Бурхан буудай уулыг ТӨРИЙН ТАХИЛГАТ хайрхан болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болголоо. 

Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам дээр танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
 

Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь:
 

  1. Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгох, 
     
  2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхныг тахих уул хайрхны хуваарьт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай_
     
  3. Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нутгийн иргэдэд уриалсугай

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Монгол Алтайн уулын хээрийн дэд мужид багтдаг мөнх цастай уул юм. Ноён оргил нь 3,765 метрийн өндөрт оршдог. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.85.151) 2023 оны 08 сарын 01

Тахилгагүй уулгүй боллоо

0  |  0
Top