БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 27-нд буюу өчигдөр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилжээ. Ерөнхий сайд БНХАУ “Зуны Давос” чуулга уулзалтыг Тяньжин хотноо амжилттай зохион байгуулж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол, Хятад нь Иж бүрэн стратегийн түншлэл бүхий найрсаг хөрш орнуудын хувьд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсад жишиг болохуйц хөрш орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар оролцжээ. Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болсон байна.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЖАО ЛӨЖИ-Д БАРААЛХЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид бараалхлаа. Ерөнхий сайд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзах үеэрээ хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэх эрхзүйн орчныг бэхжүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гол суурь гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн Байнгын хороод хоорондын харилцан айлчлал, уулзалт, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн байна.БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, бүх талын хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд БХАТИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгджээ. БХАТИХ-д Хятад, Монголын найрамдлын бүлэг шинэчлэн байгуулагдсаныг мэдээлж, цаашид хууль тогтоох байгууллага хороондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДАД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦСАН “ЗУНЫ ДАВОС”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв. Цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад, мөн геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүссэн сорилтуудыг хамтын хүчээр даван туулахад Дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулж буй арга хэмжээнүүд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. “Зуны Давос” чуулга уулзалтын нээлтэд Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлэхдээ ковид цар тахлын дараа эдийн засгийн форум болж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг онцолжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Зуны Давос” чуулга уулзалт “Бизнес эрхлэх нь: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” (Entrepreneurship: The Driving force of the Global Economy) сэдвийн дор болж байгаа аж. Чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал, технологийн дэвшил, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар төр засгийн тэргүүнүүд болон томоохон хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорациудын захирал, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд санал солилцдог. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Жинь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли нар хүндэт зочноор оролцсон байна. Мөн энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэтийн бодлого, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцдэг Монголын эдийн засгийн форум ирэх сарын 9-10-нд болохыг Ерөнхий сайд тэмдэглээд профессор Клаус Швабыг оролцохыг урьжээ.
БНСВУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ФАМ МИНЬ ЖИНЬТЭЙ УУЛЗАВ
БНХАУ-ын Тяньжин хотноо болсон “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар хоёр талын уулзалт хийжээ. Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа талууд илэрхийлсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын 99 улсын иргэдэд цахим виз олгож байгаа бөгөөд уг жагсаалтад Вьетнам Улсыг хамруулсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд ирэх жилүүдэд харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцсон байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан 2023 оны сүүлийн хагаст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийх төрийн айлчлал, мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2024 онд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлалд талууд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэжээ.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )