Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.
-ОХУ-ын өнөөгийн нөхцөл, эдийн засгийн байдал ямар байна вэ?
-ОХУ өөрөө бол “Тусгай ажиллагаа” гэж үздэг. Гаднын улс орнууд дайн гэж нэрлэдэг. Энэ байдалд өнөөдрийг хүртэл нэг жил, дөрвөн сар өнгөрч байна. Гэхдээ бараа таваарын хомсдол алга, эдийн засаг нь тогтвортой байна. Үнийн өсөлтийг маш сайн зохицуулдаг. Манай улс шиг бараа, таваарын үнэ нэг өссөн бол тэр чигтээ тогтчихдог гэсэн ойлголт энд байдаггүй. ОХУ дотоод нөхцөл байдлаа бүрэн дайчилж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Хувийн хэвшлээ дээд зэргээр хөгжүүлж, элдэв хяналт шалгалтаар саад тотгор учруулахгүй гэсэн зорилт тавьж байгааг олон зүйлээс харж болно.
-Монголчууд сошиал орчинд бичихдээ Орос орон дайнтай байгаа учраас бүх юм хэцүүдэж, дотроо хямрал, талцалтай байна гэж шуугих юм. Энэ талаар та юу хэлэх бол?
-Монголд зарим хүн сошиал орчинд тийм зүйлүүд бичээд, маргалдаад байгаа болохоос ОХУ-д иргэд нь тайван, ажил, амьдрал нь ердийнхөөрөө үргэлжилж байна. Орос орон дотооддоо нэгдмэл, нэгэн цул байгаа. Гагцхүү “мэдээллийн дайн”-д л ялагдчихаад байна. Монголчууд Москвад ирэхээрээ “Дайнтай орон гэхэд юу ч мэдэгдэхгүй байна.
Монголд очихоор дайныг мэдрэх юм” гээд гайхаж асуудаг. Та бүхэн ОХУ-д ирснийх эндхийн иргэдээс асууж ярилцах байх. Мөн Монголоос энд ажиллаж амьдарч байгаа иргэдээс асуух байх. Сэтгүүлчид олон талын эх сурвалжаас асууж тодруулж тэнцвэртэй, үнэн бодит мэдээлдэг учраас үйл явдлыг өөрсдийн нүдээр харж сурвалжлах биз ээ.
-Орос улсад ажиллаж амьдарч буй иргэд,энд суралцаж байгаа монгол оюутнуудын байдал ямар байгаа вэ. Аюултай бүс нутагт манай иргэд, оюутнууд байгаа юу, татаж авсан уу?
-ЭСЯ Орос улсад ажиллаж байгаа иргэд, оюутнуудтайгаа холбоотой байдаг. Тусгай ажиллагаа болж байгаа бүс нутагтай ойрхон Монголын зургаан оюутан бий. Тэдэнтэй байнгын холбоотой байгаа. “Та нар эх орондоо буцвал буц. Онлайнаар хичээлээ хийж болно. Мөн чөлөө авч болно” гэхэд “Бид буцахгүй, эндээ байна.Үргэлжүүлэн суралцана” гэсэн хариу өгсөн. Энэ жилээс монгол оюутнууд суралцахын хажуугаар ажил хийх боломжтой болж байна. Сая Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр ОХУ-ын талаас тодорхой мэдээллүүдийг өглөө.
-Аливаа айлчлал үр дүнгээр тодорхойлогддог. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалыг Элчин сайдын хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга, ноён В.Володины урилгаар айлчиллаа. Улсын Их Хурлын даргын айлчлал нь 2018 оноос хойш буюу таван жилийн дараа болж байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володинтой хэлэлцээр хийсэн. Мөн Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкотой уулзсан. Хоёр талын хоорондох уулзалтууд маш илэн далангүй, найрсаг, ажил хэрэгч боллоо. Түүнээс гадна Монгол Улсын Их хурал, ОХУ-ын парламент хооронд хамтын ажиллгааны комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хуучин Монгол-Оросын парламентын бүлэг гэж байдаг байсан бол өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Эхний хуралдааныг ирэх наймдугаар сарын эхээр Улаанбаатар хотод хийнэ. Дараагийнхыг нь Москвад хийх байдлаар ажлаа зохион байгуулахаар боллоо.
-УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн сайд нар мөн өөрсдийн чиглэлийн дагуу уулзалт, хэлэлцээр хийсэн. Асуудал, шийдэл талаас харвал хэр үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөв?
-Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзаж, чухал асуудлуудаар тохиролцож, яриа хэлэлцээнд хүрсэн. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельевтэй уулзаж ярилцсан. Энэ уулзалт болох эсэх нь нэлээд эргэлзээтэй байсан ч бүтэмжтэй боллоо. Олон жил яригдсан, тухайлбал хоёр улсын 1949 оны төмөр замын хэлэлцээрт нэмэлт орууллаа. Ингэснээр хоёр талаасаа дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, хөрөнгөө нэмэгдүүлэхээр болсон.
Япон улсаас авсан өр зээлийн асуудал шийдэгдсэн гэж С.Бямбацогт сайд ярьж байна. Ер нь бол УИХ-ын даргын айлчлал бүхэлдээ маш үр дүнтэй боллоо. ОХУ-д ажиллаж амьдарч, суралцаж байгаа иргэдийн төлөөлөлтэй ч уулзлаа. Сүүлийн жилүүдэд манай төр, засгийн удирдлагууд ийм уулзалт, хэлэлцээ хийж чадахгүй байсан. Ковидын нөхцөл байдлаас хамаарч хойшилж ирсэн. Тэгвэл энэ удаа нэлээн өргөн хүрээнд уулзаж, олон чухал асуудлыг ярилаа. ОХУ-ын Төрийн думын дарга, ноён В.Володин болон Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко нартай хийсэн уулзалтаар чухал мэдээллүүдийг өгсөн. Ялангуяа энд суралцаж байгаа монгол оюутнуудыг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Өмнө нь ОХУ зөвхөн дотоодынхоо оюутнуудад ийм боломж олгодог байсан бол монгол оюутнуудад ажил хийх нөхцөл бололцоог олгож байна.
-УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” ХН-ийн Гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзсан. Энэ уулзалтын үр дүнг тодорхойлбол?
-Уулзалтаар энэ оны зургаадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр газрын тосны нийлүүлэлт хойшлогдсоныг нөхөн нийлүүлэх асуудлыг ярилцлаа. Хоёр тал хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад нөхөхөөр тохирлоо. Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалд нөөц бий болгох нь чухал үүрэг гүйцэтгэдэг. “Роснефть” ХН-ийн Ангарскын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Монгол Улс руу экспортлох шатахууны хэмжээг бууруулах болсон тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор мэдэгдээд байсан юм.
Харин энэ удаагийн уулзалтаар төлөвлөгөөт засварын ажлын өмнө буюу зургаа, долоодугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирлоо.
-Эцэст нь цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Монгол Улсаас ОХУ-д сууж буй 28 дахь Элчин сайд танд ажлын амжилт хүсье?
-Баярлалаа.ОХУ-д Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдаад 100 гаруй жил болж байна. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Анхны Элчин сайд нь Ж.Даваа гэж хүн байсан. Ардын Засгийн газраас Зөвлөлт Орос Улсад Монгол Улсын төлөөний газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэж, 1922 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Ард Улсаас Зөвлөлт Орос Улсад суух анхны Элчин сайдаар Ж.Давааг томилон “гүн” зэрэг өргөмжилж байсан түүхтэй. Ж.Даваа 1922 оны тавдугаар сарын 30-ны өдөр Зөвлөлт Орос Улсын Гүйцэтгэх хорооны дарга М.Калининд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Энэ өдрийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам үүд хаалгаа нээсэн өдөр хэмээн үздэг. Энэ мэтчилэн түүнээс хойш нийтдээ 28 хүн Элчин сайдаар ажиллаж байна. Хамгийн удаан ажилласан нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан Ж.Самбуу гэж хүн байлаа. Бараг 9-10 жил ажилласан, дайны жилүүдэд алба хашиж байсан. Түүх яривал, миний өмнө энэ албанд ажиллаж байсан хүмүүс бүгд төрийн өндөр алба хашиж явсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Яг орсуудад таарсан бөгс долоогч. Энэ нь яах вэ бүлтэрч л яваг цаашаа. Харин улсын сангаас авсан мөнгөө хүүтэй юутай нь барагдуулаарай...
Та тэр бсзээлээ төлсөн уүү бас л нэгэн хулгайч
ОРОСЫН САЛБАДАЙГ ОРОСТ ТОМИЛЧИХСОН !!! МАФИЖСАН МАН-ЫН АЛСЫН ХАРАА БОДЛОГО ГЭЖ ЭНЭ ! Ө.ЭНХТҮВШИНГӨӨС МОНГОЛОО ГЭСЭН ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ МЭДЭРСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГОРЬДООД НЭМЭРГҮЙ ЖИЖИГХЭН