Тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв

2023 оны 06 сарын 23

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өчигдөр (2023.06.22) НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ноён Стивен Байнус Карбо-г Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлэн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас товч танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил болон мал аж ахуйн бодлого, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, байгаль орчны судалгаа, хөгжлийн асуудлаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна гэв. Ялангуяа Монгол Улс нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай, малаас гарч буй ашиг шим нь ард иргэдийн хүнс болон аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болдог тул манай улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах талаар үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Газрын тухай хуулийг өргөн барихад тусад нь бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг бүлэг болгон оруулсан талаар онцолсон юм. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын дэмжлэгээр малчдыг чадавхжуулах, тухайлбал хонины ноосыг орчин үеийн техник, технологи ашиглан гэмтэлгүй, хаягдалгүй, бохирдолгүй, богино хугацаанд ноослох арга барилд Ховд, Дундговь аймгийн малчдыг сургасан нь үр дүнгээ өгсөн гэв.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь хөдөө аж ахуй, байгаль орчны асуудлыг хамаардгийн хувьд энэ хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн түүнчлэн Монгол Улс нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ холбогдох цахим хуудаст бүртгүүлдэг ч иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүйг анхаарч нэр бүхий гишүүдийн хамт Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, хэлэлцүүлж байна. Энэхүү хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм гээд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэр бум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нь  Улсын Их Хурлын Байнгын хороог тэргүүлэн, манлайлал гарган ажиллаж байгаад болон хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас оруулах хувь нэмрийг хүлээн авч Улсын Их Хурал болон Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гээд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дотроос томдоо орохгүй ч тогтвортой, хамтын оролцоотой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол Улсад ихээхэн хувь нэмэр оруулах НҮБ-ын нэг байгууллага юм. Монгол Улс нь  Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) гишүүн орнуудын нэг бөгөөд тус байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр элссэн нь ач холбогдолтой. Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын урт хугацааны бодлого, зорилго, зорилтод нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн мэргэжлийн байгууллагыхаа хувьд гуравдагч тал буюу донор байгууллагыг холбон өгч, зорилтот үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтойг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг юм гэв.

Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь гишүүн орнууддаа нарийн мэргэжлийн экспертиз туслалцаа үзүүлдэг байгууллага бөгөөд тус байгууллага өөрийн зүгээс санхүүжилт гаргах нь хязгаарлагдмал. Харин гишүүн орнуудынхаа Засгийн газар, төрийн байгууллагатай хамтран санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог туршлагатай гээд тус байгууллагын зүгээс тогтвортой аж үйлдвэрийн хөгжил, цэвэр технологи, жижиг дунд бизнесийг дэмжих, органик хөдөө аж ахуй, ногоон аж үйлдвэр болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, эрэлт хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэв.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь өөрсдийн туршлагадаа үндэслэн сэргээгдэх эрчим хүч, ногоон ус төрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх салбарт хамтарч ажиллах боломжтой бөгөөд тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top