Шуумагны бөөс толгойд гарчихлаа. Монголчууд эртнээс нэг талаар ах захаа алдаж, зарчимгүй авирлагчдыг ийнхүү ёгтолж, шоолдог байв. Үүний адил МАН сүүлийн үед социалист, коммунист үзэл санаа руугаа буцаад хэлбийснээс болоод шударга иргэддээ ингэж жинхэнэ шоглуулж эхлэв бололтой. МАН нь МАХН нэртэй байхдаа “хувьсгалт”-аас нь жийрхэн өөр нэртэй болохыг хүссэн. Их хурлаараа хэсэг нөхөд нь зүтгүүлсээр байгаад МАХН гэсэн нэрээ хаяад МАН болгож амжсан юм. Харин Н.Энхбаяр “Хувьсгалт”-аар амилж улс төр рүү дахиад хөл тавихдаа МАХН гэсэн гологдмол нэрийг нь авч намаа байгуулсан. Гэвч саяхан МАН-ынхан нь гомдол гарган Дээд шүүх рүү заргын бичгээ бариад харайж очжээ. Ухаандаа Дээд шүүхийг тэд хуучин социализмийн үед дарамталж, өөрсдийн зараалын морь болгож байсан шигээ ашиглах гэж оролдож байна. Аливаа нэр нь хүн төрөлхтөнд ердөө хоёрхон янзаар олддог бөгөөд баталгааждаг. Нэгд нь, улс орон, үндэстний нэр бол хууль энээ тэрээ гэлгүйгээр өвлөгдөөд явдаг. Хоёрдахь нь гэвэл ямар нэг аж ахуй, олон нийтийн, намын байгууллага харин хуулиар баталгаажсан нэртэй байдаг. Дээд шүүх МАХН-ыг бүртгэхдээ МАН-д нь МАХН гэсэн давхар нэр, өөрөө хэлбэл хоёрдахь нэр ч юм уу, ямар нэг зүйл алга байна гэж үзжээ. Үнэхээр МАН гэсэн нэг л нэртэй нам юм байна. Өөрөөр хэлбэл МАХН гэсэн нэр нь МАН-д огт падлийгүй ажээ. Гэтэл МАН-ынхан Дээд шүүх рүү дайран “Та нар хуйвалдлаа” ухааны юм ярьж байгаа аж. Дээд шүүх бол нам биш. Нам бол хүмүүсийн хуйвалдааны л талбар. Үүнийг бид одоо ханатлаа харж байгаа. МАН өөрийн хамаг булай үйлдэл хийдэгтэйгээ Дээд шүүхийг адилтгах санаатай байх шиг байна. Увайгүйтлийн туйлд хүрнэ гэгч энэ болов уу. Шүүхийн хараат бус байдалд хэн ч халдах эрхгүй. Нам бол бүр ч санасны гарз баймаар. Гэвч увайгүйтэл нь тэдэнд хуучин социализмын хар лантуу атгуулан Дээд шүүх рүү илгээж байх юм. Арай дэндэнэ ээ. Тэгж яривал МАН-ыг татан буулгах тухай ярих цаг нь болж. 2008 оны сонгуулиар иргэн бүрд амласан 1,5 сая төгрөгөө өгч чадсангүй. Дээр нь таван хүнийг буудаж хороосон. Сүүлдээ Удирдах зөвлөл нь УИХ-ыг буюу Монголын төрийг удирддаг боллоо.
Социализм задарч Европын орнууд чөлөөт зах зээл рүү шилжихэд улс болгоных нь эрх баригч намууд бүгд татан буугдсан түүхтэй. Хойд хөрш Орост ч бас ялгааүй. Коммунист нам нь тарсан. Харин сүүлд нь хэсэг хүмүүс нэгдэн Коммунист намыг цоо шинээр байгуулсан юм. Харамсалтай нь МАХН буюу МАН монголчуудтай 90 жилийн турш зууралдаж байна. Ардчилсан хувьсгалаар энэ намыг тараах тухай яригдаж л байлаа. Гайхалтай нь хуучин коммунист үзэлтнүүд зүсээ хувиргаад авч үлдсэн юм. Тэгвэл өнөөдөр монголчуудад ёстой гай болж байна. МАН-ын байр хэний хөрөнгө байлаа даа. Социализмын үед Оросын хөрөнгөөр босч, их өр тэглэх явцад уг байрны мөнгийг хамтад нь шийдчихсэн. Өөрөөр хэлбэл манай ард түмний өмч гэсэн үг. Шатсан суурин дээр нь барьж байгаа 20-иод давхар барилга ч хэний хөрөнгөөр хийгдэж байгаа вэ. Бас л ард түмний хөрөнгөөр. Гэхдээ хэн, хаанаас хэдэн төгрөг оруулсан нь нууц хэвээрээ байна. Бүр төрийн нууцаас илүү чанд нууцлагдаж байгаа гээд та бод л доо. Нэг удаа коммунист угшилтай Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь “Намын байр маань нийтдээ 17 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа. Үүний 50 хувийг нь банкны зээлээр шийдсэн” гэж байв. Нам банкнаас зээл авч болдог л юм байна. Ингэхдээ хэний, ямар өмч хөрөнгийг барьцаалан тийм их хэмжээний мөнгө зээлдсэн байж таарах вэ. Угаасаа энэ намын үндсэн хөрөнгө ийм лут том байсан юм уу. Эндээс дахиад ёс зүйн болоод эрх зүйн асуудал босоод ирж байна.
Ер нь жудаггүй, хууль бусаар ажилладаг, төрийн толгой дээр гишгэдэг ийм улс төрийн намыг даруйхан татан буулгах талаар зарим судлаачид санал тавьж буйг дэмжихээс аргагүй юм. МАН-ыг бусад намуудтай нь хамт бүгдийг татан буулгаж, өмч хөрөнгийг нь шинэ журмаар бүртгэж, төрөөс луйвардаж авсан зүйлийг нь дуудлага худалдаагаар арилжаалж, цоо шинээр намуудын бүртгэлийг хийх хэрэгтэй болжээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал
Сэтгэгдэл ( 0 )