Д.Тогтохсүрэн: Гишүүдийн 38 нь жагсаалтаар сонгогдох төслийг дэмжсэн

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Д.Тогтохсүрэн: Гишүүдийн 38 нь тойрог, 38 нь жагсаалтаар сонгогдох хуулийн төслийг дэмжсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл буюу МАН, АН, ХҮН-аас төлөөлөл орж, хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирэх зургаадугаар сарын 20-оос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас санал аваад УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн” гэв.

Мөн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр Сонгуулийн тогтолцоог холимог болгох буюу УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар сонгогдох, Сонгуулийн зардлыг бууруулах, Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах, улс төрийн намд тавигдаж байсан таван хувийн босгыг гурав болгож бууруулах, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэг хүйсийн харьцаа 30-аас доошгүй хувьтай байхаар тусгасан байна.

Эрх баригч намын бүлгийн энэ удаагийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, байр сууриа мөн илэрхийлжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.


-Ард түмнээсээ итгэл авч сонгогдож чадахааргүй болсон хүмүүс намын жагсаалтад ордог гэсэн шүүмжлэл байдаг. Энэ асуудал дээр ямар нэгэн зохицуулалт орсон уу?

-Ноднин жилийн зургаадугаар сард ҮХЦ 01 тоот холимог тогтолцоо болно гэсэн тогтоол гаргасан. ҮХЦ-ийн тогтоол эцсийн шийдвэр байдаг. Мөн энэ хуулийн төсөлд намын жагсаалтыг нэртэй байлгана гэж оруулсан. Намаар нэр дэвшиж байгаа 38 хүн нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө намыг нь ч харна, нэрийг нь ч харна. УИХ дээр олон талаас нь хэлэлцэх байх.

-Хуулиараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болчихсон биш үү?

-УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно. Тэгэхээр энэ Их хуралд ирэх зургаадугаар сарын 20-ноос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эрх бий.  Зургаадугаар сарын 20-ноос хойш уг хуульд өөрчлөлт оруулах боломжгүй.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үүсэж байгаа юу? 

-Өнөөдөр мөрдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд холимог тогтолцоо Цэцийн шийдвэрээр нээлттэй учраас энэ чиглэлээр хууль өргөн баригдсан. Улс төрийн намуудын тавьдаг санал бол Үндсэн хуульд тогтолцоог заавал оруулж өгөх шаардлага байна. Ингэхгүй бол эрх барьж байгаа намын асуудал нь сонгуулийн тогтолцоо болоод байна гэдэг асуудал байнга яригддаг. Ийм учраас цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол сонгуулийн тогтолцоог заавал оруулж, тусгаж өгөх шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа. Одоогийн өргөн барих төслөөр 38 хүн намын нэрсийн жагсаалтаар, 38 хүн тойргоос сонгогдоно. Намыг дэмжихгүй гэвэл нэр дэвшигчийг дэмжиж болно.

-Холимог тогтолцоо Монголд илүү тохирно гэж үзэж байгаа үндэслэл юу вэ, хоорондоо зөрчил үүсгэхгүй юу?

-Дэлхийд хоёр янзын сонгуулийн тогтолцоо байгаа. Нэг нь тойргоос сонгогддог, хоёр дахь нь намаас нэр дэвшиж, улс орон даяар санал авч намаас сонгогддог. Намынх нь улс орныг төлөөлж сонгогддог, нөгөөдөх нь тойргоос сонгогдож байгаа гэдэг агуулгаар ойлгож явбал зөв. Энэ хооронд зөрчил гарахгүй.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийг 28/48-аар хийгээд дөрвөн жил парламент нь яваад ирсэн. Улстөрчид, улс төрийн намаас “Монгол Улсын хөгжил тогтвортой байя гэвэл холимог тогтолцоог авах хэрэгтэй байна” гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа. Тийм учраас улс төрийн намуудын санал, нийгмийн нөхцөл байдлаа хараад УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог өргөн барьж байгаа юм.

-Гишүүдийн тоог нэмэх үү?

-Өргөн барих төсөлд өнөөдрийн хуулийн хүрээнд буюу гишүүдийн тоо 76 байгаа. Тоог ярилцах боломж бий, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа. Гэхдээ хугацаа зургаадугаар сарын 20-ны дотор байгаа. Түүнээс хойш боломжгүй.

-Улсын ерөнхий прокурор Т.Аюурсайхан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Бүлэг гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар шийдвэрээ гаргасан уу?

-Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргын нэр дээр нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлага байна гэж хүсэлт ирүүлсэн. УИХ тав хоногийн хугацаанд багтааж, шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй, Лхагва, Пүрэв гаригийн аль нэгд хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн хэрэгтэй танилцах эрх хуулиар олгогдсон байдаг. Тус хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа бүлэг хуралдаж,  шийдвэрээ гаргана.

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Архангай аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргах ёстой. Нөхөн сонгуулийг хэзээ зарлах вэ?

-Хуульд зааснаар нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор гэдэг учраас энэхүү хугацаанд багтаан, УИХ шийдвэр гаргах ёстой.

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, 20 орчим гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэдэг мэдээлэл байна. МАН-ын хэд, хэдэн гишүүн Боловсролын  зээлийн сангаас зээл авсан, хариуцлага ярих уу?

-Өнгөрсөн онд хуралдсан манай намын их хурлаас гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэнэ гэсэн дүрэм гаргасан. Хэрэв сайн дураараа намын гишүүнчлэлээс түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргана гэж дүрэмд заасан. Дүрмийнхээ дагуу л шийдэгдэнэ. Боловсролын зээлийн сангаас зээл авсан асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Өөрийн гэсэн шалгууртай, зээл авах шалгуураа хангасныг буруутгаж болохгүй. Бүлгээр энэ асуудлыг албан ёсоор ярилцаж байр суурь гаргасан зүйл алга.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.90.21) 2023 оны 03 сарын 29

Тархийг ч угааж байна даа

1  |  0
.(192.82.90.21) 2023 оны 03 сарын 29

Зөв зөв. Сү.батболдыг оруулж ирэхгүй бол бүгд ял авна

1  |  0
.(192.82.90.21) 2023 оны 03 сарын 29

0  |  0
Top