Ардчилал, улс төрийн намын уялдаа, түүний гүйцэтгэх үүрэг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

МУИС, Улс төр судлалын тэнхимийн докторант Б.Баярбаатар


Хураангуй

Монгол улс 1990 онд нэг улс төрийн нам бүхий тогтолцооноос, олон намын тогтолцоо бүхий ардчилсан улс төрийн тогтолцоонд харьцангуй тайван замаар шилжсэн билээ. Ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон нь дэлхийн жишигт нийцсэн удирдлагын хэлбэртэй болох түүхэн бололцоог олохын чацуу улс төрийн намуудын тогтолцоо хөгжих эхлэлийг тавьсан. Улмаар улс төрийн намууд засаг төрийн үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс тавигдсан.
Энэхүү өгүүллийн хүрээнд улс төрийн нам, ардчиллын харилцан нягт уялдаа холбоог эмпирик түвшинд илэрхийллийг зорив. Улмаар улс төрийн намын хэв маяг, үүрэг, тогтолцооны хөгжил нь нь ардчиллын хөгжилтэй шууд хамааралтай болох талаар бичлээ. Учир нь бүх ардчиллын төвд улс төрийн нам оршиж байдаг болно.

I. Ардчилал, улс төрийн намын уялдаа, түүний гүйцэтгэх үүрэг

Улс төрийн нам хэмээх институци бол ардчилсан улс төрд хамгийн чухал оролцогч байдаг. АНУ-ын улс төр судлаач Э.Шатшнайдер 1942 онд “Улс төрийн намууд ардчиллыг бүтээсэн ба орчин цагийн ардчиллыг намуудгүйгээр төсөөлшгүй” хэмээн хэлсэн нь магадгүй энэ тохиолдолд туйлын үнэн юм. Өөрөөр хэлбэл тэд сайн ажиллаж чадвал улс төрийн намууд ардчиллын хүлэг болох буюу ардчиллын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх институци юм.

Үүний нотолгоо нь өнөөдрийг хүртэл улс төрийн нам нь хууль тогтоогчид, нэр дэвшигчид, сонгогчдод ардчилалтай холбоотой тулгардаг сорилтуудыг даван туулахад нь тусалдаг институци болон хөгжиж ирсэнд оршино.

Тухайлбал улс төрийн нам нь хууль тогтоох байгууллагад улс төрчдөд бодлого боловсруулах, хоорондоо зөвшилцөл хийхэд улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх удирдамжийг боловсруулж өгч түүний дагуу хууль тогтоох боломжийг өгдөг. Сонирхолтой нэг тал нь улс төрийн нам нь сонгуулийн зардлыг бууруулахад хувь нэмэртэй байж чаддаг. Энэ нь улс төрийн намаас нэр дэвшигч намд суурилсан сурталчилгаа хийдэг тул намын бусад гишүүдэд эерэг нөлөөллийг бий болгодог. Улмаар намын харьяалал нь нэр дэвшигчийг сонгогчдын өмнө нэр хүндтэй болгоход тусалж дэмжигчдийг бүрдүүлж өгч чаддаг нь сонгуулийн зардалд хэмнэлт үүсгэх шууд нөхцөл болдог. Мөн сонгогчдын хувьд намууд хэрэгтэй мэдээллийг дээд зэргээр боловсруулж хамгийн бага хэмжээний мэдээллээр маш нарийн төвөгтэй шийдвэр гаргахад тусалдаг хэмээн Алдрих (Aldrich) үзсэн байдаг.

Улс төрийн нам нь ардчилалд дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь төр, иргэн хоёрыг холбогч болдог. Энэ нь нийгэм болон нийгмийн бүлгүүдтэй харилцах, тэдгээрийн ашиг сонирхлыг илэрхийлэхтэй холбоотой сонирхол илэрхийлэх (сонирхлын артикуляци), сонирхол нэгтгэх (сонирхлын агрегаци), улс төрийн нийгэмшилтийг хангах байдлаар илэрдэг. Улс төрийн нам нь олон нийтийн сонирхлын бүхэлд нь төлөөлөх чадвартай тул сонирхлын бүлгээс маш том ялгаатай. Тиймээс сонирхлын бүлэг эсвэл ТББ- уудаас илүү сонирхлын эрэмбэ тогтоох, бүлгүүдийн сонирхлыг харьцангуй жигд харгалзах бололцоо сонирхлын агрегаци буюу сонирхол нэгтгэх үйл явцаар илэрч байдаг. Энэ нь улс төрийн намууд нь сонгогчид болон намын гишүүдээс санал авах замаар олонхын дэмжлэг авч засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг ардчиллын нийтлэг жишиг болно.

Нөгөө талаас улс төрийн нам нь боловсруулсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр сайн гүйцэтгэсэн эсэхийг улс төрчдөөс сонгогчдоор дамжуулж хариуцлага тооцох замаар дамжуулж мэдэж чаддаг цорын ганц институци юм.
Хамгийн чухал нь институцчлагдаж чадсан, нийтийн сайн сайханд үйлчилж чаддаг улс төрийн нам байхгүй бол иргэд ардчиллаас хөндийрөх, ардчилалд дургүй болох, ардчилал тухайн төрд байхгүй болох сөрөг байдал илэрнэ. Иймээс чадварлаг улс төрийн намууд нь ардчилал хөгжихөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг ардчиллын чухал институци юм. Улс төрийн намын ардчиллын хөгжил, түүний тогтвортой байдалд нөлөө үзүүлэх гурван чухал үзүүлэлт байдаг. Үүнд:
 

  • Улс төрийн намын тоо
  • Улс төрийн намын өрсөлдөөн
  • Улс төрийн намын тогтолцоог үндэсний болсон байх ёстой гэсэн үзүүлэлтүүд юм.

Улс төрийн намын тоо:

Ардчиллын хөгжилд улс төрийн намын тоо шууд хамааралтай байдаг. Энэ нь парламентад сонгогдох намын тоо нь төлөөллийн болон хариуцлага хоорондын уялдаа холбоог илэрхийлдэг гэж үздэг.
Улс төрийн намын өрсөлдөөн:

Хамгийн чухал үзүүлэлт нь улс төрийн нам хоорондын өрсөлдөөн харьцангуй тогтвортой үед намын тогтолцооны институцчлал үүсдэг гэж үздэг. Ийм тогтолцоо дахь улс төрийн намуудын чадавх, институцчлагдсан байдлын шошго нь сонгогч, нэр дэвшигчдийн аль алинд нь үнэ цэнтэй болдог.

Улс төрийн намын тогтолцоог үндэсний болгох:

Энэ хандлагын амин сүнс нь улс төрийн томоохон намуудын хэр хэмжээг илэрхийлж байдаг. Улс төрийн намууд үндэсний эсвэл орон нутгийн түвшин эсвэл үндэсний болон анхан дунд шатны аль сонгуульд оролцож, өрсөлдөж чадаж байгаа эсэх асуудал юм. Улс төрийн намын тогтолцоо сайн төлөвшсөн байдал нь сонголтын төлөөлөх чадвар сайтай, хариуцлага тооцох боломжтой, ихэнх улс төрийн намууд нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэх мэт шинжүүд ажиглагддаг. Энэхүү шалгууруудыг хангахгүй байвал ардчиллын хууль ёсны байдал хэврэг байгааг илтгэх юм.

Харин улс төрийн нам дараах үндсэн үүргийг биелүүлж чадаж байвал ардчилал оршиж байгааг гэдгийг илтгэж байдаг. Тухайлбал:

Улс төрийн намын нийгмийн үүрэг: Иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг “зааж” өгөх хийгээд шаардлагыг тодорхой түвшинд гаргадаг. Тухайлбал, иргэдийн ашиг сонирхлын өмнөөс хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дуудах гэх мэт.

Үзэл суртлын үүрэг: Нийт нийгмийн гишүүд хийгээд өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг санал болгож итгэл үнэмшилтэй болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлдэг. Тухайлбал, либерал, консерватив, социал-демократ, фашист, коммунист гэх мэт үзэл баримтлалыг санал болгодог.

Улс төрийн үүрэг буюу сонгуулийн, удирдлагын үүрэг: Төрийн эрх мэдлийн төлөө сонгуульд оролцож, засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах үүргийг хүлээнэ. Улмаар ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах хийгээд ард түмнийг төлөөлөх үүргийг хүлээнэ.

Орчин үед институцчлагдсан намууд ардчилалтай нягт холбоотой болохыг нотлох эмпирик баримтууд улам бүр нэмэгдсээр байна. Жишээлбэл, улс төрийн намууд хүчирхэг улс орнуудад популистууд гарч ирэх, амжилтад хүрэх магадлал бага байдаг. Эсрэг тохиолдолд буюу улс төрийн намууд сул, нэгдмэл бус сонгогчид нь популистуудад нээлттэй хаалга болж өгдөг байна.

Судлаач Бернхардын (Bernhard) үзэж байгаагаар институцчлагдсан намууд ардчиллаас урвах нь боломжийг хаадаг гэсэн. Тухайлбал ардчиллын статус-кво (status-quo)4 дахь илүү их оролцоо, урт хугацааны үйл ажиллагааны явцад ардчиллын хэм хэмжээ, институцийг зөрчих гэсэн боломжит оролдлогыг эсэргүүцэх магадлал өндөр байдаг. Мөн найдвартай дэмжлэг бааз, зохион байгуулалтын чадавхтай байдаг гэжээ. Учир нь институцчлагдсан намуудын лидерүүд ардчилсан хэлэлцээрээс гажуудсан өрсөлдөгчийнхөө оролдлогын хариуд хамтын үйл ажиллагаагаар даван туулах чадвартай.

Зарим судалгааны өгүүллэгүүд ардчилсан нийгэмд улс төрийн намууд дараах үүргийг гүйцэтгэнэ5 хэмээсэн байдаг. Үүнд:
 

  • Гишүүд, дэмжигчдийн тодорхойлсон төрийн бодлогын тэргүүлэх чиглэл, иргэний хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг эрэлхийлж, илэрхийлэх
     
  • Сонгогч, иргэдийг улс төр, сонгуулийн тогтолцооны үйл ажиллагаанд нийгэмшүүлэх, сургах, улс төрийн ерөнхий үнэт зүйлийг бий болгох
     
  • Сөрөг хүчний шаардлагыг тэнцвэржүүлж, ерөнхий бодлого болгон хувиргах
     
  • Иргэдийг улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, дайчлах
     
  • Шийдвэр гаргах, тэдний санал бодлыг бодит бодлогын хувилбар болгон хувиргах
     
  • Олон нийтийн санаа бодлыг төрд дамжуулах
     
  • Төрийн албанд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах, сургах зэрэг үүргүүд болно. Улс төрийн нам нь ардчилсан нийгэмд олон үүргийг гүйцэтгэдэг ба сонгуульд оролцох, нэр дэвшигчийг тодруулах, танилцуулах нь иргэдэд хамгийн түгээмэл танигдсан үүрэг юм.

Улмаар дээр дурдсан үүрэг, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн нам, иргэдэд үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан, эсхүл заасан эрх, үүрэг шаардлагатай6 гэжээ. Энэхүү эрхүүд нь ардчилсан тогтолцоонд нь хэрэгжих боломжтой юм. Үүнд:
 

  • Зохион байгуулалтын эрх чөлөө буюу эвлэлдэн нэгдэх эрх
  • Сонгуульд нэр дэвших эрх чөлөө
  • Үг хэлэх, цуглаан хийх эрх чөлөө
  • Нам, нэр дэвшигчдийн шударга, тайван өрсөлдөөнийг хангах
  • Олон ургалч байдлыг хангах механизмууд бүрэлдсэн байх
  • Сонгуулийн үйл явцад оролцох, сонгуулийн байгууллагатай харилцах эрх
  • Тоглолтын тэгш талбар, гарааны тэгш боломж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөл бүрдсэн байх
  • Хэвлэл мэдээллийн хүртээмж, шударга мэдээлэх баталгаа хангагдсан байх
  • Ил тод, хариуцлагатай улс төрийн санхүүжилттэй байх зэргийг дурдаж болно. Энэ бүхнээс харахад улс төрийн нам, ардчилал хоёрын уялдаа холбоо нь харилцан хөгжих хөшүүрэг болдог байна.


Судлаач Л.Даймонд, Р. Гюнтер нар “Улс төрийн намууд ба Ардчилал” бүтээлдээ орчин үеийн ардчилсан улс төрийн системд намууд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тэмдэглээд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг долоо ангилж илүү нарийвчилсан байдаг.

Л.Даймонд, Р. Гюнтер нарынхаар улс төрийн намын үүргүүдийг дурдвал:
 

  • Нэр дэвшүүлэх үе буюу элитийг татан оролцуулах, сонгуульд тухайн намыг төлөөлөн өрсөлдөх хүнийг олох, бэлтгэх үүрэгтэй
     
  • Сонгуулийн дайчилгааны үе буюу намууд нэр дэвшигчээ дэмжүүлэхийн тулд сонгогчдынхоо сэдлийг идэвхжүүлж, зарим тохиолдолд тэднийг сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцох бололцоогоор хангах үүрэгтэй
     
  • Асуудлыг бүтэцжүүлэх чиг үүрэг буюу нийгмийн бүлгүүд тодорхой асуудлаар богино эсвэл урт хугацааны турш илэрхийлж буй эсэхээс янз бүрийн асуудлаар сонголт, алтернативыг бүтэцжүүлэхэд намууд үүрэгтэй
     
  • Нийгмийн төлөөллийн чиг үүрэг нь нийгмийн янз бүрийн бүлгийг төлөөлөх чиг үүрэгтэй байдаг ба энэ төлөөлөл нь бэлэгдлийн чанартай ч байдаг, тодорхой ашиг сонирхлыг урагшлуулах хэлбэртэй ч байдаг. Энэ үүрэг нь сонгуулийн үед бүлгүүдийн дэмжлэг авахын төлөө өрсөлдөөний явцад илэрнэ. Мөн сонгуулийн дараа хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үеэр хууль тогтоох явцад илэрдэг
     
  • Ашиг сонирхлыг нэгтгэн нягтруулах нь намуудын үүрэг: бүлгүүдийн сонирхлыг түгээмэл биш юмаа гэхэд илүү өргөн хүрээнд нэгтгэн нягтруулахад чиглэх ёстой. Энэ нь олон нам бүхий парламентын системтэй орнуудад ашиг сонирхлыг нэгтгэх, нягтруулах үйл явц сонгуулийн дараа засаг барих, эсвэл байгуулагдах үед явагддаг. Засгийн газрыг ажиллуулах үүрэг нь ажлаа хийж чадаж байгаа эсэхийн чухал хэмжүүр болдог
     
  • Нийгмийн интеграцчлалыг хангах үүрэг нь намууд улс төрийн үйл явцад үр дүнтэй оролцох боломжийг иргэдэд олгодог ба ийнхүү оролцсон иргэд тодорхой амжилтад хүрэхдээ системийг цааш нь үргэлжлүүлэн авч явах сонирхолтой болдог гэж дүгнэсэн байдаг.

Манай улсын хувьд “Улс төрийн харилцаа, түүнийг өөрчлөх, шинэтгэх үйл явц нь хүний улс төрийн эрх, эрх чөлөөний тэмцлээр, юуны өмнө иргэд улс төрийн хөдөлгөөний тодорхой хэлбэрээр зохион байгуулагдаж нэгдсэн засгийн эрхийн төлөө тэмцэл явдлаар илэрдэг. Тийм чухал хэлбэрийн нэг нь нам мөн”7 хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийг баригч Б.Чимид “Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр” бүтээлдээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн нам гэдэг төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр байгуулагддаггүй, иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдэх эрхийн үндэс иргэний байгууллага хийгээд ардчиллын салшгүй нэг хэсэг яах аргагүй мөн гэж үзсэн байна.

Улс төрийн намуудын зохион байгуулалт, иргэд, төр бие биетэйгээ харилцах харилцаа 19-20-р зууны эхэн үед либерал ардчилал үүсэж хөгжсөнөөс хойш хөгжиж ирсэн байдаг. Манай улс хувьд 1921-1990 онд нэг улс төрийн намын тогтолцоогоор, 1990- оноос хойш олон намын тогтолцоо бүхий ардчилсан улс төрийн тогтолцоогоор эрх мэдлийн хуваарилалт хийн харьцангуй тайван замаар ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлсээр байна. Үүний илрэл нь 1990 оны Улс төрийн намын тухай, 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар тус тус “Улс төрийн нам”-ын эрх зүйн зохицуулалтыг баталснаар олон намын тогтолцоог эрх зүйн хувьд баталгаажуулсан явдал билээ. Ингэснээр сөрөг хүчин бусад улс төрийн намууд албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах боломж бүрэлдсэн ба Монголд анхны нам байгуулагдаад 100 жил, намын систем үүсээд 32 жил болж, нийгмийн бүх үйл явцад улс төрийн нам гэх институци том орон зайг эзэлсээр иржээ.

Ардчилал засаглал бүхий улс оронд төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого хэрэгжүүлэх гол суваг нь улс төрийн намууд болно. Тийм ч учраас Монгол улсын хувьд цаашид ардчилал тогтвортой төлөвших эсэх нь намын системийн тогтвортой байдлаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл намын системийн инстүүчлэл нь эрүүл ардчилал төлөвших нэг нөхцөл болдог байна.

Дээрх байдлаас харахад үүргээ бүрэн биелүүлж чадахуйц чадавхтай, хүчирхэг, институцчлагдсан улс төрийн нам ардчиллын хөгжилд чухал байр суурь эзэлдэг болохыг харах боломжтой байна. Нөгөө талаасаа улс төрийн нам нь улс төрчдийн богино хугацааны ашиг сонирхол болон улс орны урт хугацааны ашиг сонирхлыг тэнцвэртэй байлгаж чаддаг. Гэхдээ зөвхөн урт настай институцчлал сайн хийгдсэн нам л чадна.


II. Ардчилалд картель намын үзүүлэх нөлөө

a. Ардчиллын загвар ба улс төрийн намуудын хэв маяг

Улс төрийн намын тоо олон ургалч байдлыг илэрхийлж, үзэл бодлыг дамжуулах институци хэдий ч намуудын тоо өсөх хэрээр бодлогыг хэн хариуцах, гүйцэтгэл муу улс төрчийг албан тушаалаас огцруулах зэрэгт хүндрэл учирдаг сөрөг талтай. Улмаар улс төрийн намын өрсөлдөөн нь түр зуурын шинжтэй, намын үзэл баримтлал нь тодорхойгүй, зохион байгуулалт сул, дэмжлэгийн тогтвортой суурь байхгүй намууд ихтэй бол сул институцичлагдсан нам байхгүй байгааг илтгэж байдаг.
Ардчилсан засаглал тогтвортой хөгжихийн хэрээр улс төрийн намын хэв маяг, тогтолцооны өөрчлөлтүүд хийгдсэн. Улс төрийн намын зохион байгуулалт, хэв маягаар нь Элит нам, Масс нам, Өргөн хүрээний нам, Хөтөлбөрийн буюу Бодлогын нам гэх мэтээр ангилж ирсэн.

Судлаач П.Норрис намын эрх зүйг зохицуулалтаар нь “монополь, картель, эгалитар” гэж гурав хуваасан байдаг.

Тодруулбал:

Монополь:

Эрх баригч намд давуу байдал олгосон сөрөг хүчний намуудыг хязгаарласан, хориглосон, нэг нам засагласан улс оронд буй эрх зүйн зохицуулалт

Картель:

Хүний ерөнхий эрхийг хүндэтгэдэг боловч парламентын эсвэл засгийн газарт буй намуудад ашигтай, өрсөлдөөнийг хязгаарладаг, хуулиар эрх баригч намуудад давуу байдлаа хадгалж үлдэх нөхцөлтэй шударга бус зохицуулалт

Эгалитар:

Хамгийн шударга зохицуулалт нь олон намуудын өрсөлдөөнийг дэмжсэн, төрийн нөөц, дэмжлэгийг том жижиг, шинэ хуучин гэхгүй бүгдэд ижил тэгш хүртээмжтэй тараах, сонгуулийн хуудас дээр нам, нэр дэвшигчдэд шударга нөхцөлийг хангасан эрх зүйн зохицуулалт тус тус ойлгож болно.

Ардчиллын хөгжилд Картель нам сөрөг нөлөөтэй байх гол шинж нь “Улс төрийн нам нь хувь улс төрчдийн нийлсэн орон зай, хувь улс төрчийн дахин сонгогдох хүсэл, стратегийн тусгал ” болдог тул эрх зүйн байдлаар өөрийнхөө давуу байдлыг хадгалж чаддаг. Энэ нь улс төрийн намын тоо, өрсөлдөөн, үндэсний хэмжээний нам болон хөгжихөд саад болдог.

Картель намын сөрөг талыг бусад улс төрийн намын хэв маяг, зохион байгуулалттай харьцуулж үзье

(Хүснэгт 1-ийг харах)


Манай улсын хувьд социалист тогтолцооны үеийн намын эрх зүйн зохицуулалтыг “Монополь” загвартай байсан гэж үздэг бол ардчилсан тогтолцооны үед намын эрх зүйн зохицуулалтыг “Картель” загвартай гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл картель нам төрийн зүгээс намуудын үйл ажиллагааг хүчтэй дэмжсэн газарт үүсэх бөгөөд намууд хоорондоо хорших, хамтран ажиллах нь их байдаг хандлагатай.

Улмаар улс төрийн намын хөгжил ардчилал хоёр хоорондоо уялдаатай болохыг дараах хүснэгт.2-оос харах боломжтой. Энэ нь ардчилсан тогтолцооны шинжээс хамааран улс төрийн намын аль хэв маяг илүү зонхилдог болохыг үзүүлсэн.
 

Намын хэв маягууд ба ардчиллын загваруудын холбоог дараах байдлаар тайлбарлая. Элитийн намын хувьд ашиг сонирхлыг бүх нийтийн хэмээн төсөөлж засгийн эрхийн төлөө тэмцдэг. Олон түмний намын хувьд төлөөллийн ардчилалтай холбоотой бөгөөд энд засгийн эрхийн төлөө өрсөлдөөний зэрэгцээ бүх нийтийн сонгуулиас үүдэн олон түмний харьцангуй өргөн оролцоог чухалчилдаг. Намууд социаль бүлгүүдийн тоймтой ашиг сонирхлыг илэрхийлж, сонгогдсон албан тушаалтууд сонгогчдын өмнө бодлого, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг зарчимтай байна. Catch-all буюу өргөн хүрээний намууд плюраль ардчиллын нөхцөлд үйл ажиллагаагаа сайн явуулж, үзэл суртал болон төлөөллөөр ялгарахыг саармагжуулах бололцоо олгодог байна.

Харин улс төрийн мөрийн хөтөлбөр нь төдийлөн ялгардаггүй “төрийн зүтгэлтнүүд” холбоо нийгэмлэг маягийн “картель намууд” зөвшилцлийн ардчиллыг бий болгодог байна. Орчин үеийн улс төрийн намуудын хөгжилд картель хэв маяг мэдэгдэхүйц тодорч, үүний хажуугаар намууд дотоод ардчиллаа хөгжүүлэх талаар анхаарсаар байна. Картель намын талаар олон нийтийн хөдөлгөөнүүд, хэт баруун, зүүний популист намууд, неокорпоративизмууд өөр өнцгөөр харж, өөрийн хувилбаруудыг дэвшүүлдэг. Үүний учир нь 1970-аад оны үед улстөрийн тавцанд гарч ирсэн олон нийтийн хөдөлгөөнүүд намуудыг шүүмжилж улс төрийн байгууллагууд төржиж, намууд олон түмний язгуур эрх ашгаас тасарч, хэт улстөрчиж, элитар, олигархи шинжтэй болж байна хэмээж байсантай холбоотой.

b. Ардчилал ба картель нам

20-р зууны сүүлд улс төрийн намуудын бодлогын үзэл баримтлал буурч, уламжлалт намын бүлгийн шинж чанараа алдаж задарсны улмаар олон түмний намын зохион байгуулалт олон улс оронд буурчээ. Ялангуяа ардчилсан улс орнууд дахь олон түмний намын бууралт нь сонгогчдоос намуудад оруулдаг санхүүгийн болон эд хөрөнгийн дэмжлэгийг буурахад хүргэсэн. Тиймээс улс төрийн намууд ард түмний дэмжлэг буурсныг нөхөхийн тулд намууд илүү том, илүү үнэтэй улс төрийн компанит ажлууд хийж төрөөс их хэмжээний татаас болон хандив цуглуулах хэлбэрт шилжиж эхэлсэн.

Картелийн намууд нь 1970-аад оноос хойш үүссэн улс төрийн намуудын нэг төрөл бөгөөд төрийн хүнд санхүүжилт, зохион байгуулах зарчим болох үзэл суртлын үүрэг багассанаар илэрнэ. Картелийн намын тухай анхны судалгааг Ричард Катц, Питер Майр нар боловсруулсан бөгөөд тэд улс төрийн намууд нийгмийн бүлгүүдээс илүүтэйгээр төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг "хагас төрийн агентлагууд" болж хувирсан11 гэж анхны судалгаандаа бичсэн байдаг.
"Картель нам" гэсэн нэр томьёо нь засгийн газарт нэр хүндтэй намууд, шинэ намууд орж ирэхэд хүндрэл учруулдаг, ингэснээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг намуудын картелийг бүрдүүлдэг гэсэн агуулгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтолцоонд байр сууриа хадгалахын тулд төрийн нөөцийг ашигладаг, картельтэй адил үйл ажиллагаа явуулдаг намыг ойлгож болно.

Тодорхойлолтыг задлан тайлбарлавал картелийн нам нь ардчилсан дэвшилтэт улс төрд үүсэн бий болдог, нам-төр хоёрыг хооронд нь холбож намууд хоорондын тохиролцооны хэв маягаар тодорхойлогддог намуудын нэг төрөл байна. Картелийн нам хөгжихийн хэрээр улс төрийн зорилго нь бие даасан, мэргэжлийн, технократ шинж чанартай болж, нам хоорондын өрсөлдөөн бага хэвээр байвал нэг нам улс төрийг үр ашигтай, үр дүнтэй удирдахад чиглэгддэг. Өргөн хүрээний намуудын нэгэн адил намууд улс төрийн тогтолцоо дахь байр сууриа хадгалахын тулд төрийн нөөцийг ашигладаг тул картель намуудын гишүүдийн үүрэг үндсэндээ ач холбогдолгүй болдог.12 Картелийн намуудын явуулж буй сонгуулийн кампанит ажил нь хөрөнгө оруулалт их шаарддаг, мэргэшсэн, төвлөрсөн байдаг бөгөөд төрөөс санхүүгийн дэмжлэг авах, бусад хөнгөлөлт, давуу эрх авах үндсэн дээр зохион байгуулагддаг.

ДҮГНЭЛТ

Дүгнэж хэлэхэд, ардчиллыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд сонгогчдыг төртэй холбодог гол байгууллага юм. Улс төрийн намууд сайн ажиллаж байгаа тохиолдолд олон талын ашиг сонирхлыг төлөөлөх, ардчилсан хариуцлагыг хөнгөвчилж өгдөг. Харин эсрэг тохиолдолд засгийн газар муудах, сонгогчдын шаардлагад нийцүүлэн хууль тогтоомжийн өөрчлөлт гарахгүй байх, хууль тогтоомжууд гажуудах, бүх намаас дэмжлэг авсан хуулийн төсөл батлагддаг, нам хоорондын санал зөрөлдөөнтэй байгаа хуулийн төсөл бүгдэд ашиггүй тул батлагдахгүй байх, намууд ямар хууль батлах, эс батлахыг тохиролцдог болох гэх мэт нам картельжих үзэгдлүүд илэрч болохыг Итали улсын жишээнээс харж болно. Тиймээс институцчлагдсан улс төрийн намууд ардчиллын эвдрэл, ухралтаас сэргийлэх үндсэн тулгуурын нэг мөн. Улмаар намын тогтолцоо нь ардчилсан засаглалын даалгаврыг хэр амжилттай гүйцэтгэж байгааг тодорхойлоход тусалдаг. Намын тогтолцоо нь бодлого боловсруулах орчин дахь оролцооны өндөр байдал, итгэл үнэмшлийн түвшинг тогтооход дэмжлэг болдог. Учир нь бараг бүх ардчиллын цөмд улс төрийн намууд оршдог гэж хэлэх нь зүйтэй юм.

Манай улсын хувьд улс төрийн нам бодлогын ялгаатай байдлаараа өрсөлдөж чадахгүй байгаагийн улмаас иргэдийн улс төрийн сонголт мухардаж, клиентилест намын хэв маяг, намын картельжилт уруу шилждэг ба улмаар ардчилсан сонгуулийн зарчим алдагдан, популизм газар авахад хүрдэг.13 Манай улсад ч ийм байдал ажиглагдаж буй билээ. Иргэдийн зүгээс намууд бодлогоор бус популист шинжтэй сонгуулийн амлалтаараа уралдаж, иргэдээс санал авах ил, далд аргуудыг ашигладаг гэж үзэх байдал нийтлэг болохыг янз бүрийн судалгааны үр дүнгээс харж болно. Иймээс улс төрийн намын тогтолцоо нь ардчиллын төлөв байдлыг шууд тодорхойлдог ба харилцан шүтэлцээтэй учир хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.209) 2023 оны 05 сарын 16

Ямар баасных нь ардчилал Монголд байгаа юм. Аль 90 оноос л Ардчилал ярьж,ардчилагчийн пайз,шошго нүүрэндээ нааж гарч ирсэн хулгайчууд төрд шургалж,улсыг дампууруулсаныг мэдэрдэггүй махан толгойт юм уу даа.

0  |  0
Top