Гаити улсад энгийн иргэдийн амийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг гаарч, хамгаалах цагдаа ч үгүй, төр ч үгүй болжээ. Одоо энэ улсын иргэд Олон улсын Энхийг сахиулах хүчин л ирж, эмх журмыг эргүүлэн тогтооно гэж найдаж байгаа гэнэ.
2021 оны долоодугаар сарын 7-нд бүлэг этгээд Ерөнхийлөгч Жовенель Моизийн албан байранд нэвтэрч, амийг нь хөнөөснөөс хойш тус улсын тогтвортой байдал бүрэн алдагдаж, G9 болон G-Pep хэмээх хоёр гэмт хэргийн бүлэглэлийн хэдэн сарын турш үргэлжилсэн дайнд жирийн иргэд хохирч, амиа алдах болжээ.
Human Rights Watch (HRW) байгууллагын гаргасан тайлангаас үзвэл сүүлийн сард л гэхэд гэмт бүлэглэлийнхэн 67 хүний амийг хөнөөсний 11 нь хүүхэд, 12 нь эмэгтэй хүн байжээ. Мөн 20 гаруй эмэгтэйг хүчиндсэн тухай тайланд тэмдэглэжээ. “Энэ их айдас, өлсгөлөн, ямар ч аврагдах боломжгүй мэт болсон хэрцгийллийг зогсоохын тулд яаралтай олон улсын туслалцаа авах хэрэгтэй” хэмээн HRW-гийн судлаач Натали Котрино ярьсан байна.
4.9 сая хүн амтай Гаити улсад хүчирхийлэл гаарсан дээр өлсгөлөнд нэрвэгдэж мөн холер өвчний халдвар тархжээ. НҮБ-аас гаргасан мэдээгээр бол 2023 оны эхний хагаст гэмт бүлэглэлийнхэн 2000 гаруй хүний амийг хөнөөж, мөн 1000 гаруй хүнийг хүчээр эрхэндээ байлгаж буй ажээ. HRW-ийн мэдээлснээр эх оронд нь аллага, хүчирхийлэл гаарсан ч төр засаг, цагдаа хүчний байгууллагынхан ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж чадахгүй болжээ. Учир нь төр засаг болон цагдаагийнхан нь гэмт бүлэглэлүүдтэй холбоотой гэнэ.
“Ирсэн мэдээлэл дээрээ үндэслэн мэдэгдэхэд 2023 оны эхнээс хүн амины болон хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрдөн шалгасан юмуу шийтгэн, ял ногдуулсан тохиолдол огт байхгүй” гэж HRW тайландаа тэмдэглэсэн байна. “Тэд буу зэвсэгтэй, харин биднийг хамгаалах хэн ч байхгүй болохоор биднийг хүчиндэж, бүгдийг хяналтандаа байлгах болсон” хэмээн Порт-о-Пренсийн ядуучуудын хороололд амьдардаг нэгэн бүсгүй ярьжээ.
Хоорондоо дайтаж буй хоёр гэмт бүлэглэлийнхэн зургаадугаар сарын сүүлчээр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч гэлээ жирийн иргэдийг доромжлох, дээрэлхэх байдал гаргасаар байгаа ажээ. Цагдаа нар хамгаалж чадахгүй болсон энэ цаг үед иргэд өөрөө өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон байна. Хэрэг явдал ийм хэмжээнд хүрээд байгаа тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тус улсад Олон улсын Энхийг сахиулах хүчнийг оруулж магадгүй болжээ.
Ерөнхийлөгч Жовенель Моизийг хөнөөснөөс хойш төр засгийг түр хугацаанд удирдаж буй Ариэль Анри 2022 оны аравдугаар сараас эхлэн улс орондоо эмх журам тогтоож өгөхийг НҮБ-аас хүсчээ. Төр засагт нь Ерөнхийлөгчид нэр дэвших улстөрч ч байхгүй байгаа учир сонгууль ч явуулж чадалгүй өдийг хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Харууд чадах зүйл нь энэ!!!хөгжихгүй,боолын сэтгэхүйтэй амьтад!!!
Хүнийг хэлэх яах вэ авилгадаа живсэн бид өөрсдийгөө яая гэж байна.
Америкийг дагаад Гаити сүйрч байна оо хөөрхий