Германы Гадаад хэргийн сайд хуучирсан онгоцноос болж уулзалтдаа очиж чадсангүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 16

Германы Гадаад Хэргийн сайд Анналена Бербок  ууртай байгаа талаараа  жиргэжээ. Австрали, Шинэ Зеланд, Фижигийн төр засгийн удирдлагатай Дэлхийн хэт халалтын аюулгүй байдлын талаар хийх уулзалт нь хуучин онгоцны асуудлаас шалтгаалан цуцлагдсан тул бухимдаж буйгаа илэрхийлж, “Уурлахад ч багадна” хэмээн мэдэгджээ.

Бербок Берлинээс өнгөрсөн ням гаригт Airbus A340 онгоцоор хөөрөөд, замдаа Абу-Дабид түлшээ сэлбэсэн юм байна. Ингээд цааш Австрали руу ниссэн ч онгоцны буух механик тохиргоод гэмтэл гарснаар буцаад Абу-Даби руу чиглэжээ. Дахиад гэмтлээ засчихаад, түлшээ дүүргээд нистэл дахиад техникийн асуудал гарсан тул эргэн буухад хүрчээ. Хоёр удаа Абу-Дабид эргэж буухдаа хоёуланд нь дүүргэсэн түлшээ агаарт асгахаас өөр аргагүйд хүтсэн нь сайд эмэгтэйн эгдүүцлийг гойд төрүүлжээ. Анналена Бербок өөрөө Германы Ногоон намын төлөөлөл учир агаарт түлш асгасанд их эгдүүцсэн гэнэ.

“Бид байж болох бүхий л аргыг хэрэглэсэн ч гэлээ ложистикийн үүднээс миний Номхон Далайн бүсэд хийх айлчлалыг үргэлжлүүлэх боломжгүй байлаа. Уурлахад ч багадна” хэмээн Бербок жиргэжээ.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Гадаад хэргийн сайдтай тохиолдсон энэ явдлыг төр засгийн гутамшиг, улс орны нэр сүрийг унагаасан явдал хэмээн үзэж байгаа аж. Тиймээс Анналена Бербокийг бусдын адил жирийн нислэгээр нис, агаарт олон кг түлш асгалаа гэх мэтээр шүүмжилж, хэвлэлээр агнаж эхэлжээ.

Өмнө нь ч Германы төр засгийн төлөөлөгчдийн онгоц таагүй явдлуудтай тулгарсан юм. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд онгоцны дугуй нь гэмтсэний улмаас Персийн буланд хийж буй айлчлалаа Анналена Бербок нэг хоногоор сунгахад хүрсэн удаатай.

Энэ удаагийн уулзалтаараа Анналена Бербок Австрали, Шинэ Зеланд, Фижигийн төр засгийн төлөөлөгчидтэй Дэлхийн хэт халалтын аюулгүй байдлын сэдвээр ярилцах байснаас гадна Канберрагийн музейд зочилж, Сидней хотноо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг үзэхээр товлосон байжээ.

Ийнхүү Гадаад хэргийн сайдыгаа хоёр ч удаа хөөдсөн Airbus A340 онгоцыг ашиглалтаас гаргасан байна. Үүнээс өмнө Германы зүүний намын төлөөлөгч Гезина Летч “Төр засаг агаарын зорчигч тээврийн хэрэгслүүддээ өөрчлөлт хийх шаардлагатай. Та нар усыг чандмань эрдэнэ гэж тунхаглачихаад дарс уугаад байж болохгүйтэй адил юм. Ийм үнэтэй хэрнээ найдваргүй бас байгаль экологид хортой агаарын тээвэртэй байх нь улсын төсөв болоод байгаль эхийн хувьд ч байж болшгүй зүйл” гэж мэдэгдэж байсан ажээ.

Airbus A340 нь 2018 оны арваннэгдүгээр сард Их 20-ын уулзалтад оролцох канцлер Ангела Меркель, Сангийн сайд Олаф Шольц /одоогийн канцлер/ нарыг Буэнос-Айрес хүргэхдээ мөн ослын буулт хийж байсан удаатай гэнэ.

Харин агаарт түлш асгасан талаар Германы Агаарын тээврийн агентлаг мэдэгдэл хийхдээ хэт хол зайд харьцангуй өндөрт нисч буй онгоц түлшээ агаарт асгах нь хор хохирол багатай гэжээ. “1800 метрээс доошгүй өндөрт нисч буй онгоц түлшээ асгахад асгасан түлш дуслууд болон бутарч, ихэнх хэсэг нь агаарт ууршдаг” хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.56) 2023 оны 08 сарын 22

Онгоц осол ихтэй унаа!!!

0  |  0
Zochin(202.126.89.177) 2023 оны 08 сарын 17

Үнэн тачаангуй хүүхэн

0  |  0
zochin(185.183.147.88) 2023 оны 08 сарын 16

unen t1 huuhen...

0  |  0
Top