Хүн өөрөө хувь заяагаа бүтээдэг гэдэг. Түүн шиг ХӨСҮТ-ийн зүрх судасны их эмч Б.Цэцэгдулам мэргэжлээрээ бахархаж, олон хүнийг эрүүлжүүлэх, эдгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа ачтан билээ. Тэрбээр 1994 онд эмчийн алтан чагнуур барьж эхэлсэн цагаас үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл, зүрхэнд хүрч ажиллахыг эрхэм зорилгоо болгож иржээ. Өдөр бүр иргэд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж байдаг ч тэрбээр огтхон ч уурсаж бухимддаггүй. “Миний л хийх ёстой ажил” гэх эерэг сайхан бодол, зөв хандлагаар ирсэн бүхний итгэл, сэтгэлийг сүлж суудаг нь хэн хүний талархлыг нь хүлээдэг нь лавтай. Арга ч үгүй биз, 10 жилийн сургуульд байхаасаа л сурахын төлөө тэмүүлж ирсэн хичээнгүй зан ийнхүү чадварлаг сайн эмч болоход нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас Б.Цэцэгдулам эмч Анагаахын сургуульд сурч байхад хүнтэй зөв харьцах төлөвшлийг суулгаж өгсөн үе үеийн эрдэмтэн багш нараараа насан туршдаа бахархаж явдгаа ярьж сууна. Тэрбээр “Монгол Улсад артерийн даралт ихсэх өвчний тархвар зүй, эрслэлт хүчин зүйл, ба эрхтний гэмтлийн судалгаа” сэдвээр тун удахгүй докторын зэрэг хамгаалах гэж байгаа ажээ.
-Юуны өмнө хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж эмч болсон танд талархая. Төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхлүүлсэн нь ивээлээ өгч сайн эмч болгож дээ?
-Миний бие 1994 онд АУИС-ийн ангийг төгсөөд Увс аймгийн Өмнөговь сумаас ажлынхаа гарааг эхлүүлж байлаа. Юугаа ч мэдэхгүй очоод нэг л мэдэхэд зургаа, долоон жилийг ардаа үдсэн байдаг. Оюутны ширээнээс дөнгөж гарсан надад мэдэхгүй, чадахгүй зүйл юу эс тохиолдох билээ.
Эмч болох гэж бэдэрч тэмтчиж явсан намайг салбарынх нь эрхлэгч О.Янжмаа гэж туршлагатай, сайн эмч ажлын талбарт “өлгийдөж” авсан. Энэ ачтай хүн надад анхан шатны бичиг баримтыг хэрхэн яаж хөтөлдөг вэ, яаж хүн үзэх талаар маш их зөвлөж зааж сургасан юм. Бүр өөрийн охин шигээ хайрлаж гэртээ хүртэл байлгасан шүү. Тийм учраас миний өнөөдрийн ажлын арга барил, ур чадвар энэ хүнтэй салшгүй холбоотой. Мэс заслын эмчийн ажлыг эхнээс нь дуустал чанартай хийхийг гол зорилго, зарчмаа болгож ажилладаг нь олон зүйл дээр харагдаж, санаа авч хэрэгжүүлэх зүйл маш их байсан.
-Эмч нар хөдөөгийн эмнэлгээс амьдралын их сургуульд суралцсанаа бахдан ярих дуртай байдаг юм билээ. Та ч тэдний нэг юм байна. Анх хүн үзэхэд хэцүү байсан уу?
-Сум дундын эмнэлэг учраас нарийн мэргэжлийн эмч байхгүй ихэвчлэн том хүнд үзлэг хийнэ. Мөн дуудлагад явах, хүүхэд болон насанд хүрэгчид, жирэмсэн эхчүүдийг үзэх, төрүүлэхээс эхлээд хөдөөгийн эмнэлэгт оролцохгүй, хийхгүй ажил гэж үгүй. Анх сумаасаа 7-8 км-ийн зайтай төрөх гэж байгаа эхийн дуудлаганд мотоциклоор явж билээ. Учир нь тухайн үед дуудлагын машин Увс аймаг руу явсан байсан. Очиход хүүхдийн толгой цухалзаж байсан эхийг настай ээжийнх нь туслалцаатайгаар эсэн мэнд төрүүлж байлаа.
Аз болоход хүндрэл ч өгсөнгүй. Мотоцикл дээр эх хүүхэд хоёр, ард нь би суугаад сумын төв рүү авчирч байлаа. Залуу ч байж, их ч зоригтой байж гэж одоо боддог юм. Хэдий туршлага дутсан ч эмчийн үүргээ ухамсарлан гэрт нь төрүүлээд эх хүүхдийг аварч чадсандаа баяртай байдаг. Тухайн үе буюу 1990- ээд оны зах зээлийн үед олон эмч ажил мэргэжлээ орхисон. Гэсэн ч би мэргэжилдээ хайртай учраас ажлын байран дээрээ үнэнчээр үлдсэн хүний нэг нь.
-Та хэдийд Улаанбаатарт ирэв?
-Улаанбаатарт дотрын чиглэлээр дотрын резидиентэд хоёр жил сурч, дотрын нарийн мэргэжлийн курсыг 2002 онд төгссөн. 2002-2012 онд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч,тасгийн эрхлэгчээр ажилласан. Харин ХӨСҮТ-д 2012 оноос ажиллаж байна. Энэ хүртэл эрүүл мэндийн салбарт 29 жил ажиллаж байна. Сурах үйлсэд хязгаар үгүй гэдэг болохоор 14 жил анагаахын чиглэлээр сурчээ. Ерөнхийдөө миний сурч ажилласан он жилүүд тэнцдэг юм.
-Одоо ч докторын зэрэг хамгаалах гээд бэлтгэж байгаа юм аа даа. Энэ таны ойрын зорилго уу, эсвэл?
-2015 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС-д зүрх судасны чиглэлээр аспирантурын шалгалт өгөөд тэнцсэн юм. Гэвч хил хаагдсан, Оросын эдийн засаг уналттай, гадны аспирантуудыг хамгаалуулахгүй гэсэн, бас багш маань хүнд өвдсөн гэх мэт олон шалтгаанаар хойшлоод байгаа юм. Удахгүй дуудахыг нь хүлээгээд судалгааныхаа ажлыг тасралтгүй хийж шамдсаар л байна. Энэ л миний ойрын зорилго болж байна даа.
-Хүний амь насыг шийддэг эмч хүний ажил шулуун дардан байхгүй. Айж түгших, сэтгэл зовних, бас баярт үйл явдлууд ээлжлэн тохиолддог. Иймд таны эмч болсны аз жаргалтай мөч гэвэл?
-Өвчин нь хүндрээд ирсэн хүнийг амьдруулж, хань ижил, аав ээж, хамаатан садантай нь уулзуулах шиг сайхан зүйл байхгүй. Эмч болсны аз жаргал, энэрэл хайр үүнд оршдог байх аа.
-Мэргэжлийн эмчийн хувьд зориуд асууж байна л даа. Ер нь манайд зүрх судасны өвчлөл ямар хэмжээнд байна вэ?
-Зүрх судасны өвчлөл Монголд нас баралтын шалтгаан хэвээр байгаа. Ялангуяа сүүлийн үед энэ өвчөөр өвдөж буй хүмүүсийн нас залуужиж, байгаль цаг уур, хоол хүнс, нийгмийн орчин, архи тамхины хэрэглээ, удамшил зэргээс шалтгаалан зүрх судасны эрсдэлийн хүчин зүйлд нөлөөлж байна. Тодруулбал, ихэнхдээ амьдралын хэв маягаас шалтгаалдаг учраас дэлхий нийтээр хөдөлгөөний хомсдол, стресээс хамааралтай гэдэг нь тогтоогдсон. Зүрх судасны суурь өвчин бол цусны даралт ихсэх байдаг. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий.
-Зүрхний өвчлөлийн шалтгааныг жаахан тодруулахгүй юу?
- Цусны даралт ихсэх өвчин зүрх судасны эмгэгийг үүсгэдэг гол шалтгаан болж олон жилийн турш үргэлжилдэг. Үүнээс улбаатай бусад эд эрхтэнээ гэмтээж, зүрхний архаг өвчин, зүрхний хэм алдалт, тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг олон төрлийн хүндрэлийг дагуулж байх жишээтэй. Мөн бөөр, судасны талын хүндрэлүүд байж болно. Бөөрний судасны хатууралттай холбоотой бөөрний дутмагшлыг үүсгэдэг. Тархины судасны хатуурлын улмаас тархины судасны өөрчлөлтүүд, зөнөгрөл, тэнэглэл эрт эхэлдэг. Тийм учраас эмээ тогтмол хэрэглээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд байвал хүндрэхгүй байх боломжтой. Нас ч уртсаж өндөр насална. Иймийн тулд байнгын хөдөлгөөнтэй, эрүүл агаарт явах нь маш чухал. Бас хооллолтондоо анхаарахгүй, оройн цагаар идээд хэвтээд байхаар таргалалт зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг үүсгэж байгаа.
-Таныхаар эмч хүнд ямар эрхэм чанарууд байх ёстой гэж боддог вэ?
- Тийм ээ, эмч хүн тасралтгүй суралцах, судлах, сургах гэсэн гурван эрхэм чанарыг өөртөө мөрдлөг болгох ёстой. Үүгээрээ дамжуулан бусдад үлгэр дууриал болж, баг хамт олноо сургаж, сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэсэн үг.
-Хүний амьдралын зам харгуйг чиглүүлж, гэрэлтүүлдэг олон сайн санаат хүмүүн бий. Таны алсад нисэх жигүүрийг ургуулж өгсөн ачтай багш нар гэвэл?
-Энэ асуултад олон сайхан ач буянтай хүмүүсийг дурдаж болох байна. Миний хувьд тухайн үеийн сор болсон эрдэмтэн багш нар, анагаахын бүхий л алдар нэртэй, ажил мэргэжилдээ эзэн болсон тухайлбал, Ч.Цэрэннадмид, А.Өлзийхутаг, Н.Даваацэрэн, Ц.Долгормаа, Д.Сэржээ, Н.Бира, Н.Баясгалан нарын олон сайхан багш нараар хичээл заалгаж байсандаа баярлаж явдаг. Тэд маань яаж сайн эмч болгох вэ, яаж биеэ зөв авч явах вэ, хэрхэн хүнтэй зөв харилцах вэ гэдэг талаар олон жишээ татаж ярьж, сургадаг байлаа.
Энэ бүхэн хэзээ ч санаанаас гардаггүй хаана ч очсон ажлын орчиндоо хэрэгжүүлж, хэвшүүлэхийг зорьдог. Хамгийн гол нь харилцаа хандлагын талаар маш сайн хэлж өгч, бид түүнийг тусгаж авсан учраас бидний үеийн эмч нар ёс зүйн тал дээр сайн бэлтгэгдсэн гэж боддог. Мөн суманд очиход тосос авсан Янжмаа эмчтэй эгч дүүс шиг болсон. Анхны хүүхдийг маань эх барьж авсан энэ ачтай эмчийг хүндэлж явдаг. БЗД-т ирэхэд эмч Н.Алимаа, Д. Баянсайхан, Я.Нэргүй нарын хамт ажиллаж ихээхэн зүйл сурахад нөлөөлсөн. Энэ явцад Улсын III төв эмнэлгийн зүрх судасны эмч Цэвэлмаа, анх зүрх судасны эмч болоход удирдсан Баясгалан багшдаа ямагт баярлаж явдаг. Үүний үр дүнд манай төгсөлтийнхөн бүгд сайн эмч нар болцгоосон.
-Таны сэтгэл ханамж авдаг зүйл?
-Гэртээ амгалан тайван,цэвэр цэмцгэр халуун дулаан уур амьсгалтай байхыг хүсдэг. Гэр орон, цэвэр цэмцгэр байж ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Тийм учраас гэртээ тав тухтай дуртай хоол цайгаа хийгээд, ажлын бус үеэр амарсан шиг амраад стрессээ тайлъя гэж боддог. Барагтай л бол уурлаж,стресдээд байдаггүй.
-Ар гэр, нойр хоолоо умартан хүний эрүүл энхийн төлөө ажилладаг хүмүүс эмч нар. Энэ үед ажлыг нь ойлгож, дэмжиж ар тал болж явдаг ханийн үүрэг оролцоо маш их. Тиймээс таны гэр бүлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй?
-Энэ үнэн. Цаг наргүй ажилтай байхад ар гэрийн урам, хайр маш чухал. Нөхөр маань ХААИС-ийн инженер-механикийн ангийг төгссөн, одоо хувиараа ажиллаж байгаа. Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү 26-тай, бага маань 15 настай. Ар гэртээ санаа зовниж байвал эмчийн ажлыг хийхэд хэцүү.
Миний хувьд ар гэртээ огт санаа зовох зүйл байхгүй. Бага хүүг ээж маань хардаг байсан учраас сэтгэл тайван ажлаа хийдэг байлаа. Ажлынхаа хажуугаар мэргэжлийн зэргийн шалгалт өгөх гээд гэртээ харьж хүүхдээ хөхүүлэх ч завгүй, ээждээ л итгээстэй. Ингэж зэргийн шалгалтанд бэлддэг байж билээ. Том хүүгээ наймхан сартай байхад ажилдаа дуудагдаад орсон. Энэ үед хөдөө ажиллаж байсан учраас хажуугийн хоёр айлдаа ээлжилж орхиод дуудлаганд явна, их ч өрөвдөнө. Хэдийгээр аав нь хардаг байсан ч ээж шиг нь байж чадахгүй шүү дээ. Нөхөр маань архи тамхи хэрэглэдэггүй, ар талын бүх асуудлыг зохицуулдаг учраас ажлаа амжилттай сайн хийж яваагийн үндэс ар гэр маань. Тиймээс хань ижил, үр хүүхэд,аав ээж, нутаг ус, хамаатан садан бүхий л хүмүүсээрээ бахархдаг.
-Ингэхэд таныг уул ус нь тэгширсэн сайхан нутагт төрж өссөн гэж сонссон. Нутаг нутгийн онцлог бахархал, шүтээн гэж байдаг даа?
-Бага нас маань Увс аймгийн Өндөрхангай суманд бусад хүүхдүүдийн адил өнгөрсөн. Өндөрхангай сумандаа 1-6 дугаар анги хүртлээ сурч хүмүүжсэн. Дараа нь аймгийн төв рүү шилжиж Увс аймгийн хоёрдугаар 10 жилийн сургуулийг төгссөн. Тэд маань одоо ч байнгын харилцаа холбоотой явдаг. Манай нутаг говь хангай хосолсон, өндөр уул нуруудтай, мод самар, жимс, ан гөрөө, ургамал цэцэг алаглаж, байгалийн баялаг бүхэн хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг.
Уул усны диваажин ч гэх нь бий. Тэр дундаа манай алдарт Ханхөхий нуруу төрийн тахилгат уул хэмээгддэг. Манай сум өвөлдөө тэсгэм хүйтэн ч гэлээ байгаль цаг агаарын хувьд таатай. Дандаа мод түлдэг ч гэлээ хүн ард нь хүйтнийг ажирдаггүй. Өвөлдөө цас их орж, зундаа бороо их ордог учраас сэрүүхэн талдаа. Тийм учраас нутаг ус аав ээж, ах дүү нартаа сөгдөж мөргөж амьдардаг. Харин нэг таагүй зүйл нь манай нутаг өндөр уулын бүсэд оршдог учраас хүмүүсийн цусны даралт ихэсдэг юм шиг санагддаг.
-Таны хэлэх дуртай үг?
-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгэнд дуртай. Энэ үгийн эзэн болж дунд сургуулиасаа эхлээд дээд сургуульдаа уйгагүй хичээнгүй зүтгэлтэй явж ирсэн. Үүгээрээ амьдарч байгаа болов уу гэж боддог. Хүүхдүүддээ ч энэ үгийг хэлж захиж сургадаг. Монгол хүн бүрийн хэлэх дуртай сайхан үг шүү дээ.
Д.НЭРГҮЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Saihan chadaltai emch dee ralargaj yavdag shu.Tand az jargal husyee
Худлаа өөрсдийгөө МАГТАН дөвийлгөсөн ХУВИЙН эмнэлгүүдээ ЧАДАВХИЖУУЛАА, ИНГЭХГҮЙ БОЛ ХҮН алаад гэмтэл учруулаад юун эмчлэх сүйрүүлээд бна