Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс дахин хөнөөнө гэж гэмт хэргийн “Лобос” бүлэглэл мэдэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Эквадор Улсын Ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 20-нд болох юм. Тус сонгуульд найман хүн нэр дэвшсэний нэг болох 59 настай Фернандо Вильявисенсиог буудан хөнөөсөн хэрэг гарч, улс даяар гурав хоногийн гашуудал зарлалаа.

Фернандо Вильявисенсио нь Эквадор Улс дахь хар тамхины наймаа, гэмт бүлэглэлүүдийн эсрэг хүчтэй тэмцэгч байжээ. Түүнийг Кито хотод сонгуулийн кампанит ажлаа хийж явахад нь буудан хөнөөсөн байна.

Болсон явдлын дараагаар Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо телевизийн шууд эфирээр ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр сонгуулийн санал авах байруудыг цэргүүд хамгаалж, аюулгүй орчинг бүрдүүлнэ гэж амлаад “Бид эх оронч, цогтой тэмцэгч нэгнийгээ алдлаа. Гэвч үүнээс болж бид сонгуулиа хойшлуулж болохгүй. Хэрвээ тэр үг хэлэх боломжтой байсан бол ардчилсан сонгуулиа хугацаанд нь явуулаарай гэх болов уу. Тиймээс бид ардчиллыг бэхжүүлэхийн тулд сонгуулиа явуулах ёстой.

Ардчиллыг үгүй хийхийг хүсэгчдэд хандан хэлэхэд, бид гэмт бүлэглэлд төрийн эрхийг өгөхгүй. Улс төрийн байгууллага мэт баг зүүсэн ч гэлээ та нарт боломж олгохгүй” гэжээ.

Фернандо Вильявисенсиог буудан хөнөөсөн этгээд цагдаа нарт буудуулан шархаа даалгүй нас баржээ. Болсон явдлыг нүдээр харсан хүмүүс эхэндээ буудалцаан биш салют буудаж байна гэж бодсон гэдгээ хэлжээ.

Фернандо Вильявисенсиогийн авга ах Валенсиа мэдэгдэл хийхдээ “Аймшгийн кинон дээр гардаг шиг л явдал боллоо. Хайртай дүү минь амь үрэгдлээ. Энэ улсад юу болоод байгааг ч ойлгохгүй байна. Ардчиллыг алчихлаа. Бид ямар ч хамгаалалтгүй, маш аюултай орчинд амьдарч буйгаа харлаа. Ардчиллын төлөө 20 жил зүтгэсэн, энэ сонгуульд ялах өндөр магадлалтай нэр дэвшигчийн амийг хөнөөж, амыг нь таглалаа. Ингэж сонгуульд ялдаг хэрэг үү?” хэмээн өгүүлжээ.

Хойд Америкийн жижигхэн нутаг дэвсгэртэй Эквадор улсад сүүлийн хоёр жилд хүн амины хэрэг хоёр дахин нэмэгдсэн юм. Зохион байгуулалттай гэмт хэргийн тоо эрс өссөн ч хуулийн дагуу хатуу шийтгэл ногдуулна гэж төр засгаас нь мэдэгдсээр байгаа аж.

Болсон явдлыг нүдээр харсан нэгэн нэрээ нууцлахыг хүсээд ярилцлага өгөхдөө “Нэр дэвшигчийг бие хамгаалагчидтайгаа, ойрын холбоотнуудтайгаа хамт байхад нь ийм амархан хөнөөж байгаа юм бол хэнийг ч, хэдийд ч алга урвуулахын дайтай алж хядаж болох юм байна гэдгийг харлаа. Бидний амьдрал үнэндээ юу ч биш болсныг ойлголоо” гэжээ.

Фернандо Вильявисенсио Эквадорыг барилгажуулах хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бөгөөд өмнө нь улсын өмчийн нефтийн компанийн Удирдах зөвлөлд ажиллаж байгаад хожим сэтгүүлчээр ажиллаж байжээ. Амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө амийг нь хөнөөх тухай сүрдүүлэг шоронгоос ирж буй тухай ярьсан гэнэ. Тухайлбал, шоронд хоригдож буй гэмт бүлэглэлийн толгойлогч Чонерос, Алиаса Фито нар үг хэлэхдээ өөрсдийнх нь нэрийг дурдахгүй байхыг сануулж, сүрдүүлж байжээ.

Сүүлийн мэдээгээр “Лобос” гэмт хэргийн бүлэглэл Фернандо Вильявисенсиог хөнөөсөн гэдгээ зарлаад нэр дэвшигчдээс дахин хөнөөнө гэдгээ мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top