Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2023.05.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Молдоканович Кулубаевыг хүлээн авч уулзав.
Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бүрэн боломж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Удахгүй Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгч С.Н. Жапаровын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улс худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, энхийг сахиулах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсынхаа “Ногоон өв” санаачилгатай уялдуулах боломжтойг хэлэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулахад чухал ач холбогдолтой болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )