Ёс зүйн зөвлөлтэй 567 төрийн байгууллага байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

УИХ-аас долоо хоногийн мягмар гараг бүр "Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг. Энэ дагуу өчигдөр Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ёс  зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, гишүүн Ц.Сандаг-Очир нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Уг хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлснийг Их хурал үзэл баримтлалынх нь  хувьд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд УИХ-ын дарга 2022 онд 193 дугаар захирамжаараа хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, бүрэлдэхүүнд Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүд ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа, дэд ажлын хэсэг 10 удаа хуралдаж, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Төв, Дархан-Уул аймгуудад ажиллан, төрийн албан хаагчид, иргэдийн дунд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэг, уулзалтаас 100  гаруй иргэн, төрийн албан хаагчдаас 261 санал, d.parliament.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлснийг Ажлын хэсэг хүлээн авч, судлан өнөөдөр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Мэдээллийнхээ эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг анх 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа санаачлан, ажлын хэсгийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулснаас хойш таван жил өнгөрч байна. Ажлын хэсэг Япон, Герман, Канад болон Европын орнуудын төрийн албаны ёс зүйн дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш жил гаруйн хугацаанд хэлэлцүүлэг хийгдэж, анхны хэлэлцүүлэгт бэлэн болоод байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр, Монгол Улсын 4232 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулагдаж, төрийн албан хаагчдад хэм хэмжээ тогтоож ажиллахад  уг хуулийн зорилго оршиж байгаа гэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийн талаар үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрбээр, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн 2022 оны тайлангаар Монгол Улсад төрийн 4232 байгууллага ажиллаж байгаа бөгөөд үүнээс 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2397 төрийн байгууллага байна. Одоо мөрдөгдөж байгаа журмын зохицуулалтын дагуу 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2394 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Харин 25-аас доош албан хаагчтай, заавал Ёс зүйн зөвлөл байгуулах шаардлагагүй хэдий ч өөрийн санаачилгаар Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллаж байгаа 567 төрийн байгууллага байна. Улсын хэмжээнд нийт төрийн 2961 байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна.  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоо бүрдэх, Ёс зүйн зөвлөлийн ажиллах болон гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх журам, гишүүдийн баталгаа, урамшуулал, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг нийтэд мэдээлэх, зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг асуудал тодорхой болж, Ёс зүйн зөвлөлүүд үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ гэв.

Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:

  • Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох
  • Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах
  • Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах
  • Төрийн албанаас халах
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх
  • Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх гэж тусгасан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top