Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ

2023 оны 06 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдөр зургаадугаар сарын 14-нд тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид 55 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, хоёр улсын найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн зүтгэлийг үнэлж байдгаа илэрхийлэв.

Хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудаар цаашид үр бүтээлтэй хамтран ажиллана гэж найдаж байна гэжээ. БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлал амжилтай болж, хоёр улсын харилцааны өндөр түвшнийг харуулсныг тэмдэглэжээ.

Талуудын харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ хөгжилд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top