Нийгмийн хөгжлийг гацаасан нэг л олон “Би”

2023 оны 04 сарын 28

Өнөөдөр Монголоор дүүрэн манлайлагч, сошиалаар нэг инфлюэнсер буюу нөлөөлөгчид байна. Эдний тоогоор хөгждөг бол манай нийгэм ингэтлээ шаварт суухгүй байлаа. “Би тэгэхэд байсан бол тэгэх байв, би ингэсэн бол ингэхгүй байсан” хэмээн тэд цээжээ дэлдэнэ. Зөвхөн тэднээр л нийгэм дутаж, тэд байж гэмээнэ л улс орон хөгжих байсан мэт аяглана.

Өнгөрсөн 30 жилд хүүхэд багачуудыг мэдээ орсон цагаас нь “Бяцхан мисс”-ээс эхлээд төрөл бүрийн тэмцээнд өрсөлдүүлж, турьхан бие нь даахааргүй олон өргөмжлөл, медалиар дарж, арай өсөөд ирэхээр нь “Манлайлагч залуу” хэмээн хөөргөж, нэг л олон “Би”-тэй болгосны гор одоо гарч байна. Ганцаарчилсан төрлийн бөх, бокс, тулаан, хүндийг өргөлт мэтийн спорт л биш бол дангаараа яваад улс төрд, нийгэмд гайхамшгийг бүтээнэ гэж байхгүй.

Мөнөөх олон манлайлагч “Би” нь заавал нэг албан тушаал зайдлахгүй бол амрахгүй. Түүндээ хүрэхийн тулд боловсрол мэдлэг, туршлагаа нэмэх бус хэн нэгний цүнх барина. Цүнх барьж яваад дарга болсон “манлайлагч” сошиалын аяс даган намирч, олон нийтэд таалагдахын төлөө л попрохоос бус, алсдаа нийгэмд хэрэгтэй зүйлийн төлөө нэр төрөө золиослоод ч болтугай хөдлөх зүрх байхгүй. Яагаад гэвэл дан ганц өөрийнх нь “Манлайлагч” нэр л эрхэм болохоор тэр. Яг нэг сайхан юм хийх нь үү гэхээр цээжний бан, цэцэн үгээс цаашгүй. Инфлюэнсерүүд ч залуусаа дагуулаад сайн зүйлд хөтлөхийн оронд харин ч учрыг нь үл ухах саар зүйл рүү түлхэх нь элбэг.

Нөлөөлөгчийг л даган баясаж байвал хожмын үр дагаварыг нь эс тоон ухсан нүх рүү ч унахаас буцахгүй тийм хэсэг олширсоор. Уг нь тэд аль нэг сайн үйлсэд үе тэнгийнхээ уриалж, хамтын хүчээр түүнээ биелүүлдэг болох сон.

“Би” олширдог нь бүгдээрээ ярьж зөвлөж, алс хэтээ зөвшилцөж, холыг хардаг уужуу бодолтой нэгнийхээ үгийг сонсож байж шийдвэр гаргадаг монгол ухаанаас холдсоны гор юм. Гадаадыг дуурайж манлайлагч хэмээн хувь хүнийг дөвийлгөх болсны уршиг энэ. Тиймдээ монгол төрийнх нь бодлого хүртэл холч бус, ердөө л сонгуулийн дөрвөн жил дундаа эргэлдэнэ. Тэр хэрээр улсын хөгжил саарч, нийгмийн сэтгэлгээ ядуурч, дундуур нь ашиг хонжоо хайгчид чөлөөтэй гүйж, гагцхүү өглөг хандивын хэмжээгээр төр түших хүмүүсээ сонгодог болсон.  Түүний  уршгаар өнөөгийн “нүүрсчид”, Хөгжлийн банкийг хоослогчид, гадны гар хөл болж хөлжигсөд, улс орноо тоногчид гээд “хосгүй авьяастнууд” төрөв.

“Зуун ямаанд жаран ухна” гэгчээр дарга, тамга, туг, нэрээс хэтрэхгүй, сонгуулиар л гарч “хошгироод” ичээндээ орчихдог, нэр дэвшигч нь том намынханд авах саналаа зарчихдаг 30 гаруй улс төрийн нам, нэг чиглэлтэй атлаа олон төрийн бус байгууллагууд байдаг нь мөнөөх манлайлагчдын тарьсан “үр” юм. Тамга атгахгүй бол хүн биш болчих гэдэг зан тэдний яс маханд шингэж гүйцэж. Тэр нь огцрох, албаа өгөх болохоороо тамгаа өвөртлөөд зугтдаг болтлоо даамжирсан. Сөрөг хүчин байж эрх баригчдын алдааг сануулж ослоос сэрэмжлүүлж явах учиртай Ардчилсан намынхны сүүлийн хэдэн жилийн хагарал мөн л нэгийнхээ дээр гарах гэсэн “манлайлагчид”-аас үүдэлтэй. Тэдэнд эрх баригчдын бодлого зөв буруу нь хамаагүй, гагцхүү аль нэг лидер нь тамга атгаж эрх ашгаа гүйцэлдүүлэх нь л чухал.

Мьянмарын лидер хатагтай Аун Сан Су Чи ид мандаж явахдаа Монголд айлчлахад төрийн бус байгууллагын баахан дарга нар түүнтэй уулзахаар дэгдэж хүрсэн юм. Аун Сан Су Чи хатагтай тэднийг ардчиллын төлөө нэг л байгууллагынхан гэж ойлгосон. Гэтэл нөгөөдүүл нь бүгд ардчилал, хүний эрхийн төлөө нэг зорилготой ч өөр өөр  байгууллагын тэргүүн байсанд ихэд гайхаж, “Нэг зүйл рүү ийм олон замаар явахад танайд ардчилал  яаж хөгжих вэ” хэмээн дургүйцэж, “Монголын дүр эсгэсэн ардчилал” хэмээх алдарт үгээ хэлж байв.

Энэ маягаар олон манлайлагчаа дагаад хөглөрөөд байвал өнгөрсөн 30-аад жил шигээ дуусдаггүй шилжилтийн замаар гэлдэрч, нийгмийн дунд давхарга уруудан ядуусын эгнээг эрчимтэй тэлж, “Мянган толгойт, нэгэн сүүлт могой”-н үлгэр болохоос хэтрэхгүй. Нийгмийн хөгжлийг гацаасан олон “Би”-гээсээ салж, Зөвлөлдөх ардчилалаа жинхэнэ утгаар нь баг, хороо, сум, дүүргээсээ дээд шат хүртлээ хөгжүүлэхгүй бол хонгилын үзүүрийн гэрлийг хойшдоо ч хайсаар л, амьдрал эрж залуус нь гадагш дүрвэсээр л байх нь мэдээж. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top