Ш.Төмөрсүх: Улсын хэмжээнд бодлого барихад холимог тогтолцоо маш чухал

2023 оны 05 сарын 17

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга, доктор Ш.Төмөрсүхтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-ҮХНӨ хийх асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж, Их хурлын гишүүд тойрогтоо ажиллан, иргэдийг мэдээллээр хангаж байна. Энэ асуудалд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Сүүлийн үед гурван хуулийн талаар ихэвчлэн ярьж байх шиг байна. Үндсэн хууль, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн талаар ярилцаж байна. Үндсэн хуулийг хэлэлцээд эхэлсэн тохиолдолд өөр хууль хэлэлцдэггүй. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хувьд Үндсэн хуульд ингэж ойр, ойрхон гар хүрээд байх зохимжтой биш гэж харж байгаа. Нийгэмд муу жишгийг бий болгоод байгаа юм. Үндсэн хууль бол өөрөө дүрэм. Харин энэ дүрэм маань тогтвортой байх ёстой гэж хардаг.

Мөн ингэж ойр, ойрхон гар хүрэх нь тухай үеийн эрх мэдэлд ойр байгаа хүмүүс өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчлөх гээд байдаг талтай. Үндсэн хуульд бол үндсэн зарчмууд л байх ёстой. Харин салбар хуулиудад байгаа зүйлийг Үндсэн хуульд оруулж байгаа нь тамиргүй, чадамжгүй харагдуулах гээд байгаа юм. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа жаахан ултай суурьтай хандах хэрэгтэй.

-Улсын дээд шүүхээс болон УИХ-аас тогтоол гарч, Засгийн газар төсөл боловсруулаад өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр ул суургүй хандсан гэж үзэж болох юм уу?

-Ер нь бол Үндсэн хуульд мэдтүгэй, сахьтугай гэж байдаг. Хоёрдугаарт, Дээд шүүх гэдэг бол бас л нэг улс төрийн институцийн салбар шүү дээ. Гэтэл Үндсэн хууль бол Монгол Улсын нийт ард түмний асуудал. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх, Их хурлын тогтоол гэхээсээ илүүтэй ард түмнээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. Ингэж хэлэлцүүлэхдээ яг ямар зүйл заалтыг нь яаж өөрчлөх гээд байгаагаа тодорхой тайлбарлаж, таниулж өгөх ёстой.

Энэ чинь улс орондоо яаж, хэрхэн амьдрах вэ гэсэн нэг ёсны хэлцэл байхгүй юу. Би чамайг ажилд авсан захирал байлаа гэхэд хэт тулгаад байж болохгүй. Мэдээж үйл ажиллагааныхаа онцлогт тааруулаад чамтай тохиролцоод гэрээгээ зурах ёстой шүү дээ. Ингээгүй учраас ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа юм. Салбар хуулиудаар шийдээд зохицуулж болох зүйлсийг гаргаж ирээд байна. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Цахим сүлжээгээр бүх мэдээллийг ард иргэд авцгаачхаж байна. Дээрээс нь хүмүүсийн сэтгэхүй шал өөр болсон. Мөн өөрсдийн маань сонгосон хүмүүс нийгмийн дэг журмыг тогтоож, хуулийг баталж, биднийг хэрхэн амьдрахыг шийддэг юм байна гэдийг ойлгодог болсон байна. Үндсэндээ ард түмэн сэргэж байна гээд байгаа үнэн.

-УИХ-ын гишүүдийг 152 болгоод 50/50 харьцаагаар холимог тогтолцоогоор сонгууль явуулна гэж байгаа шүү дээ. Гишүүдийн тоон дээр юу хэлэх вэ?

-Гишүүдийн тоог 152 болгоно гэж Засгийн газраас төсөл боловсруулсан. Үндсэн хуульд Улсын их хурал нь 76 гишүүнтэй байна гээд биччихсэн байдаг. Энэ утгаараа үүнийг ингэж өөрчилье гэж байгаа болов уу гэж харж байгаа. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас бол суурь зарчмаа л өөрчилье гэж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, Их хурлыг сонгоно гээд тусгаж өгч болно. Их хурлын гишүүн гэдгийг нь хасаад. Яагаад гэхээр янз бүрийн маргаан гараад, эрх барьж байгаа нам нь цэцээр шийдвэр гаргуулаад байна.

Харин ингээд хуульд тусгаад өгчихвөл мажоритар байна уу, холимог байна уу иргэдийн хувьд маргаан бага болно. Нөгөө талаас, 152 уу, хэд байх нь нэг их хамаагүй. Бид гаднын улс орнуудыг судлалгүй л яахав. Гэхдээ хуулбарлаж огт болохгүй. Германы онцлог, Монголын онцлог шал өөр. Тэд суурьшмал, бид нүүдэлчин угсаатай, сэтгэхүй нь өөр. Тийм болохоор 152 гэдгийг бид дэмжихгүй байгаа. Хүмүүсийн тоо чухал биш. Ямар ч сайн хууль, бодлого байгаад хулгайч, дээрэмчид нь бугшчихсан улс төрийн тогтолцоо цаашаа явахгүй. 152 хүн гарч хулгай луйвар гэнэтхэн алга болно гэж байхгүй. Харин Их хурлын гишүүн нь ёс зүйтэй, тархи толгойгоо ажиллуулдаг, юмыг харьцуулан боддог байх хэрэгтэй. Харамсалтай нь манайхан огт тэгэхгүй байна. Ихэвчлэн олон нийтийн сүлжээг дагаж шийдвэр гаргаж байна. Тэд худал ярьж, ард түмнээ хуурдаггүй бол ард түмэн итгэл хүлээлгэнэ. Бодит судалгаа гаргаж ирэх ёстой. Харин энэ нь бодит судалгаа биш байна гэдгийг нийгэм ойлгоод байгаа юм. Эд нар жижиг намуудыг оруулчихна гээд залилан хийгээд байгаа. Би нэг залиланг нь хэлээд өгье. Парламентад суудалгүй намуудыг оруулна, холимог бол танайх суудал авна гэж хошгируулаад байгаа ч бүх зүйл нь хаалттай. Монгол Улс нэг тойрог болох эсэх нь тодорхойгүй.

-Одоогийн 76 тойргоо эвдэлгүйгээр өрсөлдүүлээд жагсаалтад 76 хүн багтаая гээд байгаа шүү дээ?

-Тэгж байгаа. Гэсэн хэдийн ч Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 74.2 дугаар заалтад “Тухайн нам нь 50 ба түүнээс дээш нэр дэвшигчийг дэвшүүлээд нэг Их хурлын гишүүнийг бий болгох хэрэгтэй” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг суудалтай байх ёстой гээд заагаад өгчихсөн. Ингэхээр парламентад суудалгүй намуудад нөгөө гурван хувийн босго болгон бууруулсан биш хориг үүсчхэж байгаа юм. Таны хэлснээр одоо 76 тойргоо хэвээр нь үлдээгээд дахиад 76-г тавих гээд байгаа. Нэг сонин юм байгаа юм. Нэг гишүүнд ногдох хүн чинь 40 гаруй мянга болчихсон, гаднын улсуудад хорин хэдэн мянга байдаг гэж яриад байгаа. Тэгвэл 76 мажоритар гэхээр нөгөө 40 гаруй мянга чинь хэвээрээ л байна биз дээ. Харин 152-ыг бүгдийг нь мажоритар болгож байж хүнийх нь тоо багасна. Нөгөө 76 нь Монгол Улс нэг том тойрог.

-Улс эх орны нэн чухал томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байхад холимог тогтолцоо чухал. Сонгогчдын санал гээгддэггүй гэж ярьж байгаа?

-Ер нь бол холимог тогтолцоо маш зөв. Энэ бол Монгол Улсын хэмжээнд бодлого барихад их чухал. Болдог бол 100 хувь пропорциональ болгох хэрэгтэй. Санал гээгддэг гэдэг дээр би нэг их санал нэгддэггүй юм.

-Нийт ард түмний 40 гаруй хувийн санал авсан нам нь Их хурал дээр үнэмлэхүй олонх болчхоод байна гэдэг нь санал гээгдэж байгаа хэлбэр биш юм уу?

-Тойрогтойгоо харьцуулж хуваасны гай шүү дээ. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн хамгийн олон хүн амтай дүүргүүдэд гурван хүн тавьчихдаг. Гэтэл манай 40-өөд мянган хүн амтай Дорноговь аймагт хоёр мандат байдаг. Үүнээс болоод санал гээгдээд байгаа юм. Тойргийнхоо хүн амын харьцааг зөв хийхгүй байна. Нөгөө талаас нь авч үзвэл Үндсэн хууль өөрчлөлгүйгээр Сонгуулийн хуулиар нь үүнийг засаж болно. Мөн орон нутагт бид сонгууль явуулдаг. Энэ чинь тэртээ тэргүй орон нутгийнхаа төлөөллийг шийдчихэж байгаа юм. Тийм болохоор манай нам Их хуралд суудалтай, эрх мэдэлтэй байсан бол арай өөр хувилбарыг санал болгож чадна, гаргачихсан байгаа. Ер нь бол зарим хүмүүсийн яриад байгаа хоёр танхим Монгол Улсад аль хэзээний байгаа шүү дээ. Үүнийг ингээд орхиё, дараа тайлбарлана аа.

-Нэг гишүүний кнопын эрх мэдлийг бууруулахын тулд гишүүдийн тоог нэмэгдүүлж байгаа гэж тайлбарлаж байсан. Гэтэл та тоо чухал биш, хүн нь ямар байх нь хамаатай гэж байна. Таныхаар бол Их хурлын гишүүн болох 76 гэгээрсэн хүн олж ирэх хэрэг гарах юм биш үү?

-Тоог нь нэмчихээр кнопын эрх мэдэл буурна гэдэг нь үгүй шүү дээ. Урд нь Их хурлын гишүүн байсан Ц.Оюунгэрэл гэж хүн 20 гаруй хүний кноп дараад л явж байсан. Харин таны асуусанд хариулахад Монгол Улсаас гэгээрсэн 76 хүн олж болно. Япон улсын парламентын гишүүд ямар мундаг ёс зүйтэй байгааг дэлхий нийт харж л байна. Тэр бүү хэл тарган хүнийг төрийн албанд оруулдаггүй тухай амтай болгон л ярьдаг. Үнэхээр бид 76 гэгээрсэн хүнийг олно гэвэл Их хуралд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг өндөр болгоход л болно. Хамгийн багадаа магистр, докторын боловсролтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байх, ёс зүйтэй байх зэрэг шаардлага тавих ёстой. Мерит зарим гэж байгаа ч амьдрал дээр хулхидаад байна. Намчирхаж байна, танил талаа харж байна. Дээрээс нь эдийн засаг ч харж байна. Ийм завхралыг арилгаагүй байж тоо ярих нь утгагүй.

-Докторын боловсролтой хүмүүс нь эх оронч, ард түмнээ бодсон шийдвэр гаргаж, хулгай хийхгүй байна гэдэгт яаж итгэх юм бэ?

-Олон улсад амьжиргааны түвшин гэж байдаг. Өөрөөр хэлбэл, нэг талхыг хийхэд хэдий хэр гурил, давс, ус ордог гэсэн судалгааг энэ доктор, профессор хүмүүс гаргаж ирдэг юм. Үүний үндсэн амьжиргааны түвшинг өөрчилж болохгүй гэсэн хууль гаргаж, эрүүгийнхээ хуультай холбож өгдөг. Ингэж байж өнөөдрийн бидний талхны үнэ тогтвортой байдаг юм. Харин үүнийг ард түмний “76 хулгайч” гээд байгаа хүмүүсийн нэг нь ч мэдэхгүй. Мэддэг бол надтай ирээд яриарай.

-Жижиг гэгддэг парламентад суудалгүй намууд 152 хүн нэр дэвшүүлэх хүний нөөцгүй гэсэн яриа байна. Танай намын хувьд 76 тойрогт нэр дэвшүүлээд, жагсаалтаар 76 хүн гаргах хүний нөөц бий юу?

-Манайд хүний нөөц хангалттай бий, доктор, профессор хүмүүс ч олон байна. Гэвч тэд маань олон нийтийн өмнө тэр бүр гараад байдаггүй. “Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүн даруу” гэсэн зарчмаар явдаг. Хоёрдугаарт, Монголын ард түмнээс 76 бүү хэл 760 хүн ч хангалттай гарна. Гэвч юу гацаа болоод байна гэхээр парламентад суудалгүй ч зөв зүйл ярьж байгаа намуудыг нийгэм дэмжихгүй байна. Нийгэм гэдэг маань ард түмэн биш шүү. Түүнийг зохицуулж байгаа сурталчилгааны систем нь хааж байна. ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт МҮОНТ-ээр намайг нэг л удаа оруулсан. Үүнийг олон талаас нь судалъя гэсэн юм ярихаар ингэж байгаа юм. Ингэхээр чинь улс орон хөгжихгүй, эрдэмтэн докторууд ч үгээ хэлэх сонирхолгүй байна. Гэтэл сүүлийн үед гарсан судалгаагаар манай Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам Ардчилсан намын ард хоёрдугаарт явж байгаа.

-Хаанаас гаргасан судалгаа юм бэ?

-Хувь тэнцүүлсэн систем сонгуулийн хуульд орвол та аль намыг дэмжих вэ гэсэн нийгмийн сүлжээгээр авсан нэг улс төрийн намын авсан судалгаа байсан. Нэмээд хэлэхэд одоо Их хурлын гишүүдийн тоог 152, сонгуулийн тогтолцоог холимог гэж Үндсэн хуульд оруулчихаар хэдхэн жилийн дараа Монголын ард түмэн таван сая хүрэхээр дахиад л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу. Тиймээс энэ мэт асуудлуудаа бусад хуулиудаар зохицуулж болно гэж хэлээд байгаа юм. Ер нь хүн амын тоон дээр хараад байхад их эвгүй байгаа шүү. Монголын хүн ам тэр бүр өсөхгүй байсан чинь яагаад гэнэтхэн 3.5 сая болчхов. Жилийн дараа дөрвөн сая хүрчих юм биш биз.

-Яагаад болохгүй байгаа юм бэ?

-Болохгүй ээ, энэ чинь болохгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл хүн бурхан болох, хүн төрөх статистикийн харьцаа бий.

-Төрөлт нь нас баралтаасаа их байж болохгүй юу?

-Хараад байхад Монгол Улсын төрөлт тэгж ихээр нэмэгдээгүй байгаа шүү дээ. Би яагаад ингэж хэлж байна гэхээр хууль бусаар гаднынхан манай иргэншилтэй болоод байгаа юм биш биз гэсэн хардлага байдаг. Ингэж байгаад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг тал бий шүү.

-Ингэж Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн түүх байна уу?

-Түүх байхгүй ч гэсэн хууль бусаар гаднын хүмүүсийг иргэн болгож байгаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлаар санал асуулга хийе гээд явбал яах вэ.

-Гадаадын иргэдийг хууль бусаар Монгол Улсын иргэн болгож байгаа тохиолдол байгаа юм уу?

-Зөндөө байна шүү дээ. Миний харилцаж байгаа тойрон хүрээлэлд шулуухан хэлэхэд маш их хятад хүмүүс Монгол Улсын иргэн болсон байна. Тэр бүү хэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт маш их асуудал бий. Нэг айл дээр 4-5 хүүхэд илүү бүртгэлтэй гарсан. Тийм болохоор улсын бүртгэлийн асуудал, гадаад улсын иргэдийн асуудал хоёрыг нэлээд өндөр түвшинд анхаарахгүй бол болохгүй. Яагаад гэвэл улс төрийн нам гэдэг улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах ёстой. Үүнийг яагаад яриад байна гэхээр одоогийн хийх гэж байгаа ҮХНӨ дээр байгаа эсэхийг мэдэхгүй ч нэг заалт байгаа. Тэр нь 2019 онд оруулсан өөрчлөлтөөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар санал асуулга хэзээ ч явуулж болохгүй гэсэн заалт оруулсан юм. Гэвч ийм санал асуулга явуулахыг үгүйсгэхээргүй болж байна. 

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top