ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ | Уул уурхайн салбарт ЗУРГААН АСУУДАЛ тулгамдаж байна

2023 оны 04 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийдэг уламжлалтай. Энэ дагуу "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй өнөөдөр /2023.04.03/ хийж байна.

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүдээс гадна төрийн өмчит "Эрдэнэс Монгол", "Эрдэнэт"-ийн удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир, "Макс" группийн захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Уул уурхайн биржийг Монгол Улс уул уурхайн салбарт ашиглахад бэлэн болсон. Уул уурхайн биржийн хууль энэ оны 07-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлнэ. Одоо биржээр нүүрсээ арилжаад эхэлсэн. Үр дүн гарч байна. Тонн нь 70, 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 170-180 ам.доллар болж өссөн. Цаашдаа биржээр зөвхөн нүүрс биш зэс, төмөр, жонш арилжаалдаг болно. Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байна. Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд ашигт малтмал олборлолтоос боловсруулат руу шилжих бодлогыг барьж ажиллаж байгаа.  Монгол Улс газрын ховор элементийн салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой. Гадны улс орнууд, томоохон компаниуд, мэргэжилтнүүд Монгол Улсыг маш их  сонирхож байна.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл:  Уул уурхайн салбарт тулгамдаж буй зургаан асуудал байна.

Нэгдүгээрт, уртын ээлжийн зохицуулалт болон хүний нөөцийн хомсдол үүсээд байна.

Хоёрдугаарт, байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл нь уул уурхайн салбарт хүндрэл үүсгэдэг.

Гуравдугаарт, тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлтийн асуудал байна.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тавдугаарт, АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна.

Зургадугаарт, уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн  ярилцаж шийдмээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top