Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн урилгаар манай улсад зургаадугаар сарын 08-11-ний өдрүүдэд Германы Социал Демократ намын дарга Ларс Клингбайл айлчлал хийж байна. Монгол Улсад анх удаагаа айлчлан ирж буй түүний айлчлалын бүрэлдэхүүнд Германы Социал Демократ Намын дэд дарга, Заарланд муж улсын Ерөнхий сайд Анке Рээлингер багтаж байгаа юм.
Айлчлалын хүрээнд хатагтай Анке Рээлингер Монгол Ардын Нам, Фридрих Эбертийн сан хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэй улс төрчдийн залгамж үеийг бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Жендэрийн мэдрэмжтэй парламентууд: Дэлхий дахины сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож улс төр, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэр, нөлөөллийн талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Германы Социал Демократ Намын дэд дарга Анке Рээлингер: “Ардчилалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Эмэгтэйчүүд улс төрд идэвхитэй, зорилготой, итгэлтэй, зоригтойгоор оролцох хэрэгтэй. Улс төр бол эмэгтэйчүүдийн байх ёстой газар” хэмээн тодотгон хэллээ.
Германы Социал Демократ нам болон Монгол Ардын Намууд нь яг энэ цаг үед хоёулаа эрх барьж байгаа. Мөн хоёулаа “социал демократ” үзэл баримтлалтай нам байгаа нь энэ айлчлалын нэг онцлог, давуу тал юм. Хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, нар оролцлоо.
Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байх ёстой гэдгийг анхны хэлэлцүүлгээр гаргасан. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа 48 хүний 50 хувь нь эмэгтэй байх, жагсаалтад эрэмбэлэхдээ 1:1 харьцаатай байхаар хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ хууль батлагдвал жагсаалтын 24 нь эмэгтэй байна. Энэ бол эрх барьж буй Монгол Ардын Намын жендерийн талаар баримталж буй томоохон хууль зүйн орчны шинэчлэл юм.
Хүний эрх, жендерийн тэнцвэртэй байдлыг хангах, шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ярих бус хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж байгаа нь “Социал демократ” үзэл баримтлалтай Монгол Ардын Нам болон Монгол Улсын хувьд нэг том алхам гэж зочид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )