Л.Гантөмөрийг буулгаж, Я.Санжмятавыг дарга болгох ТОХИРОО эхэлжээ

2023 оны 06 сарын 08

Саяхан л “учраа оллоо” хэмээж шуугиж байсан АН-ынхан дотроо дахин үймж эхэлжээ. Ингэхдээ дундаа уулзаж учраа олох бус эрх баригчдын үүдээр хэсэг бүлгээрээ гүйлдэх болов.

Өнгөрсөн баасан гарагт С.Баярцогт, Б.Хурц нарын нөхөд Ерөнхийлөгчтэй уулзсан бол өчигдөр Л.Гантөмөр, Ж.Батзандан, С.Одонтуяа нарын нөхөд Ерөнхийлөгчтэй уулзав. Ийнхүү АН-ынхан нэгдүгээр хүнтэй хэсэг бүлгээрээ уулзаж байгаа бол Ерөнхий сайдын өрөөний үүд сахисан хэсэг бүлэг байгааг ч эх сурвалж хэлэв. Энэ зургаар нь харвал АН-ынхан өөрсдөө шийдвэр гаргах чадамжгүй болж, эрх баригчдын дохио зангаагаар хөдөлдөг болсон мэт.

Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль гээд айсуй 2024 оны сонгууль холимог тогтолцооны зарчмаар зохион байгуулагдаж тойрогт 76 гишүүн өрсөлдөх бол намын жагсаалтад 50 гишүүн уралдахтай холбоотой байх. Төлөвлөгөө өөрчлөгдөж таарна. УИХ-ын сонгуулийн тойрогт өрсөлдөх гишүүд бол олон л зовлон эдэлнэ. Гэвч тэд эртний танил дотно энэ зовлон жаргалаа үүрээд гарч ирнэ. Харин намын жагсаалтад эрэмбэ эдлэх гэсэн нөхдөд том зовлон бий. Юуны өмнө нэр цэвэр гэх өндөр босго давна.

Өнөөдрийн байдлаар нэр цэвэр хүн аль ч намд тун ховор. Дараагийн нэг том даваа бол мөнгө. Хүссэн хүсээгүй намын жагсаалтад мөнгө л уралдана. Асар их мөнгө уралдах учраас төвхнөж амжаагүй АН ч ахин хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн байх. Үнэн хэрэгтээ хөл жийх хөнжил байхгүй ч намын дарга болох чин хүсэл нь бүлэг фракцуудыг огтхон ч зүгээр суулгахгүй байгааг харж байна.

Анхнаасаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын онь холбосон тактик дундаас хэл амтайхан АН-ын дарга болсон Л.Гантөмөр хэчнээн зуралдаад ч нэмэргүй бололтой. Даргыг сонгох Үндэсний бодлогын хуралдааны эцсийн мөчид “Женко” ахынхаа мөнгийг тараан байж дарга болсон түүний “амь” тун хэврэг. Өдгөө яригдаж байгаа Боловсролын зээлийн сангийн үймээнээр ямар ч албан тушаалгүй нөхөрт хэчнээн эмзэг тусаж байгаагаас харж болно. Өөрөөрөө бус өрөөлийн дэмжлэгтэй гэдгээ сайн мэдэх Л.Гантөмөр ч тун сандруухан байна. “Хүний унаа унасан хүн салтаа дутуу” гэдэг дээ.

Тэгэхээр одоо АН-ын даргаар ямар дүр байж болох вэ гэвэл УИХ-ын гишүүн асан Я.Санжмятаваас өөр сонголт алга. Түүнд аймгийн Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн, сайд, УИХ-ын дэд дарга гээд алба хашсан туршлага байна. АН дотор төдийгүй МАН-д нэр нөлөөтэй энэ нөхөр яах аргагүй АН-ын даргын дүр мөн. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар АН доторх бүлэг фракцууд Л.Гантөмөрийг жийж, түүнийг дэмжээд эхэлсэн учраас “Х.Баттулга, Я.Санжмятав нарын салхинд хийсгэсэн 14 тэрбум төгрөгийг С.Наранцогт шилжүүлж байжээ” гэх гарчиг бүхий мэдээлэл нэг хэсэг тэнүүчлэв. Энэ нь дэмжлэггүй болсон Л.Гантөмөрийн айдас болохоос сүрдэм зүйл биш.

Ингэхдээ “Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт Засгийн газраас тогтоол гарч, дотоодын үйлдвэрлэгчдээр сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлүүлж, 2013-2014 оны хичээлийн жилд нийлүүлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга дундаас нь гэнэт гарч ирж, Хөдөлмөрийн сайдын хариуцдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 17 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн зургаан тэрбум төгрөг буюу нийт 23 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхийг нь өөрийн яамандаа шилжүүлэн авч байгаад бужигнуулсан байдаг” гэх мэт өнгөрч баларсан, ямар ч баримтгүй, газар ч авахгүй “зэвсэг” хэрэглэж байгаа нь тун арга ядсан байгааг илтгэнэ.

Яахав, Я.Санжмятавыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн хэмээн бэргэж байгаа хүмүүс АН дотор бий. Гэвч хөрөнгөлөг нөхөр аль ч фракциас дарга тодорсон эдлэх эрэмбээ эдэлнэ. Нөгөө талд Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээснээ зарлан тунхаглаж байгаа нь ч санаандгүй хэрэг биш.

Одоо Л.Гантөмөрийг АН дотор дэмжих фракц бүлэглэл байхгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. “Нэг ардчилал” гэх фракцийн хүч дэндүү сул, эртнээсээ ах нарын ая талыг харж ирсэн бүлэглэл. Анх УИХ-ын гишүүн асан Г.Батхүү залуучуудын гэх лоозон дор байгуулж, Ц.Элбэгдорж зөвлөхтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсан. Тиймдээ ч Ц.Элбэгдорж хүчтэй байхдаа энэ фракциас Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарыг дэмжиж байсан. Өнөөдөр байгуулсан хүн нь бурхны оронд заларч, зөвлөж өргөж байсан нөхөр нь ямар ч албан тушаал, эрх мэдэлгүй, намынхаа гишүүнчлэлийг сэргээж явна.

Ерөнхийдөө АН дотор аль ч фракцид нэр хүндтэй, органик санал аваад гарч ирэх Я.Санжмятавын хувьд далдаас Х.Баттулгын дэмжлэгийг ч авч чадна. С.Баярцогт, генерал Б.Хурц нар АН-ыг атгах санаатай өндөр эрх мэдэлтний үүд сахиж байгаа ч аль аль нь ял үүрсэн, өдгөө ч маргаан нь тасрахгүй байгаа нөхдийг хаана хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй биз. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын хувьд бол юун намын даргын сунгаанд морь сойх манатай сууна. Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Д.Баттулга нар нэгэнт нуувчинд орсон, З.Нарантуяа, С.Одонтуяа нарын зангараг болон бусад олон зүйл дутуу гээд Я.Санжмятаваас өөр сонголт байхгүй. Л.Гантөмөрийг сайд байхдаа Боловсролын зээлийн санд гар дүрсэн, зээл олноор тэглэсэн, өөрийнхөө охиныг сургасан гэх зэрэг бол зүгээр шалтгаан. Улсаа хувааж иддэг нөхөд нэг зээлийн сангийн төлөө сэтгэл санаа чилээнэ гэж үгүй. Ц.Элбэгдоржийн тактикаар Х.Баттулгын мөнгөнд сөхөрсөн нөхдүүд гэнэт ухаан орсон хэрэг.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга бол Я.Санжмятавыг тултал дэмжинэ гэхээр айх зүйл алга. Түүнд АН-ыг хойморлох хэмжээний том фракц бий. МоАХ тарсан, гишүүд ч байхгүй гэдэг бол Д.Монголхүү гэдэг л хүний үг. МоАХ-ны өөрсдийгөө партизан хэмээн нэрлэсэн нөхөд хэзээ ч “Женко”-гоос урвахгүй. Өнгөрөгч хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын дарга болоод байсан Л.Гантөмөрийг хүлээн авч уулзаад хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байдаг.

Энэ бол өрсөлдөгч намынхаа ялсан даргад амжилт хүссэн улстөрчийн жижүүрийн үг болохоос бус Л.Гантөмөрийг дэмжинэ гэсэн үг биш байх. Гэтэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа АН-ын дарга үүнтэй хамтарна, дэмжинэ хэмээн ойлгож байгаа бололтой. АН-д болон улс төрд энэ мэт нөхцөл байдал өрнөж байгаа учраас АН-ын даргаар хамгийн боломжит дүр бол Я.Санжмятав бөгөөд тэр эрх баригч намтай ч ойлголцон ажиллаж чадна гэх зэргээр олон давуу талтай юм. Харин Л.Гантөмөрийн хувьд эрх баригчид бүү хэл фракц дунд ч ойлголцон ажиллаж чадахгүй байгаа, мөн шуудхан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын зааврааар ажиллаж байгааг намынхан нь дуулгасан юм. 

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шит(97.120.2.109) 2023 оны 06 сарын 09

Гантөмөр Оюун эрдэнэтэй хүч хавсарч мананг бүр мөсөн устгаж болзошгүй гэж айсан хулгайч нарын бодлого шүү

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 06 сарын 08

Sanjmyatav yah aragyi Elbegdorj.Ocherbat.Saihanbileg.Bayartsogt.nariin yi zaigyi hoshnognii alchuuruud.Ardchilal namiin neriig gutaaj hurunguchisun eh oroniihoo esreg tonuulchid urvagchid.Gadaad hariltsaa ni Hyatad Amerka.Solongos.Mongol ulsiin turd bugashsan tonuulchidiin arhag negen munuus mun.Mongol ulsad yamarch nam heregyi.Mongol ulsad eh ornchidol odoo talh guril mah shig heregtei bna.Tonuulchid alatsachil baig bidend tyer tusamaa olts bolno.kkk.Mongol ulsiin tyyhemd uurd 2 nam haraar bichegdsen.

1  |  0
Сонор(192.82.91.235) 2023 оны 06 сарын 08

Санжмятав зөв шүү.Нэр хүнд сайтай хийсэн зүйлтэй улс төрийн тулх сайтай сайд байсан шүү.

0  |  1
Ангела Меркель(59.153.112.169) 2023 оны 06 сарын 08

Жонхуу хулгайчийг буудах юмсан. Данх гэж хэрэг алга. Ер нь явъя даа. Энэ улс ер өндийхгүй юм байна

0  |  0
Zohin(202.126.88.221) 2023 оны 06 сарын 08

БӨӨН ЗАЛЬ

0  |  0
Олзвой(124.158.65.215) 2023 оны 06 сарын 08

Я.Санжмятав Х.Баттулгатай хамтран Хятдын нэг компанид газар олгосон гэх Тэр газар Монголдоо хамгийн чухал фосфорын бордооны түүхий эдийн их нөөцтэй Завханг аймгийн 2 сум дамнан байрладаг орд гэх Тэр газрыг эзэмших лицензи хятдуудад өгч хахууль авсан гэж яригддаг.Баттулга зуучилсан хамтарсан гэдэг

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 06 сарын 08

Гантөмөр угаасаа удахгүй нь тодорхой, шийдвэр гаргах чадварггүй, туйлбаргүй, тогтсон байр суурьгүй бөв бөөрөнхий хүн яаж нам удирдах вэ дээ

0  |  0
(97.120.2.109) 2023 оны 06 сарын 08

Элбэгдорж бязда л биш бол хэн нь ч яахав.

0  |  0
(97.120.2.109) 2023 оны 06 сарын 08

Элбэгдорж бязда л биш бол хэн нь ч яахав.

0  |  0
зочин(202.126.89.163) 2023 оны 06 сарын 08

Яг шд. Хадуураад. Юун Мятав

0  |  0
иргэн (139.5.216.189) 2023 оны 06 сарын 08

маш бөөрөнхий өөрөө шийдвэр гаргах чадваргүй хүнээ тавьж дээ АН ийм байвал сонгуульд гарах уу өөр сайхан залуу чадварлаг нэр цэвэр хүн алга уу арчаагүй нам юм даа бохир хүмүүсийн цуглуулага нам юм биш үү

0  |  0
би(64.119.30.210) 2023 оны 06 сарын 08

АН-ханд бол хамгийн боломжит нэр цэвэр хүн бол яалт ч үгүй Я.Санжмятав мөн дөө. Энэ боломжийг ашиглаж чадахгүй бол чацга царайлаад 2024 ондоо луйвардуулаад ялагдана биз.

0  |  0
Top