БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярьсан билээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр тэдний хооронд урт бөгөөд утга учиртай яриа болсон байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ “Хятад улс хариуцлагатай том гүрнийхээ хувьд дайныг хөндлөнгөөс хараад суухгүй, дайнд гал нэмэхгүй, дайнаас ашиг завшаан хайхгүй гэдгийг Ши Жиньпин илэрхийлсэн” гэжээ.
Тэдний яриаг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас дүгнэхдээ “Бээжин Украины асуудлаар хэлэлцээрийн үйл явцыг бий болгохын тулд хүчин чармайлт гаргаж байгааг харж байна. Гэхдээ Вашингтон тэргүүтэй Киев энх тайвныг тогтоох уриалгыг зохих ёсоор хүлээж авахгүй байх магадлалтай” гэв. Хэдийгээр Хятад улс энхийн санаачилга гаргаж байгаа ч боломжит хэлэлцээнд оролцох шийдвэрийг Киев биш, харин АНУ гаргана гэж Оросын шинжээчид үзжээ.
Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш анх удаагаа болж буй Хятад, Украины удирдагчдын яриаг Цагаан ордон сайн зүйл гэж тодорхойлсон ч “Энх тайван тогтооход бодитой алхам болсон эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байна” гэв.
Ши Жиньпин, Владимир Зеленский нар утсаар ярихдаа Хятад улс сөргөлдөгч талуудыг хэлэлцээрт зуучлах дипломат төлөөлөгчдөө Киев рүү илгээхээр болсон байна.
БНХАУ Украинд энх тайван тогтоох 12 зүйл бүхий саналыг олон улсад танилцуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )