Маргаашнаас Туул голын түвшин 10-45 см нэмэгдэх төлөвтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 24

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна.

Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ орчимд үерийн түвшинг 5-45 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон гол /Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-20 см тус тус давсан хэвээр байна.

Хангай нуруунаас усжих Орхон гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Сөгнөгөр гол, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 20-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу долоодугаар сарын 25-нд Туул гол Алтанбулаг сум, Бэлтэс гол Баянзүрх сум орчмоор 10-45 см нэмэгдэх төлөвтэй байна. Мөн нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай бороо орно.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top