Д.АМАРБАЯСГАЛАН: Говь-Алтай аймаг Засагт хан аймгийн гол цөм нь байсан

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэгвийн Амарбаясгалантай ярилцлаа.


-Та төрүүлж өсгөсөн аав ээж, төрөлх нутгийнхаа тухай сайхан дурсамжаасаа хуваалцаач!

 

-Миний бие Говь-Алтай аймгийн төрөх эмнэлэгт 1981 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Нэгдүгээр арван жилийн сургууль, тавдугаар сургууль, гуравдугаар найман жилийн сургууль төгсөж, 1998 онд Улаанбаатар хотод ирж Холбоо мэдээлэл технологийн сургуульд Цахилгаан холбооны инженер, Мэдээлэл хэмжлийн электроник инженер хос мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж ажлын байранд гарч байсан. Манай аав, ээж хоёулаа Говь-Алтайн уугуул хүмүүс. Аав маань хэдэн жилийн өмнө бурхан болсон, ах дүү их олуулаа олондоо нэртэй олонтой хүн байлаа. Манай аав Дүгэрийн Дашзэгвэ гэж Лодойхүү баатрыг даган шавилж Шарга, Халиун, Тайшир суманд хөдөө аж ахуйн чиглэлээр олон жил ажилласан хүн. Говь-Алтай аймгийн “Жаран жил хоршоолол”-ын зоотехникчээр ажиллах үедээ малын үүлдэр, угсааг сайжруулах, мах, сүүний чиглэлийн гарц сайтай үхрийн аж ахуй байгуулах чиглэлээр олон ажил ажилласан аав маань амьд сэрүүн ахуйдаа Норвегийн өндөр ашиг шимт үрээр мах, сүүний чиглэлийн “Норвегийн улаан” үхрийн цөм сүрэг бүрдүүлэх ажлыг гардан хийж нутгийн олныхоо талархлыг хүлээж явсан байдаг. Сэлэнгэ аймгаас оросын семинтиаль үүлдрийн сүүний чиглэлийн алаг үхэр, германы хар тарлан үхрийг Говь-Алтай аймагт анхлан аваачиж нутагшуулах ажлыг хийсэн. Мөн Тайшир сумын Хуримт баг, Шарга, Халиун сумдад малын өвс тэжээл, хүчит бэлтгэх ажлын арга туршлагаараа Говь-Алтайн нутгийн зон олонд танигдсан хүн. Ээж Ламжавын Норжингийн тухайд Говь-Алтай аймгийн Гуравдугаар сургууль буюу нутгийхны хэлдгээр “Бага сургууль”-д бага ангийн багшаас хичээлийн эрхлэгч, захирал хүртэл  боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан сурган хүмүүжүүлэгч, олон мянган шавьтай багш хүн байгаа. Ээж маань эхээс наймуулаа, одоо дал гаруй настай буянтай сайхан хүн бий.

-Та өөрөө эцэг эхээс хэдүүл билээ?

-Бид эцэг эхээс дөрвүүлээ. Би хоёр ах, нэг эгчтэй айлын отгон хүүхэд. Манай ах эгч нар хувийн салбарт бизнес эрхлээд явж байгаа. Хэвлэлийн “Соёмбо принтинг” ХХК-ийг 1999 онд анхлан байгуулсан цагаас хэвлэл, ном, бүтээлийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн.

-Та Засагт ханы хөх харчуудын нэг гэхээр бахархах сэтгэл төрнө биз?

-Бахархалгүй яах вэ. Говь-Алтайн ард түмэн бол Улаанбаатар буюу төвөөс нэлээд алслагдсан, байгалийн тогтцоороо өндөрлөг бүс нутагт оршин аж төрдөг. Тэр утгаараа байгалийн шалгууртай их тэмцэлдэн өрсөлддөг, маш их ажил хөдөлмөрч ард түмэн. Эрт дээр үеэсээ баруун Монгол, Засагт хан, Хантайшир уулын аймаг болон хөгжихдөө Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө улсынхаа баруун хилийн манаа болж ирснээрээ Засагт ханыхан, Говь-Алтайнхан эрс онцлогтой аж төрөлтэй ард түмэн. Аймгийн түүхэн товчоон гарах гээд сая харж байхад 1920-иод онд Монгол Улс маань Манжийн дарлалаас ангижрах үед баруун монголчууд, Засагт ханыхны үүрэг оролцоо их байсан юм билээ. 1920-ид оны сүүлч 1930-аад оны эхээр Шинжаан-Уйгар, Үрүмчи зэрэг олон газраас хилийн будлиан үүсгэх, дайн тулаан, эзлэн түрэмгийллийн аюул бий болгож байсан цаг үед Алтайчууд, Засагт хан аймгийнхны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг их өндөр байдаг юм билээ. Харийнхны дээрэм тонуулчдын эсрэг хилийн манаа нь болж, Монгол Улсын газар нутгийн гүн довтлоход хаалт бамбай болж байснаараа үнэхээр баатарлаг түүхтэй ард түмэн дээ. Монгол Улсын Засгийн газраас Засагт хан уулын аймгийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасан. Энэ бол Говь-Алтайчуудын хувьд ойгоо тэмдэглэх анхны шийдвэр болсон.

-Өмнөх тэгш түүхэн ойнууд Говь-Алтай аймагт хамаардаггүй байсан гэсэн үг үү?

-Хэмжээт эрхт Богд хаант Монгол Улсын үед буюу 1923 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор дөрвөн Уулын аймаг байгуулагдаж байсан. Тухайн шийдвэрээр аймгийг ямар нэрээр нэрлэх вэ гэсэн асуудал хөндөгдөж  Бурхан Буудай хайрхан, Хан Тайширын нуруу зэрэг уулсын нэрээр нэршил болгох саналыг Богд хаанд өргөн мэдүүлсэн байдаг. Тухайн үед Хантайшир уулын аймаг гэж нэрлэх шийдвэрийг гаргасан. Яагаад ийн нэрлэсэн гэхээр Говь-Алтай аймаг Засагт хан аймгийн хошуу байсан үеэсээ тус аймгийн гол цөм нь болж ирсэн байдаг. Засагт хан аймагт Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх сумдууд, Ховд, Увс аймгийн тав зургаан сум, Баянхонгор, Өмнөгөвь аймгийн гурваас таван сум харьяалагдаж, Говь-Алтай аймаг гол цөм нь байсан учраас Говь-Алтай аймгийн нутагт оршиж байсан хоёр их хайрханы нэрээр нэрлэснээрээ онцлог юм билээ. Энэ шийдвэр гарснаас найм есөн жилийн хойно Шинжаан-Уйгар, Үрэмчийн зүгээс хилийн будлиан, халдлага довтолгоо ихэссэн учраас газар нутгийн хувьд үлэмж том, хүн амын тархалт байршлын хувьд өргөн хүрээг хамаарч буйг харгалзан хоёр аймаг болгон хуваах шийдвэр гаргаж байж. Энэ шийдвэр бас арваад жилийн дараа цуцлагдан явж байгаад 1940 онд Говь-Алтай аймгийг байгуулах тогтоол гарсан. Ингэж шинэ аймаг болон салаад явчихсан учраас Хантайшир уулын аймгийнхаа ойг тэмдэглэх боломж нөхцөл хараахан бүрдэж байгаагүй гэсэн судлаач түүхчдийн дүгнэлт гарсан. Түүхэн үнэнийг хойч үедээ хүргэх зорилгоор Түүх, археологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академитай хамтран ажилласан нь үр дүнд хүрлээ.

-Говь-Алтай аймгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил дэвшлийн талаар та төрийн зүтгэлтэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улс 21 аймагтай. Энэ аймгуудаас 4-5 аймаг хөгжил дэвшлийн хувьд жаахан хоцрогдолтой явж байгаа. Тэр аймгуудад манай Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Дундговь, Говьсүмбэр гэсэн хүн ам цөөтэй, эдийн засаг хангалттай тэлж чадаагүйгээс хөгжлийн хувьд хоцрогдолтой болоод байгаа. Хүн ам цөөтэйгөөсөө болоод дэд бүтэц, үйлчилгээний салбарын хөгжил орхигдсон байдалтай. Сүүлийн жилүүдийн судалгаагаар аймгуудын өрсөлдөх чадварын хувьд Говь-Алтай аймаг 15-16 дугаар байрт байдаг, засаглал, төр захиргааны хувьд мөн л адил зэрэгт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд суралцах чадвараараа ч ийм л байрт явж байна. Хүн амын эрүүл мэндийн хувьд элэг, бөөр, ходоодны өвчлөлөөр улсын хэмжээнд тэргүүлэх хандлагатай байгаа зэргээс харахад аймаг орон нутгийн хөгжлийн даруйхан дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид улам уналтад орно. Өнөөдөр орон нутагт хүн амьдарч аж төрөхөд хүндхэн асуудлууд байнаа гэдэг нь ажиглагдаж байгаа. Засаг төрийн зүгээс сүүлийн арваад жилийн хугацаанд тогтвортой хөгжих чиглэлийг дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг бусад аймгуудаас илүү давуу олгох чиглэлийг баримталж байна.

-Тухайлбал, Засгийн газраас ямар чиглэлд голлон анхаарч ажиллаж байгаа бол?

-Хүн амын эрүүл мэндийг сайжруулах, элэг-ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас бодлого хэрэгжүүлж, 2016-2023 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр цэвэр усны шугам татах ажлыг амжилттай зохион байгуулан ашиглалтад оруулж чадлаа. Аймгийн төвд хүн ард төвлөрөн ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас анхааран ажиллаж байна. Говь-Алтай аймаг дэд бүтцийн хувьд ганцаараа шахуу засмал замаар холбогдоогүй байсныг У.Хүрэлсүх даргыг Ерөнхий сайд байх үед Дэд бүтцийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн санаачилгаар хийж гүйцэтгэсэн. Засгийн газраас зам тавих ажлыг авч үзээгүй биш хэлэлцэж баталсан ч концепцийн гэрээгээр авсан компани нь долоон жилийн хугацаанд хөрөнгө мөнгөө босгож чадалгүй Говь-Алтайчуудыг хохироосон байдаг. Иймд Засгийн газраас шуурхай шийдвэр гаргаж концепцийн гэрээгээ зөрчсөн компанийн гэрээг цуцлан дараагийн компанитай гэрээ байгуулснаар авто замыг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжсэн. Худалдан авах хэрэглээ, амьдрах чадварын түвшин доогуур мөртлөө дулааны хэрэглээ хамгийн өндөр өртөгтэй гэдгээрээ энэ аймгийн иргэдийн амьдрах орчин таатайд ордоггүй байсан. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны цахилгаан станц 2024 онд ашиглалтад орно. Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор аймгийн төв Есөнбулаг суманд дэд бүтэц хөгжиж, барилга орон сууц сүндэрлэн, үйлдвэрлэл хөгжих төлөв анзаарагдаж байна. Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хөнгөлөлттэй зээлээр 10мгвт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтад өгч байна. Нүүрсний эрчим хүчээр ажиллах 100мгвт-ын цахилгаан станцыг барьж байгуулах судалгааны ажил ид хийгдэж байна. Хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдчихвэл Говь-Алтай аймаг баруун бүсийн эрчим хүчний гол төв болох юм.

-Говь-Алтай аймгийн маань хөгжлийн төлөв ч сайхнаар л төсөөлөгдөж байна шүү...

-Уул уурхайн чиглэлд бусад аймгуудыг бодвол ганц нэг том төсөл хөдлөх төлөвт явж байна. Тэгэхдээ экспортын бараа бүтээгдэхүүнээ хил гаалиар тогтмол гаргадаг байх, тэр гарч байгаа бараа бүтээгдэхүүнээс нутгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулдаг байхыг төр засгийн зүгээс тодорхой чиглэл гарган ажиллаж байна. Тухайлбал, “Хан-Алтай” төсөл Бигэр суманд хэрэгжиж байгаа. “Алтайн хүдэр” төсөл Цээл суманд хэрэгжлээ. Эдгээр төслүүд хариуцлагатай уурхайг хэрэгжүүлэх зайлшгүй үүрэгтэй. Алтай нутгаас олборлосон байгалийн баялаг орон нутгийн хөгжлийг хурдасгаж, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэн, ажлын байруудыг бий болгох ёстой гэсэн Засгийн газрын чиглэлийн дагуу төслүүд хэрэгжиж байгаа.

-Хилийн боомтын үйл ажиллагааг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа бол?

-Говь-Алтай аймагт БНХАУ-тай хиллэдэг сумдад хилийн боомтуудыг өргөтгөх, байнгын ажиллагаатай болгох, бараа материал солилцдог томоохон боомт болгон хөгжүүлэх чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагын зүгээс ч тэр, УИХ-ын гишүүдийн зүгээс ч тэр санаачилга гарган Засгийн газрын хэмжээнд судалгааны ажил хийгдэж байна. Эхний ажил бол Бургастайн боомтын өргөтгөл, авто замаар холбох ажлыг тогтмолжуулж, цаашид дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн гаргах биш, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт-импортыг зохицуулдаг болох зайлшгүй шаардлага бий. Мөн Наран-Сэвстэйн боомтыг ашиглалтад оруулах талаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ, БНХАУ-тай харилцан санал солилцож ажиллаж байна. Энэ Наран-Сэвстэйн боомт 1992 онд нээгдээд ажиллаж Дэлхийн байгаль хамгаалах байгууллагаас мазаалайн өлгий нутаг учраас боомт ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан шалтгаанаар хаагдсан байдаг. Тиймээс Дэлхийн байгалв хамгаалах байгууллагатай зөвшилцөх, мазаалайн нутгийг тодорхойлж, зам дагуухь бүс нутгийг хөгжүүлж, хилийн боомт нээхэд ямар нэгэн саад тотгор учрахгүй байх тал дээр ямар боломж байна вэ гэдгийг Засгийн газраас судлан ажиллаж байгаа.

-Та нутагтаа хэр ойрхон хугацаанд очдог вэ. Нутгаа санадаг уу?

-Би 1998 онд Говь-Алтай нутгаасаа сургууль соёлын мөр хөөж гарсан. Хэдийгээр би залуу хүн боловч нутагтаа жил бүр очихыг хүсдэг, очдог. 1981 онд төрсөн хүүхдүүдийн  хувьд нэг онцлогтой. Манай төгсөлтийнхөн маш олуулаа, 500 гаруй хүүхэд бий. Миний хувьд гэхэд 3-5 дугаар ангид үсэрч дэвшиж орсон. Бид төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор 2018 онд “Төрөлх Алтай” ТББ-ыг байгуулсан. Бидний үеийнхэн дөч гараад нас тогтлоо. Тиймээс өөр өөрсдийн боломж бололцооны хэрээр нутаг орноо хөгжүүлэхэд тус нэмэр болъё гэсэн зорилго тавьсан. Манай төрийн бус байгууллага эхний ээлжинд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар өргөн хүрээний ажлыг Говь-Алтай аймагтаа хоёр удаа зохион байгууллаа. Таван жилийн хугацаанд нутгаараа нэлээд явлаа. Нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын эмнэлгүүдийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй мөн хоёр удаа нутгаараа бүрэн тойрч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ. БНСУ-ын их сургуулийн эмч нартай ахмадуудын харааны чиглэлээр хамтран ажиллаж, нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үнэгүй харааны шил хийлгэж өгөх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгууллаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эрүүл мэндийн дуудлагын автомашинуудаар хангах, ковидын үед тест зэргээр хангасан гээд олон ажлыг манай ТББ-аас санаачлан хэрэгжүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын дүнг сайжруулах, суралцах идэвх санаачилгыг дээшлүүлэх талаар ч бид олон зүйлийг санаачлан хэрэгжүүлсэн.

-“Засагт ханы хөх харчууд хэцүү дээ” гэсэн хэлц үг байдаг. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Монголын ард түмний дунд тийм хэлц үг байдаг шүү. Үүнийг сайнаар ч ойлгож болох, саараар ч ойлгож болох талтай. Ялангуяа Засагт ханы үндсэн гал голомт Говь-Алтай, Завханчуудыг ингэж хэлээд байх шиг байгаа юм. Би Говь-Алтайд төрж өссөн, уугуул нутгаасаа ажил амьдралын гараагаа эхэлсэн хүний хувьд ажиглаж, анзаарч байхад манай Говь-Алтайнхан аль ч салбарт ажиллаж сурч байсан ялгаагүй хэтэрхий их бие даасан, эрс хурц шийдэмгий шийдвэртэй алхмуудыг хийж чаддаг онцлогтой хүмүүс юм бол уу гэж би дүгнэдэг. Нэг сул тал нь спорт, бизнес, улстөр юу ч бай багаар хамтрах тал дээр бие даагаад ажиллаад сурчихсан болохоор тааруухан байдаг юм бол уу. Говь-Алтайнхан маш их хөдөлмөрч хүмүүс дээ.

Ярилцсан: Г.ЗОЛБАЯР

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХРОХРОХ(103.111.68.3) 2023 оны 08 сарын 03

ЧИ ӨНГӨН ДЭЭРЭЭ ИЙМ ШУДАРГА ЦАРАЙЛДАГ Ч ҮНЭН ХЭРЭГТЭЭ АВИЛГАЛЫН БУУМ ЦӨМ НЬ ЧИ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Zochin(68.146.199.167) 2023 оны 08 сарын 02

Zasagt Xan aimgiin tsum n Govi Altai yax argagui mun l duu.

0  |  0
В(59.153.113.29) 2023 оны 08 сарын 02

Төв нь байсан ч гэх шиг

0  |  0
зочин(66.181.182.228) 2023 оны 08 сарын 02

ГУЯ-АЛЦАЙ аймгийн 100 жил гэдэг бол албан бус юм шүү. Зүгээр л Амарбаясгалангийн ирэх жилийн сонгуулийн шоу.

0  |  0
Top