Сонгуулийн сурталчилгааны зардал 48 хувиар буурах тооцоо байна гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 15

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2023.04./ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Сонгуулийн тогтолцооноос үүдэн гарсан улс төр нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах төрийн бодлого үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх хууль тогтоомжийн чанарыг сайжруулах ханган сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропрорциональ хосолсон тогтолцоог явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийн зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг сонгуулийн үйл ажиллагаатай зохицуулалтыг эргэн харж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна гэж үзлээ.

 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу. 76-ийн 38-ийг тойргоос, 38-ийг нь жагсаалтаар сонгох юм байна. Монгол Улсын нэг онцлог байна. Асар том газар нутагтай, засаг захиргааны том бүтэцтэй. Мандатын тоо илүү байх ёстой. Та бүхэн ямар үндэслэлээр 50 нь мажоритар, 50 нь пропорциональ гэж оруулж ирж байгаа юм. Жагсаалтад иргэд эргэлздэг. Ямар шалгуураар жагсаалтад орох вэ гэдгийг тодорхой болгох боломж байна уу.

 

-УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Төрийн нэгдсэн том бодлого газар нутагтай холбоотой бодлого тэнцүү хэмжээтэй явж байж улс орны хөгжил дэвшил аюулгүй байдал тал дээр зохистой харьцаа байна гэж үзэж ийм тоо оруулсан. АН-ын зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 28:48 гэсэн тоо явж байгаа. Энэ хуулийг мөн хэлэлцэнэ. Түүнд харьцааны асуудал яригдана. Жагсаалтын тухайд улс төрийн намууд өөрсдийн үүрэг хариуцлага, нийгэмд ямар хүмүүсийг дэвшүүлбэл олон нийтийн дэмжлэг авах уу гэхчлэн судалгаа дэвшүүлдэг. Энэ эрх нь намд байх нь зүйтэй.

 

-СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Сонгуулийн сурталчилгааны хэвлэл материал, тээврийн хэрэгсэл зэргийг 30-70 хувь багасгаж оруулсан. Тээврийн хэрэгслийг 50 хувь, хэвлэмэл материалыг 50 хувь, ухуулах хуудсыг 30 хувь, зурагт самбарыг 60 хувь буруулахаар төсөлд оруулсан. Нийтдээ сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал 48 хувь буурах урьдчилсан тооцоо байна.

 

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Иргэдийнхээ саналыг намд өгөх гэж байгаагаа бодох хэрэгтэй Муухай шүү дээ. Зөндөө гоншигнож гүйсэн. Магадгүй хууль батлагдахгүй байх магадлалтай. Эцсийн дүндээ ард түмэн шүүнэ. Энэ хуулийг зүтгүүлж байгаа намуудыг ард түмэн эсрэг санал өгөх хэрэгтэй. Би тэгж уриална. Үндсэн хуульдаа хий л дээ.

 

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Жагсаалт бол намын нэгдсэн бодлогыг авч явах гэж байгаа хэсэг. Гэтэл Н.Энхболд гишүүн жагсаалт хэсэг буюу пропорциональ хэсэгт хүн дугуйлчхаад тэрийг намын саналд тоолно гээд байх юм. Жинхэнэ зарчмаараа пропорционалийн тухай биш томсгосон мажоритарын тухай яриад байгаа юм биш үү.

 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Жагсаалыг бодит болсон гэж бодсон. Жагсагчдаас асуухад сонгуулийн зардлаа гаргаж чадахгүй, оролцож чадахгүй гэдэг асуудлыг ярьж байна лээ. Сонгуульд нэг гишүүнээс дунджаар хэчнээн төгрөгийн зардал гарч байна вэ. Зардал их байх тусам санал худалдаж авах тал руу ордог. Сонгуульд хэдэн төгрөг зарж орж ирдэг вэ. Хэн мөнгөтэй бололцоотой нь сонгуульд ордог, цаана нь судлаач эрдэмтэд сонгуульд орж чадахгүй нөхцөл бүрддэг. Ухуулагчийг сайн дураар гэсэн бол сайн дураар явчихмаар байгаа юм. Бүх зүйлийн суурь нь зардал болчихлоо.

 

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Тойргийн зардал харилцан адилгүй байдаг. 2020 оны сонгууль 300-600 орчим сая төгрөг, дунджаар 400 орчим сая төгрөгийн зардалтай байсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top