АЛДАРТНУУДЫН ТҮҮХ I АНУ-ын хамгийн алдартай Тэргүүн хатагтай

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 01

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн эхнэр Жаклин Кеннеди бол цаг үеийнхээ хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг, Америкийн хамгийн үзэсгэлэнтэй, загварлаг, алдартай Тэргүүн хатагтай байсан билээ. Тэрээр өдгөө амьд сэрүүн байсан бол 95 настай байх байв. 1961-1963 онд АНУ-ын Тэргүүн хатагтай байсан тэрээр Америк, Европын бүсгүйчүүдийн хувцаслалтын чиг хандлагыг тодорхойлогч байсан юм. Түүнийг өнөө үед ч дэлхий дурсан санагалздаг.


Жон Кеннедитэй танилцсан түүх

Жаклиныг Жеки гэж дууддаг байжээ. Франц гаралтай аавтай Жеки АНУ болон Францад боловсрол эзэмшиж, урлагийн түүх болон Францын утга зохиол судлаач болсон байна. Их сургуулиа төгсөөд сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа тэрээр АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч, тухайн үед сенатор байсан Жон Фицжеральд Кеннедитэй танилцжээ. Тэд нэг жил үерхээд 1953 онд гэрлэсэн байна.

Зовлон

Энэ үеэс л түүний зовлон эхэлсэн юм. Хэд хэдэн хэвлэлд редактор хийж, урлаг судлан хажуугаар нь улстөрч нөхрийнхөө ажилд тусалдаг байсан Жеки 1956 онд анхны хүүхдээ, 1963 онд отгон хүүхдээ алдсан юм. Тэдний нэг нь хорвоод мэндлээд ганц ч хоноогүй бол нэг нь хоёрхон хоног амьдарчээ. Жаклин тэр цаг үеийг сэтгэлийн хатаар даван туулахаас өөр аргагүй болсон гэдэг. Харин 1957 онд Кеннедигийн гэр бүлийн нэр хүндийг өндөрт өргөж яваа охин Кэролайн Бувье Кеннеди нь төржээ. Жон Кеннедигийн хүүхдүүдээс амьд үлдсэн ганц хүүхэд нь Кэролайн юм.

1960 онд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч хүүтэй болж, өөртэйгөө адил Жон Фицжеральд Кеннеди гэх нэр өгчээ. Хэн бүхний хайрыг татсан, боловсролтой, хүнлэг, сайхан ч залуу байсан тэрээр 1999 онд онгоцны ослоор амь үрэгдсэн билээ. Эр нөхөр нь буудуулан өвөр дээр нь амь тавьж, хоёр хүүхдээ алдаж, дараагийн нөхөр болон түүнээс төрсөн хүү нь нас барахыг харсан Жаклин хайртай хүү Жоныхоо үхлийг хараагүй нь аз гэлтэй. Амьдралын хатуу хөтүүг даван туулж, нэг л өдөр эр нөхрөө алдан Тэргүүн хатагтай байхаа больж, хоёр хүүхэдтэйгээ Цагаан ордноос хөөгдөх шахуу явсан Жаклин тэднийгээ өсгөх гэж багагүй зовсон гэдэг. Гэхдээ тэрээр хүүхдүүддээ хэзээ ч хатуу үг хэлж, муу үлгэр дуурайлал үзүүлж байгаагүйг ойр дотныхон нь ярьсан байдаг. Хоёр хүүхдээ гайхалтай хүмүүжүүлсэн түүний ухааныг одоо ч биширдэг.

Аристотель Онассистой гэрлэсэн нь

Жеки 1968 онд Грекийн баячуудын нэг Аристотель Онассистой гэрлэснийг хүмүүс хоёр хүүхдээ тэжээхийн тулд хийсэн алхам гэж үзэж байв. Гэхдээ үргэлжид хатагтай Кеннеди нэртэй байсан Жаклин Аристотель Онассистой чин сэтгэлийн, нөхөрсөг, бас нэг нэгнээ хүндэтгэсэн харилцаатай байсан гэдэг. Жаклин энэ талаар "Амьдрах хүсэлгүй болж, бүх зүйл нурж унасан тэр үед Аристотель надад тусалсан. Намайг өргөж босгосон хүн" гэжээ. Грек эр Кеннедигийн хоёр хүүхдийг юугаар ч дутаахгүй өсгөлцжээ. Тэд жаргалтай амьдарч байлаа. Гэтэл 1973 онд Жаклиныг бас нэгэн гай зовлон нөмрөн авсан нь Аристотель Онассистой суугаад төрүүлсэн хүү Александр нь онгоцны ослоор амиа алдсан явдал байв. Газар дээрх ганц хүүгээ алдсан Онассисын бие муудсаар 1975 онд Парист нас баржээ. Гай зовлон тойруулсан хүүхэн гэж хэлэгдэж, гурав дахь удаагаа нөхөрт гарахдаа бусдын ханийг булаасан гэж чичлүүлж байсан Жаклин Кеннеди 1995 онд хорт хавдраар өөд болсон билээ. Тэрээр дахиад хэдхэн жил амьдарсан бол бага хүүгийнхээ аймшигт үхлийг үзэх байсан юм.

Хүч

Жаклин амьдралын хатуу хөтүүг сөрөн туулсан 65 жилийнхээ хугацаанд дэлхийн түүхэнд үлдэх олон ажлыг хийж бүтээжээ. Хэвлэлүүдэд редактор хийж, урлаг, утга зохиолынхоо чиглэлээр олон ажил хийсэн тэрээр Цагаан ордныг өөрчлөн шинэчилж, одоогийн сайхан өнгө төрхийг нь бүрдүүлсэн Тэргүүн хатагтай. Мөн АНУ, Кубын харилцааг сайжруулахад түүний оруулсан хувь нэмэр их. Мөн улс орноо дэлхий дахинтай ойртон нөхөрлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн олон орноор явсан цорын ганц Тэргүүн хатагтай байв. Эр нөхрөө хүндлэн хайрлаж, хүүхдүүдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх тал дээр эмэгтэйчүүдэд том үлгэр дуурайлал үзүүлсэн Жаклин бүсгүйчүүдэд биеэ зөв авч явахыг ч зааж сургасан эмэгтэй юм.

Амьдралд хөл алдах үе байсан ч эргээд босохдоо улам хүчтэй болж байсан түүний 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотод нөхрөө алагдахад өмсч явсан “Шанель”-ийн ягаан хослол нь дэлхийн түүхэнд мөнхрөн үлджээ. Сонгуулийн ажлаар Далласт очиж, задгай лимузин машинаар ард түмэнтэйгээ мэндчилэн инээд цацруулан явсан 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедиг хаа нэгтээгээс мэргэн бууч онилж байсныг Жаклин хэрхэн мэдэх билээ. Жон хормын дотор буудуулан унаж, эхнэрийнхээ өвдгийг дэрлэн амьсгал хураахдаа алдарт ягаан хослолыг нь цусаараа будсан байсан гэдэг. Жон Кеннедийг ойр дотныхон нь Жек гэж дууддаг байв. Жаклин буудуулсан нөхөртөө “Жек, тэсээрэй, би чамд хайртай” гэж хэлсээр, Ерөнхийлөгчийн лимузин эрчээ аван эмнэлэг рүү давхисан ч АНУ-д шинэчлэлийг авчрахаар оролдож байсан оюунлаг нэгэн Ерөнхийлөгч эмнэлэгт хүрэлгүй хорвоог орхисон юм. Жон Кеннедиг хэн буудсан нь одоог хүртэл оньсого мэт байдаг.

Кеннедигийн удмын хараал

Элчин сайдын хүү байсан Жон Фицжеральд Кеннеди АНУ-ын түүхэнд нэрээ мөнхөлж чадсан Ерөнхийлөгч юм. Өндөр боловсрол, том албан тушаалтай аав нь хүүхдүүдээ ч өөр шигээ байлгахаар шамдаж байсан гэдэг. Гэхдээ тэдний гэр бүлд хараал хүрсэн мэт байв. Жоны эцэг эх нь есөн хүүхэд төрүүлсэн ч тавыг нь үхэл дайрчээ. Ахтайгаа хамт улс төрд зүтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болоод байсан Роберт Кеннеди 1968 онд алагдсаныг дэлхий мэднэ. Бусад ахан дүүс нь төрөлхийн өвчтэй төрөх юмуу, том болсон хойноо нас барцгаасан гэдэг.

Жон Кеннедиг сайн Ерөнхийлөгч ч гэсэн гэр бүлийн хувьд тогтворгүй нэгэн гэдэг байв. Учир нь тэрээр жүжигчин бүсгүйчүүдтэй удаа дараа нэр холбогджээ. Энэ талаар Жаклин Кеннеди нэгэн ярилцлагадаа “Жоны дотор хааяа чөтгөр орчихдог гэлтэй хачин үйлдэл хийсэн. Гэхдээ тэр үргэлж буруугаа ухаарч, хамаг хайраа гэр бүлдээ зориулдаг байсан. Тэр гайхалтай сайн аав. Эцэггүй үлдсэн хоёр жаахан хүүхдэдээ би аав нь эргэж ирэхгүйгээр явсан гэдгийг ойлгуулах гэж ямар их зовсон гээч” гэж ярьсан байдаг. Нөхөр нь буудуулан амиа алдсаны дараа Жаклин аавдаа “Бурхан гэж байдаггүй юм байна. Байдаг бол тэр яалаа гэж хоёр жаахан хүүхдийн эцгийг аваад явахав дээ” гэж цөхрөн ярьж байжээ.

Кеннедигийн удамд нээрээ л хараал хүрсэн мэт. Тэр тусмаа Жон Фицжеральд Кеннеди гэж нэрлэсэн хүүхдүүд нь энэ хорвоод амьдрах хувьгүй байжээ. Тиймээс одоо Кеннедигийн удамд энэ нэрийг хүүхдэдээ өгдөг айл байдаггүй аж. Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди буудуулан амиа алдсан бол түүний хүү бага Жон Фицжеральд нь 39 настайдаа эхнэр Кэролайн Бессетт болон түүний эгч Лорен Бессеттэй хамт хуриманд очихоор онгоцоо өөрөө жолоодон явж байхдаа Мартас-Винъярд арлын ойролцоо осолдож амиа алджээ. “Piper Saratoga II HP” онгоцыг бага Жон Кеннеди урьд нь олон удаа жолоодож байсан, уг маршрутаар олон ниссэн, туршлагатай нисгэгч байсан гэдэг. Ослын шалтгаан нь харагдах байдал муу байснаас болжээ. Бага Жон хүүхэдгүй байсан юм.

Кеннедигийн удмаас амьд үлдсэн цор ганц хүүхэд

Тэгвэл эцгийнхээ ажил хэргийг үргэлжлүүлэн улстөрч болсон том охин Кэролайн Бувье Кеннеди нь Америкийн авьяаслаг дизайнер Эдвин Шлоссбергтэй гэрлэж, хүүхдүүдтэй болон аз жаргалтай амьдарсан. Түүнээс 12 насаар ах, Украинаас цагаачлан очсон гэр бүлээс гаралтай Эдвин Шлоссбергтэй охиноо гэрлүүлэхдээ Жаклин Кеннеди дурамжхан байсан гэдэг. Гэхдээ тэдний гэр бүл сайхан амьдарч, гурван хүүхэд нь өндөр боловсрол эзэмшжээ.

Кэролайн Харвардыг төгсөж, ээж шигээ урлаг сонирхон гэрэл зурагчин ч болж амжжээ. Тэрбээр 1976 онд Инсбрукийн олимпын гэрэл зургийн сурвалжлагчийнх нь туслахаар ажилласан байна. Ээжээсээ ялгаатай нь тэрбээр морь л унаагүй гэдэг. Харин Жаклин Кеннеди залуудаа ээжийнхээ хичээллэдэг спортоор хичээллэж, мэргэжлийн морь унаач болж байжээ. Кэролайн Кеннеди аавынхаа улс төрийн ажлыг үргэлжлүүлэн 2008 онд Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцжээ. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 2013 оны зун Кэролайн Кеннедиг Японд суух бүрэн эрхт Элчин сайдаар томилсон байна. Бүсгүй Кеннедигийн гэр бүлийнхний уламжлалаар Ардчилсан намыг дэмждэг юм.

Кэролайн Кеннеди, Эдвин Шлоссберг нарын том охин Роуз Шлоссберг нь Кеннедигийн гэр бүлийнхний нэгэн адил Харвардыг төгсөж, зураглаачаар ажиллаж байна. Түүний дүү Татьяна Шлоссберг Йелийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөн ажиллаж байна. Эрэгтэй дүү Жон Шлоссберг нь ч мөн Йелийн их сургуулийг төгсжээ. Залуу Японы түүх соёлыг судлахын сацуу нийгмийн асуудалд санаа тавьж, буяны үйлст хүчин зүтгэдэг аж.

Гурав дахь гэрлэлт

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд л жаргал амссан Жаклин Кеннеди насан эцэслэтлээ гурав дахь нөхөр Морис Темплмантайгаа хамт амьдарчээ. 1950-иад онд танилцаж дотноссон тэднийг эхлээд нөхөрлөл холбож байсан бол удалгүй хамтдаа амьдрах болжээ. Морис тухайн үед өмнөх эхнэрээсээ албан ёсоор салаагүй, гурван том хүүхэдтэй байсан нь хүмүүс Жаклин руу чичлэх нэг шалтгаан болж байсан ч тэдний хайр дурлал юунд ч бүдрээгүй гэдэг. Морис Темплман Жаклины нөхөр төдийгүй түүний санхүүгийн үнэнч туслах нь байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.160.94) 2023 оны 07 сарын 05

Saihan tuuh unshlaa bayarlalaa. Thanks

0  |  0
Top