Сонгууль хаяанд тулж, ард түмэндээ хайртай, агуу шударга гишүүд гэнэт сэрж ирэн, элдэв юм амлаж, ээлж дараалан жүжиг тавьж эхлэв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа.
Тэрбээр энэ сарын 21-нд хэвлэлийн бага хурал хийв. Ардаа баахан хамгаалагч маягтай хүмүүс зогсоож байгаад “Эрдэнэс Тавантолгойн хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж өг. Би ард түмний төлөөллийн хувьд хууль санаачлах эрхтэй. Энэ эрхэнд маань УИХ-ын дарга Г.Занданшатар халдаж байна” хэмээн өндөр дуугаар тун хариуцлагатай хүний дүртэйгээр мэдэгдэл хийж, “Би үнэхээр аргаа барж байна. Хүчин мөхөстөж байна. Дарамтад байна, хэцүү байна” хэмээн арайтай л нулимс унагасангүй.
Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн боловсруулсан Иргэдээс худалдан авсан Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай хуулийн тогтоолын төслийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн юм байна. Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаа худалдан борлуулсан хүмүүст буцааж хувьцааг нь өгөх энэ тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд нэгдүгээрт, иргэд сайн дураараа хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдсан. Хоёрдугаарт, сайн дураараа хувьцаагаа зарсан иргэдийн хувьцааг буцааж олгох нь хэсэг бүлэг хүмүүст давуу байдал үүсгэж, Үндсэн хуульд заасан Иргэдийн тэгш байдлыг хангах заалтыг зөрчинө.
Мөн Ш.Адьшаа гишүүний өргөн бариад байгаа энэ тогтоолын төсөл нь өөрөө Компанийн тухай хууль, хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэдэг агуулгатай дүгнэлт гаргажээ. Ийм дүгнэлт гаргахаас ч өөр аргагүй. Төрөөс өгсөн нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаагаа зарим иргэд зарж, зарим иргэд сургуулийн төлбөрт өгсөн. Энэ иргэдээс “Би хувьцаагаа буцааж авъя” гэж хэн ч хэлээгүй. Нөгөө талаар нэгэнт хувьцаагаа худалдсан иргэд буцааж авахаар бол тодорхой хэмжээний мөнгө төгрөг төлж байж авах нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл Ш.Адьшаа гишүүний хувьд хувьцаагаа зарсан иргэд сонгуулийнх нь сурталчилгааны хөзөр болж байгаа бололтой.
Иргэдээс нэмэх оноо авахын тулд улаарч байгаа Ш.Адьшаагийн хувьд эрх тэгш байдал, нөгөө ярих дуртай шударга байдал нь түй ч хамаагүй юм байна. Татвар төлөгчдийн мөнгөөр нэг хэсэг хүмүүст илүү боломж олгож, хувьцаагаа зараагүй хүмүүс л хохирч үлдэх юм байна л даа.
Ер нь Ш.Адьшаа гишүүн өмнө нь МАН-ын гишүүн байлаа. Төрөлх Ховд аймгаасаа хоёр удаа нэр дэвшээд гарч чадаагүй учраас Ардчилсан намд элсэж, гишүүн болсон.
Харамсалтай нь, түүний үзэл бодол МАН талдаа хэвээрээ байдаг юм шиг билээ. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг хараад “Би дэмжиж үг хэлнэ” хэмээн хөл алдаж байсныг, зурагтын камер хараад өөр юм ярьдгийг нь ордны сэтгүүлчид хэлдэг л юм. Үнэхээр “Бүдүү бүлэг”-ийнхэн хаана хуралдаж, элдэв асуудлаа ярьж байна, тэр газарт өнөө нөхөр явж л байдаг юм. Тиймээс Ш.Адьшаа гишүүнийг ямар сайндаа “МАН-аас АН-д тавьсан БЭТ” гэсэн яриа гарах вэ дээ. Ер нь бол Ардчилсан нам саяхан эвлэж, олон жил эсрэг явсан С.Эрдэнэ нар нь Лу.Гантөмөртөө тамгаа өгсөн. Харин энэ мэт БЭТ-ээсээ эртхэн салж гэмээнэ ирэх сонгуулийнх нь өнгөнд нь нөлөөлөх биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Угаасааа л өөрийнх нь чадал нь тэр тулчихаад байгаа нь тэр шүү дээ. Хөөрхий ФБ дагаж баахан СЭВНЭ буруу зөрүүг нь ойлгохгүй . Заримдаа өрөвдөх юм.
энэ хүнд хууль санаачлах толгой байхгүй ээ ямар тэнэг энэ толгойг энэ эргүүлсэн юм бол чамд ӨВ хүмүүс л хэлээгүй байлтай