдаг нь сонин юм?
-1956 оны дөрөвдүгээр сард болсон МАХН-ын Төв Хорооны IV Бүгд хурал дээр Х.Чойлбалсанг шүүмжилснээс хойш мэдээж, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан тэр хүмүүс бүх намын үүр дээр хурал хийж, санаа бодлоо хэлээд явсан. Оросууд ингээд байна, баахан сургагч нар байна. Манайд хамгийн муу бараагаа өгч байна. Бид зөвхөн Оросоос хараат байгаад байна, бусад улстай тэгш харилцах хэрэгтэй гээд ярьсан. Тухайн үед бас ч гэж улс орнуудын харилцаа нээлттэй болж, манайд үүд хаалгаа онгойлгоод эхэлсэн байсан үе. Гэвч энэ үйл явдлын дараачаас дараагийн хэлмэгдлийн үрийг тарьсан.
Тэр нь “Сэхээтний төөрөгдөл”. Монголчууд сэрсэн атал дахиад “Сэхээтний төөрөгдөл” нэрээр хэлмэгдүүлж эхэлсэн. “Порт-Артурын хэрэг”, “Улаан байшингийн хэрэг” гээд янз янзын нэр томъёо өгөөд л...Үүнийг монголчууд нэг их албан тушаалын төлөө талцаад хэдэн биеэ хядчихсан асуудал гэж ойлгоод хэн нэгнийг буруутгаад байдаг. Гэтэл энэ бол дэлхийн том гүрнүүдийн геополитик, цэрэг стратеги, эдийн засгийн том тоглоом дотор зурагдаж байгаа талбар нь манайх болчихсон. Ийм л асуудал.
Тэгэхээр залуустаа хэлэхэд, зарим нь Х.Чойбалсан гээд өмөөрөөд, зарим нь алуурчин гээд хөмхий зуудаг, үүнийг бид мэднэ. Тэр хүн сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн. Одоо харин бид цаашид яах вэ. Нөгөө ЗХУ буюу өнөөдрийн ОХУ байна уу, байна. Япон байна, Хятад байна. Тэд улсаа аваад өөр гариг руу явчихгүй. Энэ том гүрнүүдийн хооронд монголчууд бид яаж явах вэ. Урд нь бэлээхэн гашуун түүх байхад цаашаа яаж явахаа харах нь л гол зорилго. Ер нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гол зорилго бол хүний эрх, эрх чөлөө, дахиж хэлмэгдүүлэлтэд автахгүй байх. Энэ л бидний гол зорилго. Зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд яах ёстой вэ гэвэл түүхэн үнэнүүдийг гаргаж ирж тавих л асуудал. Ингэхдээ зөв өнцгөөс нь гаргаж ирж, хүүхэд, залууст зөв тайлбарлахгүй бол яг социализмын үед үзэл суртал гэдэг юмаар бидний тархийг яаж угаалаа. Түүнтэй адил аль нэг гадаад орны, харь гүрний санхүүжилтээр биднийг хооронд нь талцуулж байж юу хожих гээд байгаа юм бэ. Гол болгоомжлох асуудал энд л бий.
-“Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном бол олон нийт төдийлөн мэдэхгүй баримтыг гаргаж тавьж, судлаачид улам дэлгэрүүлэх байх?
-Энэ номд 1956 оны тэр хурал дээр яригдаж байсан янз бүрийн давхаргын түвшний хүмүүсийн хурц шүүмжлэлүүд, Монгол Улсын төлөө, бүтээн байгуулалтын төлөө, мал аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр, тэр байтугай айлын хашаа хороо энэ бүхний төлөө улс орноо яаж дэлхийн жишигт ойртуулсан, олон улстай харилцах хэмжээнд аваачих гэсэн залуу сэхээтнүүдийн бодол санааны маш нарийн учгууд цөм багтсан.
Тэгэхээр энэ бол эрдэмтэн судлаачдын хувьд маш олон судалгааны эх үүсвэрийг тавих болов уу гэж бодож байна. Өмнө нь архивт байсан, одоо эрдэмтэн судлаачдын гар дээр очихоор цааш судлагдахуун болоод явах байх. Хүн болгоны хэлсэн үгнээс цааш салбарлуулан олон төрлийн судалгаа хийх, түүхэн үнэн тодрох, тухайн үеийн Монголын нөхцөл байдал ямар байж вэ гэдгийг ямар нэгэн нэмэр хачиргүй гаргаж ирж тавьж байгаа түүхэн баримт гэдгээрээ энэ ном маань онцлогтой. Мэдээж өнөөдөр 2023 оны өнцгөөс 1956, тэгээд тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүсийг зөвтгөх, буруутгах талын өнцгийг баримгүй байгаа юм.
Тухайн үед Х.Чойбалсан гэдэг түүхэн хүний хийсэн хар бараан зүйл ч маш их бий. Монголын төлөө, тусгаар тогтнолын төлөө хийсэн үйлдлүүд ч бий. Энэ бүхнийг эргэцүүлэн тунгаахад энэ ном баримт болно. Гэхдээ түүх гэдэг үнэн бодитоороо л байх ёстой. Өнөөдрийн өнцгөөс харж аль нэгэн шүүмж явуулах, эсвэл аль нэгийг нь дэвэргэх биш, тухайн үед буюу 1956 онд ийм түүхэн үйл явдал болжээ гэдгийг энэ номоос харж уншигч түмэн, эрдэмтэн мэргэд, хойч үе, судлаачид маань хойч үедээ Монгол Улс чухам ямархуу замыг туулж ирж, бид энэ эрх, эрх чөлөө тусгаар тогтнол гэдэг зүйлийг олж авсан юм бэ гэдэг дээр анхаарлаа хандуулах байх гэж итгэж байна.
-Гэхдээ л хэлмэгдэгсдийн ар талд үлдэгсэд, үр хүүхдүүд одоо ч хүртэл гомдол тээсээр, заримынх нь үзэн ядаж хэвээр байгаа нь мэдрэгддэг. Тэдний гомдлыг яаж барагдуулах юм бэ, нөхөн олговор олгоод ч барагдахгүй, нөхөгдөхгүй, нимгэрэхгүй шүү дээ, тэр их гуниг харамсал, уй гашуу...
-Энэ арилахгүй, хэзээ ч арилахгүй. Тэгэхээр соён гэгээрүүлэх ажлыг яагаад явуулах ёстой юм бэ гэдгийг ойлгох байх. Жишээ нь, тухайн үед нэг хүн хэлмэгдэж буудуулжээ. Тэр хүн бурхны оронд явчихсан. Түүний хүүхэд яасан бэ, эсэргүүний үлдэгдэл гээд сурч боловсрох бүх эрх, боломж нь хаагдсан. Гурван үеийн намтрыг яах гэж бичүүлдэг байсан юм бэ, үүнийг л мэдэх гэж бичүүлдэг байсан. Судалгаа байсан уу, байсан. Өнөөдөр хэлмэгдэж буудуулсан хүмүүсийн үр хүүхдүүд амьд байж байна шүү дээ. Нас сүүдэр 80, 90 гарсан хөгшчүүл байна.
-Өөрөө тийм зам туулсан тэр хүмүүс, үр хүүхдүүдээ ч сайхан өсгөх, боловсролтой болгох боломж нь бас хязгаарлагдсан, ингээд үр ач, зээ нар нь дам хэлмэгдсэн гэхээр, тэр гомдол харамсал арилдаггүй юм байна?
-Гомдол хэзээ ч арилахгүй. Бүх боломжийг нь, өнөөдрийн ач, гуч, дөчийнх нь боломжийг байхгүй болгочихсон... Тэр үед эсэргүүний үлдэгдэл гээд нэг үеийг нь боловсролгүй болгосон. Боловсролтой байсан бол тэр хүний хөрөнгө чинээ, бүх юм арай ондоо юманд явж болох гээд байна аа даа. Энэ бүхэн чинь тухайн үед тасарчихсан байхгүй юу. Тиймээс энэ хор уршиг байсаар байна.
Өнөөдөр улс орны маань нийгэм, соёл, боловсролын түвшин ямар хэмжээнд байна вэ. Тэр улсууд байсан бол арай өөр түшинд байх байсан байлгүй дээ. Тэгэхдээ түүхийг тэгсэн байх, ингэсэн байх байлгүй гэж ярьж болдоггүй гэдэг.
Гэхдээ бодит үнэн нь юу вэ гэвэл, энэ хэлмэгдүүлэлтэд хувь хүнээс гадна Монголын соёл, боловсрол, эдийн засаг, анагаах ухаан, барилга, хот байгуулал бүгд хойшоо шидэгдчихсэн.
Урлагийнхан гэхэд л 1933 онд хамгийн анхны бичигдсэн пянзанд нэрт жүжигчин, дуучин Ичинхорлоо тэргүүтэй урлагийн алдартнууд бараг бүгдээрээ дуу хоолойгоо бичүүлсэн. Гэтэл тэр пянзыг бүгдийг нь устгаад, ганц хоёрхон үлдсэнийг нь сая Польшоос гэл үү, Чехээс гэл үү нэг цуглуулагч олж ирсэн. Урлаг ингээд устчихсан.
“Анир” студийн захирал А.Алтанхуяг хэлж байсан “Миний эмээ 700 гаруй уртын дуу мэддэг хүн байсан. Гэтэл өнөөдөр Монголын уртын дууны жагсаалтыг гаргахад 400, 500-хан байна” гэж. 200 дуу байхгүй болчихсон, хаачсан бэ тэр. Нөгөө мэддэг хүнтэйгээ хамт буудуулчихсан, өөр ямар ч гаргалгаа байхгүй.
Эртээд “Соён гэгээрүүлэгч” телевизээр явж байсан санагдана, уламжлалтын анагаах ухааны чиглэлээр ажилладаг доктор, профессорууд хэлж байна лээ, “Монголын анагаах ухаан XIX зууны сүүл XX зууны эхэн гэхэд оргил үедээ хүрээд байсан. Одоо тэр алдагдсан зүйлүүдийг бид 1990 оноос хойш учгийг нь тайлаад явж байна” гээд орхичхож байна лээ. Тэр яасан байх нь вэ. Лам нарын өвлөж, хөгжүүлж ирсэн тэр уламжлалт анагаах ухаан нэг өдөр болилоо гээд үүдээ цоожилсон юм уу. Үгүй шүү дээ. Тэднийг хядчихсан. Тэгэхээр хохирогч нь хэн болж таарч байна.
-Монголчууд бид л хохирсон...
-Хувь хүн, хүмүүс, цаашлаад нийгмийн бүх салбар, ерөөс бүх юм... Монголын ёс, зан заншил бүгд хохирсон. 1921 оноос хойш орос, монгол хэл дээр “Чингисийн алтан ургийг хэрхэн таних вэ” судалгаа хийгээд 1939 он гэхэд алтан ургийн шууд угсааны 44 засаг ноён, 1250 гаруй тайжийг буудан хороосон. Тэгэхээр өнөөдөр Монголд алтан ургийн үргэлжлэл байна уу, үгүй юу. Удам судраар нь устгачихсан, ийм геноцид буюу хядлага явагдсан. Үүнийг ярихаар өнөөдрийн залуус Х.Чойбалсанг муулдаг. Гэтэл тэр үед Х.Чойлбалсан байна уу, Болд байна уу, өөр арга байгаагүй.
Монгол Улс хэзээ тусгаар тогтнолоо олсон бэ гэвэл 1946 онд шүү дээ. Урд хөрш зөвшөөрч байж арай гэж тусгаар тогтнолоо олж, 1960-1961 онд НҮБ-д элссэнээр баталгаатай болсон. Тэр бүхнийгээ бодох ёстой. Өнөөдөр манай улс эдийн засгийн хувьд тусгаар тогтнол мөн үү, биш үү. Жаахан асуудал гарч урд хил хаагдахад нарийн ногоо байхгүй боллоо. Тэгэхээр бид тусгаар тогтнол гэдэг юмыг өнөөдрийг хүртэл тээж ирсэн өвгөд дээдсээ шүүмжлэх биш харин түүхээ улам сайн судлах хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Mongoliin seheemnuud gej yaachihsan humuus ve?!. Uragsh harsan neg yum yarihgui dandaa hoish harj gonginoh yum. Tuuhiig hen shuu gesen yum shuuh sanaa baisan ch helmegduulsen geh humuurs kkkbugdeeree menger halisan bolohoor ezengui hereg gesen ug .Hooson ul bumeh yum yarij baihaar neg ch bolov bumeelch sanaa onoo heleh hun baina uu?!Arai bugdeeree Danh shig avan shuuren oron garan bolchihmoorgui yum