Ж.Баясах: Бид Хятадтай харилцан ашигтай хөгжих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд энэ өрдүүдэд БНХАУ-д төрийн дээд айлчлал хийж байгаа билээ. Тиймээс тус айлчлалаас хүлээх үр дүн, гарах шийдвэрүүд ямар байж болох талаар Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, Хятад судлаач Ж.Баясахтай ярилцаж, санаа бодлыг нь сонслоо.


-Ерөнхий сайд энэ өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна. Энэ айлчлалаас бидний хүлээж болох, Монгол Улсад ашигтай ямар үр дүнгүүд байж болох вэ?

-Хамгийн чухал зүйл  бол уул уурхайн салбар. Монголын нүүрс гэдэг мундаг ач холбогдолтой эд баялаг байна. Тийм ч учраас саяхан төсвийн тодотгол хийж 1.2 их наяд төгрөгийн орлогтой болсныг дуулгалаа. Энэ оны эцэс гэхэд энэ тоо гурван их наяд болчихвол бүр сайн болох гээд байна. Тэгэхийн тулд дэд бүтцийн асуудал үнэхээр чухал байгаа. Нүүрсээ яаж гаргах вэ. Мөн нэмээд аливаа тусгаар тогтносон улс байна гэдэг маань юугаар илэрхийлэгдэх вэ гэдэг нь эрчим хүчний талаар биеэ даасан байх шаардлагатай.

Манай баруун гурван аймаг өнөөдөр Оросоос цахилгаанаа авдаг. Харин төв газраа болохоор шөнийн цагаар мөн л хойд хөршөөсөө авч байна. Гаднын улсаас эрчим хүчний хамааралгүй болчихвол бид биеэ дааж байна гэсэн үг. Дээрээс нь Энэтхэг улстай хамтраад нефтийн үйлдвэр барихаар болсон ч зогсонги байдалтай болчихлоо. Үүнийгээ гүйцээх хэрэгтэй. Хэрэв тэгвэл бид эрчим хүч, шатахууны хамааралгүй болно. Манай улс Хятад руу түүхий нефть гаргаад арван жил болж байна. Өдөртөө 2000 тонн буюу таван баррель гэсэн үг. Харин өөрсдөө дотооддоо гаргаж авч чаддаг болчихвол бидэнд тун ашигтай.

 

Дэлхий нийтэд өнөөдөр хямралтай байна, энэ нь ч манай улсад дам нөлөөлж байна. Дорнод Европоос ирдэг бараа тээвэр байхгүй боллоо. Сөрөг зүйлс ажиглагдаж байна. Цэргийн насны хүмүүс, өндөр боловсролтой, мэдээллийн технологийн мэргэжилтэй хүмүүс баруун руу гарчихлаа. Ганцхан манайх гэлтгүй Латин Америк рүү орох гэсэн орос цагаачид гэхэд 67 мянга байна гэсэн тоо байна. Украин нь өөрөө 40 сая хүн амтай улс. Газар нутгийнхаа үндсэндээ 60 орчим хувиа Орост алдчихсан, найман сая хүн нь гадагшаа гарчихсан. Байдал ийм байна. Хятадын хувьд бодлогоо их алсуур явуулдаг улс учраас тэгж айхтар мэдэгдэл хийхгүй байна.

Өнөөдөр хэн хамгийн их ашиг олж байна гэвэл Хятад л байна шүү дээ. Европ гардаг байсан хийн хоолойг Төв Азийн түүгээр, манай баруун аймгуудыг дайруулан явуулахаар болж байх шиг байна. Үүнийг ч гэсэн Хятадын талтай яриасай гэж бодно. Жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудлыг оросуудтай ярьж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан. Энэ станц баригдчихвал эрчим хүчний асуудалд нэлээд нэмэр болно. Дэлхийн томчууд бүгд л манайд ирж байна. Польшийнх болохоор атомын цахилгаан станц барьвал бид мөнгийг нь гаргая, францууд уран боловсруулах үйлдвэр барьж өгье гэсэн.

Манайх чинь ураны нөөцөөр дэлхийд дөрөвт ордог айл байна шүү дээ. Орос үүнийг гаргадаг байсан ч хоригт орсон учраас энэ нь байхгүй боллоо. Үүнээс гадна Хятад, Тайвань хоёрыг газрын ховор элементийн хамгийн их нөөцтэй гэж яриад байгаа. Гэтэл манайх дутахааргүй их нөөцтэй. Үүнийгээ олборлоод, уранаа боловсруулаад, нефтиэ гаргаад эхэлбэл хонгилын үзүүрт тод гэрэл асна. Харамсалтай нь манайх төлөвлөгөөгүй явж ирлээ, өдийг хүртэл. Хятад яагаад хөгжөөд байна гэхээр таван жилийн төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу явж ирсэн.

-Нүүрсээ гаргах төмөр замуудын холболтын цэгүүдээ тогтоод, энэ ажлыг шуурхайлах болов уу гэсэн хүлээлт байна?

-Одоо харин энэ асуудал хүртэл тэртээ тэргүй яригдана. Учир нь цаад талаасаа Монголын нутаг руу тулаад ороод ирчихсэн шүү дээ. Ганц мод юм уу, Эрээн дээр очиж гацдаг байсан асуудал байхгүй болж байна. Тэгэхээр Ханги боомтын төмөр зам зэрэг бол их чухал. Цаад талд нь тал нутгийн ган буюу гангийн хот гэж алдаршсан Бугат хот бий. Үүнээс чухал бас нэг зүйл бол хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ Хятад руу гаргах тал дээр бид маш их анхаарах хэрэгтэй. Халуун, хүйтэн аргаар байх нь хамаагүй.

Өмнөх Ерөнхийлөгч цар тахлын үеэр Хятадад очоод 30 мянган хонь хандивласан. Тэгэхэд Хятадын ард түмэн төр, засагтаа “Монгол гэдэг чинь ямар сайхан сэтгэлтэй, аугаа ард түмэн бэ” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг юм. Монголын хонь гэдэг чинь бэлчээрийнх, таана, хөмүүл иддэг. Тэдгээр нь тэр чигээрээ эмийн ургамал байдаг. Үүнийгээ сайтар сурталчлаад гаргах хэрэгтэй. Үүнийг ч гэсэн ярих байх гэж найдаж байна. Хятад хэлэнд хонь, ямаагаа ялгадаггүй юм. Хонио ян гээд, ямаагаа болохоор уулын хонь гэдэг. Тэгэхээр ямаагаа өгөөд байсан ч болохоор байгаа биз. Хятад бол Монголоос мах авах бөөн сонирхол. Мөн Хятад чинь өөрөө хоёр их мөрнийхөө голд байгаа нам дор газраасаа хэдэн мянган жил ургацаа аваад, тэр нь үржил шимгүй болчихсон.

-Ёстой бордооны хүчээр л ургуулж байгаа байх нь?

-Тийм, бордооны хүчээр л ургуулж байгаа. Гэтэл эсрэгээрээ манай хөрсөнд ургаж байгаа газар газар тариалангийн бүтээгдэхүүн чинь одоогийн хэлээр бол жинхэнэ эко байхгүй юу. Үүнээс гадна “Нэг тэрбум мод” тарина гээд байгаа дээрээ Хятадын ухааныг ашиглах хэрэгтэй байна. Би 1986 онд урд очиж мэргэжил дээшлүүлсэн. Тэгэхэд л мод тарих хөдөлгөөн өрнөөд хүн бүр 10 мод тарихаар болчихсон байсан. Тэр нь өдгөө 40-өөд жил явж л байна. Яг тарих ёстой газар нь очиж модоо тарьж чадахгүй хүмүүс нь мөнгөө өгчихдөг. Түүнийг хардаг, хамгаалдаг улсууд нь цалин мөнгө болгож аваад ажилладаг. Төрийн бодлого гэдэг чинь энэ юм байна.

Манайхан “Тэрбум мод” хөдөлгөөн гарахаас өмнө субботник маягаар тарьж ирсэн. Улаанбаатарын модыг хэдэн ямаа нь тэсгээхгүй дээ гэсэн Б.Ренчин гуайн хэлсэн үг ч бий. Саяхан Парист болсон хурлаар ногоон эдийн засаг гэж зүйлийг онцгойлон ярьж, байгаль орчноо сэргээх тал дээр ажиллаж байгаа улсуудыг дэмжинэ гэсэн. Тиймээс ёстой л цаг үеэ олоод мод тарих санаачлага гаргасан хэрэг. Би Ордос явж үзсэн. Хөрс нь их муу, дан элс учраас юм ургахдаа их муу юм байна.

-Гэхдээ одоо тэнд чинь битүү мод, ой байгаа биз дээ?

-Битүү мод, гэхдээ тэрийг чинь хүчээр зодож ургуулж байна. Үүнээс үүдээд хэлэхэд манай Дорнод, Сүхбаатарт мод тарих хэрэг бий юу. Бодох л асуудал. Экологийн тэнцвэр нь алдагдана, ургах ч юм уу. Харин яг хэрэгтэй газар нь, хятадуудын туршлага, дэмжлэгээр модоо тарих хэрэгтэй. Мөн манайд нүүрс гаргахаас гадна эрчим хүчээ гадагш гаргадаг болмоор байна. Манайд салхи гээд сайхан сэргээгдэх эрчим хүч бий. Үүнийг сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд түлш, эрчим хүчний асуудлаа шийдчих юм бол Монгол үнэндээ диваажингийн орон байна шүү дээ.

-Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай албан хэлэлцээ хийнэ. Энэ хэлэлцээ дээр юу яригдах бол. Таньд ямар мэдээлэл байна вэ?

-Эдийн засаг, дэд бүтцийн асуудлаа л голлож ярих болов уу гэсэн таамаг байна. Би бас соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлээсэй гэж бодоод байгаа юм.

-Тухайлбал?

-Чингис хааныг Афганистанд дайн хийж байхад нь 1225 онд Хятадын Бумбын шашины тэргүүн очиж уулзсан. Энэ талаар кино зохиолыг бид бичээд Хятадын талд хүлээлгээд өгчихсөн. Харамсалтай нь цар тахал гараад зогссон. Миний судалгаагаар бол 1225 онд Чингис хаантай очиж уулзсан Чанчун Бумба чинь нутагтаа буцаж ирээд “Өрнөдөд зорчсон тэмдэглэл” гэсэн зохиол бичсэн байдаг. Ийм зохиол байдаг гэдгийг хятадууд өөрсдөө мэддэггүй. Дээр хэлсэн кино зохиолыг талархан хүлээж аваад уг нь нийтдээ 7.3 сая ам.доллар зарцуулна гэсэн юм. Мөн мазаалайн тухай кино хийхээр болсон юм. Энэ талын зүйлс жаахан хоцрогдоод байна уу гэж боддог. Манайд чинь нийтдээ 80 толгой мазаалай байна. Тэнгэр уулаар цаашаа гарч явчихаад буцаад ирдэг юм билээ. Танай хулсны баавгайтай харьцуулсан кино хийе гээд 1.3 сая ам.долларын хөрөнгө батлагдчихсан юм. Даанч өнөөг хүртэл таг болчихлоо. 

-Тяньжин боомтод манай улс 10 га газар эзэмшдэг бөгөөд түүнийгээ эргэлтэд оруулж, далайд гарцтай болно гэсэн байна лээ?

-Би тэр газар нь очиж үзсэн. Хашаа л татчихсан байдаг юм. Манайх чинь эдийн засгийн хамтарсан бүс байгуулна гэж хөөрцөглөөд Замын-Үүд, Алтанбулаг дээр нэг, нэг хашаа барьсан, өөр юмгүй. Харин тэр Тяньжинд байгаа газарт хятадууд орон сууц барья, та нар түрээслээд орлогоо ол гэдэг юм ярьдаг байсан.

Тяньжин гэдэг чинь мужийн хэмжээний эрх мэдэлтэй, төвд шууд харьяалагддаг хот. Энэ хотын цагдаагийн газрын дарга нь монгол гаралтай хүн байдаг юм. энэ мэт хүмүүсийг бид сайн талаас нь ашиглах ёстой. Харин энэ газрыг ингэж ашиглах тухай ярьж байгаа нь маш сайн мэдээ. Ерөнхий сайдтай цуг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар очсон байна лээ. Эдийн засагч мэргэжилтэй учраас гүйлгээ ухаантай хүн. Тийм болохоор Ерөнхий сайдад сайтар зөвлөөд энэ асуудлыг нааштайгаар шийдчих байлгүй гэж харж байгаа.

-БНХАУ-аас гаргасан “Нэг бүс, нэг зам” санаачилга ер нь юу болж байгаа вэ. Үүнээс манай улсын хүртэж болох ашиг нь юу вэ?

-Үнэхээр чухал санаачилга л даа. Харамсалтай нь үүнийг судалдаг, ярьдаг нэгж, хэлтэс Гадаад харилцааны яаманд ч байхгүй. Манайхны зүгээс тохиолдлын чанартай зүйлс их яваад байна. Тийм уулзалт болно гэхэд нь л ийм зүйл уншлаа гэсэн яриатай очдог. Ийм байж үнэхээр болохгүй. Хятад улс чинь өөрөө дэлхийн нэгдүгээрт эрэмблэгдэх эдийн засагтай улс болчихлоо. Тэд хөрш зэргэлдээ улс оронтойгоо хамгийн найрсаг харилцаатай гэдэг байдлыг үзүүлэх гээд л дэлхийд яриад байна шүү дээ. Тийм учраас бид үүнийг нь ашиглах л хэрэгтэй. Хамтарч хөгжье, харилцан ашигтай явъя гэдэг зүйлийг нь бид дэмжээд хамтран ажиллах ёстой.

Ер нь манайх шиг таван Эзэнт гүрэн байгуулагдсан газар дэлхий дээр байхгүй. Хүннү, Түрэг, Кидан, Их Монгол, Их Юань гэсэн ийм таван эзэнт гүрэн цогцлон бий болсон нь байрлал нь их давуу талтай юм.

-Дэлхийд геополтикийн асуудал хурцаар яригдаж байна. Тэгэхээр бид энэ байрлалын давуу байдлаа сайнаар ашиглах боломж бололцоо бий юу?

-Би ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал байхдаа бид санаачилга гаргаад Д.Трамп, Ким Жон Ун хоёрыг Монголд уулзуулах ажлыг ярьж эхэлсэн. Улаанбаатар хотод уулзахаар болж байсан ч хамгийн сүүлийн мөчид өөрчлөгдсөн. Дэлхийн геополитикийн хувьд Хятад улс бол их том тоглогч, тэр ойлгомжтой.

Одоо энэ Ойрхи Дорнодын асуудал байна, Карибын тэнгис рүү орж байна. Дээрээс нь Латик Америк рүү ч орж л байна, БРИКС-ийн гол улс. Америкийн долларыг шахах ажиллагаа яваад эхэллээ. Хятадын мөнгөн дэвсгэрт болох юаниар тооцоо хийдэг болж байна. Энэ хэмжээгээрээ Америкийн ноёрхол дуусаж байгаа. цар тахлын үеэр яг дефолт болохын өмнөхөн хүчээр тогтож үлдээлээ. Энэ оны өмнө Орос, Украины дайн дуусахгүй бол Америк, НАТО дуусна.

-Дэлхийн нэг дугаарын улс болж байгаа хөршөө түшиглээд харилцан ашигтайгаар хөгжих ухааныг л авч явах хэрэгтэй юм байна даа?

-Тэгэлгүй яахав, харамсалтай нь дээр хэлсэн “Нэг бүс, нэг зам”-ыг ярьдаг газар алга. Миний дэвшүүлсэн “Хөндлөн төмөр зам”-ыг ярихгүй байна. “Хөндлөн төмөр зам” гэдэг бол Хятад талаасаа манай Дорнодоор орж ирээд Ховдоор гараад төв Ази руу цаашаа явах хурдны төмөр зам юм. Хэрэв ийм болчихвол үнэхээр эдийн засгийн асар их ач холбогдолтой. Өнөөдөр бид нийслэлээс Ховд орох гэж хэдий хэр хугацаа зарцуулж байна. Гэтэл ийм болчихвол дагаад харилцаа холбоо дээшилнэ, үйлчилгээ сайжирна, эдийн засаг өсөн тэлнэ шүү дээ.   

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол диваажин(59.153.87.11) 2023 оны 07 сарын 19

Монгол одоо ч диваажингийн орон юм. Би жишээ нь диваажинд л амьдарч байна: 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Одоо бол жинхэнэ тааваараа тарвалзаж байна. Өвөлдөө бэлчээрийн эрүүл үхэр хонины махаа иднэ, зундаа монгол орноороо аялан хөдөө гадаа явж бие сэтгэлээ сэргээнэ. Саяхан л гэхэд би Дорнот, Хэнтийгээр аялж яваад ирлээ. Дорнотын уудам тал нутгаар явж эх орноороо бахархаж дуу аялсан шиг, заримтай аньсага чийгтэй яваад ирлээ. Одоо удахгүй Булган Сэлэнгээр явна. Өөр хаана ийм сайхан эрх чөлөөтэй, амгалан тайван, баян цатгалан амьдрал байгаа билээ?

0  |  0
Болд-Эрдэнэ(124.158.70.121) 2023 оны 07 сарын 09

Энэ доор хоёр комментийг уншаад бүх асуудлаар дандаа эсрэг үзэн ядсан доромжилсон юм бичих үүрэг бүхий цөөн хэдэн 10 орчим хүн байх шиг байна гэж ойлгов Тэгээд хүн муулах гэвэл үнэхээр муу ч юмуу гэж хүн эргэлзэхээр бичдэг баймаар энэ хүмүүс хүмүүжил, мөс чанар боловсрол огт байхгүй яг үнэндээ сармагчнаасаа нэг их холдоогүй горилла-нууд бололтой

0  |  0
asd(59.153.113.68) 2023 оны 06 сарын 28

orsiig demjigch agent ni bailee dee ene zunug. Ukrainiig yalagdana ch geh shig

1  |  0
Үл мэдэх(64.119.25.251) 2023 оны 06 сарын 28

Заа даа хятадууд Монголд ашиг өгнө ч гэж юу л бол. Харин хятадаас хортой хүнс, хор шингээсэн хувцас, цахилгаан хэрэгсэл авдгаа л больчихмоор байна. Даан ч шнал нь хэтэрсэн, зоосноос өөр юм бодохгүй наймаачид тэгэж чадахгүй нь гутамшигтай, харуусалтайв

1  |  0
Top