Д.Тогтохсүрэн: ҮХНӨ-ийг ирэх тав, зургадугаар сардаа багтаж хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.17/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын 54 дүгээр тоот тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар энэ дагуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт парламент болон Засгийн газрын сайд нарт төслөө албан ёсоор тавьсан. Төсөл тавих тодорхой хугацаатай. Тодорхой хугацааны дараа Засгийн газраар хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барина гэж ойлгож байна. Өргөн баригдсаны дараа УИХ хэлэлцээд явна" гэв. 

Түүнчлэн "УИХ хэлэлцэхдээ хоёр зүйлд анхаарна. Үндсэн хууль бол хоёр зүйлийг заавал үндэслэж явдаг. Нэгдүгээрт, иргэд сонгогчдын саналыг харгалзан үзнэ. Хоёрдугаарт, парламентад суудалтай намууд зөвшилцөж байж явна. Төслийг тав, зургаадугаар сард багтаан хэлэлцэх байх" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top